МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн IX хурлыг өчигдөр яаралтай зарлан хуралдуулж УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Тус хурлаар эдийн засгийн хямрал, нийгэм, цаг үеийн болон иргэд хөдөлмөрчдийн амьжиргааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид гарч болох хүндрэл бэрхшээлийг тал бүрээс нь авч хэлэлцсэн байна. Шаардлагад,
1.Олон Улсын Валютын Сангийн зөвлөмжийн дагуу 2017 оны улсын төсөвт тодотгол хийж Нийгмийн даатгалын сан, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа дундаж болон дунджаас доош орлоготой иргэдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх.
2.Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг оновчтой болгохын тулд төрийн захиргааны бүх шатны байгууллагын болон төсөвт байгууллагуудын зайлшгүй бус удирдлагын орон тоо, зардлыг нэн тэргүүнд хянан үзэх арга хэмжээ авах.
3.Иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангахын тулд зохистой ажлын байрыг олноор бий болгох, хамгаалахад чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, оновочтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх.
4.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг хариуцлагаа баталгаажуулж, Нийгмийн хамгааллын өмнө хүрсэн түвшинг дордуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
5.“Өргөтгөсөн эдийн засгийн хөтөлбөр” хэрэгжүүлэх үед гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, төрийн захиргааны болон төсвийн бүх шатны байгууллага, албан тушаалтны хууль биелүүлж хэрэгжүүлэх үүрэг хариуцлагад тавих хяналтыг эрс чангатгах.
Дээр дурдагдсан шаардлагын хүрээнд гурван талын зөвлөлдөх уулзалтыг гуравдугаар сарын 10-ны дотор хийх саналтай байна.