Засгийн газрын хуралдаанаар офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан.
Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.
Засгийн газраас батлагдсан оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэр багтаад буй. Тэгэхээр эдгээр 50 гаруй улсын нутаг дэвсгэрт данс эзэмшдэг хүмүүс мэдүүлгээ АТГ-д мэдүүлэх үүрэг хүлээх юм. Монгол Улсын иргэд офшор бүсэд данс нээж, аж ахуй нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай гомдол, мэдээллийн дагуу Эрүүгийн хуульд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газрын “Мөрдөн шалгах ажиллагааг байгууллагууд хамтран явуулах тухай” тогтоолын дагуу АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Дэлхийн төр засгийн удирдагчид, парламентын гишүүд, нэр нөлөө бүхий хүмүүсийн оффшор данстай холбоотой баримтыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос өнгөрсөн онд ил болгож тавьсан. Эдгээр баячууд дотор монголоос нэр бүхий 49 хүний нэр ил болоод байгаа. Эдгээр 49 хүнээс 20 нь улс төрд ажиллаж байсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс багтаад байгаа. Тодруулбал, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан, С.Баяр, НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн ах Ц.Сэргэлэн, Монгол улсын сангийн сайдаар ажиллаж байсан Я.Очирсүх, Улаанбатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Э.Чулуудай, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарын нэр дурьдагдсан. Тэгвэл эдгээр хүмүүс мэдүүлгээ хэрхэн өгөх нь ихээхэн анхаарал татаж байна.
Эх сурвалж chuhal.mn