Маккензи БЕЗОС: “Amazon”-ыг үндэслэгч Жефф Безосын эхнэр. Жефф Безос амбициараа үргэлж онцгойрч байлаа. Тэр 1990 онд 26 настай байхдаа “Bankers Trust” компанийн вице-ерөнхийлөгч дараа нь “DE Shaw & Co” гэх санхүүгийн компанийн ахлах дэд ерөнхийлөгч болсон байлаа. Жилийн дараа тэр гэрлэх хэрэгтэй гэж үзжээ.

Ингээд найз нөхдөөрөө ганц бие, танил эмэгтэй сонгуулан сохроор болзохыг хүсэв. Болзоо ар араасаа шил дарсан ч амжилт гардаггүй. Харин ажил нь л сайн явж байв. Жефф Безос тэр үед интернэтийн наймаа хийх санаа төрсөн гэдэг. Энэ наймаа хэрэгтэй юу, хүмүүс барааг үзэж харалгүйгээр авах болов уу?

Энэ үед тэр хамт ажиллаж байсан 23 настай Маккензи гэх хөөрхөн бүсгүйг анзаарлаа. Эхлээд тэдний дунд нөхөрсөг харилцаа л байв. Хайр аажмаар ургаж эхлэв. Маккензи зохиолч болох хүсэлтэйгээ Жеффт ярив. Тэр үед л Безос ном худалдах хэрэгтэй гэсэн санааг ой тойндоо лавшруулж авлаа. Ингээд 1994 онд анхны интернэт номын дэлгүүр “Amazon” нээгдэв. Энэ санаа тэдэнд бизнесээ амжилттай эхлэн өргөжүүлэх боломжийг өгсөн байна.

Тэд харьцаа тогтоож эхэлснээс гурван сарын дараа Безос бүсгүйд хайраа илчилсэн бөгөөд дахиад гурван сарын дараа тэд гэрлэжээ. Эхнэр нь түүнийг халамжилан имижийг нь ч бүрдүүлж байлаа. Өмд нь үргэлж индүүтэй, замд нь амин дэмтэй хайрцгийг бэлтгэхээ тэр мартахгүй. Маккензи өөрөө зохиолч болж түүний бестселлер The Testing of Luther Albright нь нэр хүндтэй National Book Award шагнал хүртлээ. Одоо тэднийх дөрвөн хүүхэдтэй. Тэд гэрлээд 21 дэх жил болж байна.

Мелисса МА: “Baidu” компанийг үндэслэгч Робин Лигийн эхнэр. Хамгийн баян хятад Робин Ли “Хэрвээ миний гэргий Мелисса Ма байгаагүй бол бизнес маань явахгүй байсан” гэж ярих дуртай. 1999 оны нэг өдөр тэд хамтдаа Yahoo компанийг үндэслэгч Жерри Янгийн талаар видео ярилцлагыг үзээд сууж байжээ.

Энэ үед эхнэр нь Лид “Чи өөрийгөө нэг олоод хар. Чи бол интернет компани байгуулах хүн” гэж хэлсэн байна. Энэ үед Ли Infoseek гэх хайлтын компанид ажиллаж байжээ. Үүнээс хойш жил ч бололгүй байхад тэр хятадын Baidu сүлжээг байгуулсан байв. Ер нь Ли ажлаа хойш тавиад байдаг хүн биш.

Хосууд 1995 онд АНУ-д суралцахаар очихдоо танилцжээ. Танилцаад хагас жилийн дараа тэд гэрлэсэн байлаа. “Би эрсдэл хийх гээд байдаггүй. Эхнэр маань өөр. Тэрээр шинэ зүйлээс огт айдаггүй, дандаа надад шинийг түлхэж тулгаж ирсэн хүн” хэмээн Ли Мелиссагийн тухай ярьж байна. Эхнэр нь компаний хувьцааны 26 хувийг барьдаг. Хятадын хуулиар тэд салбал хамт амьдарч бүтээсэн хөрөнгийн талыг нь Мелисса авах юм. Тэр нь компанийн хувьцааны 42 хувь болно.

Cьюзан ДЕЛЛ: “Dell” компанийг үндэслэгч Майкл Деллийн эхнэр. Компьютерийн компанийг 19 настай Майкл Делл 1984 онд байгуулжээ. Тэр үед компанийг PCs Unlimited гэж нэрлэсэн байлаа. Ажил ирээдүйтэй нь ойлгомжтой. Жинхэнэ амжилт нь 1988 онд иржээ.

Компанийн нэрийг Dell Computer (хожим товчлогдоод Dell үлдэв) гэж нэрлэсэн ба анхны IPO явууллаа. Ингээд компаний хөрөнгө 30-80 сая доллар болон өслөө. Тэр үед Майкл моделийн нүүр  царайтай, үл хөдлөх хөрөнгийн агент Сьюзан Либермантай танилцжээ. Тэд “Бистро” гэх зоогийн газарт танилцсан гэдэг. Жилийн дараа мөн л тэр Бистрод гэрлэх санал тавьжээ.

Загвар зохиогчийн мэргэжилтэй, хурц тод энэ эмэгтэй үл хөдлөх хөрөнгийн наймааг амжилттай явуулж байв. Боломж гарангуут тэрээр мэргэжилдээ эргэн оржээ. Спортын Phi хувцасны загварууд нь гүйлгээтэй, магтаал сонсоод, ажил бүтэмжтэй. Компани нь зургаан жилийн дараа хямралаар хаагдсан байв. Буян үйлдэгч тэрээр бараг бүх орлогоо буяны үйлст зориулж байсан юм. Мөн тэрээр триатлоны Iron Man уралдаанд оролцож байлаа. Деллийнх хоёр хүүхэдтэй.

Жанг ИНГ: “Alibaba” компанийг үндэслэгч Жек Магийн эхнэр. Хятадын интернэт “Alibaba” гэх аварга компанийг үүсгэгч Жек Ма хожим гэргий нь болсон энэ бүсгүйтэй Ханжоу хотын багшийн дээд сургуульд хамт суралцаж байжээ. Тэд сургуулиа төгсөөд 1980-аад оны сүүлчээр гэрлэжээ.

Тэдэнд эхлээд бизнесийн тухай бодол байсангүй. Хожим хоёул Ханжоугийн шилдэг багш нар болсон байна. Харин 1995 онд бизнес хийхээр мэргэжлээ орхижээ. Ма нь өөрийн анхны интернэт лавлах “China Yellow Pages” компанийг байгууллаа. Дөрвөн жилийн дараа “Alibaba” компанийн ээлж ирэв. Жанг түүнийг дэмжин компанид нь улс төрийн зөвлөх хийжээ. Өөрийнх нь хэлснээр нөхрийнхөө олон тооны тасралттгүй уулзалтуудад хоол хийх л гол тусламжийг үзүүлсэн гэдэг.

Жанг өөрөө тооцоотой хүн гэдгээ нуудаггүй. Жек Ма залуудаа царайлагт тооцогддоггүй байсан ч тэрээр, ямар ч хүний хийж чадахгүй зохион бүтээх авъяастай байлаа хэмээн Жанг ярьжээ. Эхнэрийнх нь шаардлага Жекийг ямагт шахдаг аж. “Alibaba” нээгдээд хоёр жил болж байхад эхнэр нь түүнээс компанийн орлогыг асуужээ. Ма долоовор хуруугаа өргөхөд “10 сая юань уу $1.6 сая уу” гэж лавлав. Ма толгой сэгсрээд нэг сая юань гэв.

Жангийн царай ярвайсныг хараад Ма “өдөрт” гэж тодруулж өгчээ. 2002 он хүртэл тэрээр компанийн топ-менежментын багт ажиллаж байлаа. Дараа нь нөхөр нь зүрх гарган “Чи компаниас илүү хүүхдүүдэд хэрэгтэй” гэж хэлсэн байна. Гэрийн эзэгтэй болох хүнд байсан ч тэрээр  нөхрийнхөө шийдвэрийн дагуу гал тогооны хүн болжээ.

Бэлтгэсэн М.ЭРДЭС

By updown

One thought on “Нөхрүүдээ тэрбумтан болгосон эмэгтэйчүүд”
  1. Гэр бүлийн Эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг зорилготой нэгдэж чадваас болохгүй бүтэхгүй зүйл байхгүй……эд хөрөнгө байр машин бол энүүхэнд…..

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн