БСШУС-ны сайд Ж.Батсуурь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын мэдэлд очоод байсан ШУА-ын Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн байрыг эрдэмтдийн мэдэлд үлдээх тал дээр хамтран ажиллах хэрэгтэй байна гэж өнөөдөр ШУА-ын Үйлдвэрчний эвлэлүүдэд хандаж хэлжээ. 1964 онд байгуулагдсан ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар тус дүүргийн Прокурорын газарт балансаар шилжүүлээд байсан юм. Эрдэмтэд энэ шийдвэрийг эсэргүүцэн хэд хэдэн удаа жагсаал зохион байгуулсан бөгөөд энэ сард 2000 эрдэмтэн оролцсон “Үлэг гүрвэлийн цурхираан” нэртэй жагсаалыг зохион байгуулна гэж мэдэгдэн БСШУС-ын сайдад шаардах бичиг хүрүүлсэн (2017.02.23) байв. Салбарын сайдын Үйлдвэрчний эвлэлүүдэд хандсан мэдэгдлийг бүрэн эхээр хүргэе.
ХАРИУ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороонд
Шинжлэх ухааны академийн харъяа Палеонтологи, Геологийн хүрээлэн нь шинжлэх ухааны 2 том чиглэл болох палеонтологи, геологийн салбарт судалгаа боловсруулалтын ажлыг эрхлэн явуулж, мэргэжлийн өндөр чадвартай боловсон хүчинг бэлтгэх ажлыг гүйцэтгэдэг манай улсын тэргүүлэх хүрээлэнгүүдийн нэг. Уг хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгааны ажлын цар хүрээтэй уялдуулан эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлж, чадваржуулах бодит шаардлага байсаар байна. Гэсэн хэдий ч Палеонтологи, Геологийн хүрээлэн улс эх орны санхүү, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, цөөн орон тоотойгоор өөрсдийн судалгааны ажлын цар хүрээ, чанар, үр дүнг алдагдуулахгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа билээ.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах Шинжлэх ухааны академийн 8-р байр буюу Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн байранд тус хүрээлэнгийн Геологийн салбар бүхэлдээ, мөн Палеонтологийн салбарын “Урьд кембр-палеозойн судалгааны хэсэг, мезо-кайнозойн нуур усны амьтан ургамлын хэсгийн судлаачид нийт 48 хүн ажилладаг. Тус хүрээлэнгийн региональ геологи ба тектоникийн лаборатори, магматизм ба металлогений лаборатори, шлиф хийх, дээж бутлах цехийн геологийн судалгааны багаж төхөөрөмжийг энэ байранд байрлуулсан байдаг. Мөн Монгол улсын эртний ургамлын сан, сээр нуруугүй амьтдын, геологийн суурь судалгааны, боловсруулагдаагүй чулуун дээжний сан хөмрөг /фонд/, агуулах зэрэг судалгааны анхдагч болон эталон материал тус байранд хадгалагддаг байдаг болно.
Гэвч өмнөх Засгийн газар 2016 оны 5-р сарын 23-ны өдөр 270 дугаар тогтоолыг тус хүрээлэнгийн харьяалах байгууллага болох Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /тухайн үеийн/, Шинжлэх ухааны академиас ямар нэгэн санал авалгүйгээр батлан гаргасан байна. Тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь Шинжлэх ухааны академи, Палеонтологи, Геологийн хүрээлэн, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны төлөөлөгчидтэй уулзаж зөвшилцөж хамтран ажилласны үр дүнд уг тогтоолыг эргүүлэн татах шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар гаргасан болно.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 11 сарын 23-ны өдрийн “Засгийн газрын 2016 оны 270 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх тухай” албан бичиг гарсантай холбогдуулан тус яамнаас мөн арга хэмжээ авч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнд 2016 оны 2/4505 тоот албан бичиг хүргүүлсэн байдаг. Уг бичигт Шинжлэх ухааны академийн харьяа Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-63-т байрлах барилга байгууламжийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт балансаас балансад шилжүүлэх асуудлыг түр хойшлуулах, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам тус барилга байрлаж буй газарт судалгааны лаборатори, албан конторын зориулалт бүхий 17 давхар барилгыг шинээр барьж байгуулах ажлыг гүйцэтгэх, Шинээр ашиглалтад орох тус барилгад Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд, тэр дундаа Палеонтологи, Геологийн хүрээлэн болон Баянзүрх дүүргийн прокурорын газар байрлан, үйл ажиллагаагаа явуулах боломжтой талаар дурдсан.
Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/24 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-63-т байрлах барилга байгууламжийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүлээлгэн өгөх ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсэгт БСШУСЯамнаас ШУТБГазрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ган-Эрдэнэ, ИӨТХэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Одгэрэл нар оролцож, эсрэг байр суурь илэрхийлсэн хэдий ч ажлын хэсгийн олонхийн шийдвэрээр тус байрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэхээр болсон байна.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-63-т байрлах барилга байгууламжийг Шинжлэх ухааны академийн харьяа Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн үндсэн хөрөнгөд хэвээр хадгалан үлдээх талаар Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороотой санал солилцон, хамтран ажиллах саналтай байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь