“666”-г европчууд ихэвчлэн “шулмын тоо” хэмээн нэрлэх нь бий. Тэрчлэн “Сатана” нь тэрхүү “666” гэсэн муу ёрын тоотой ихээхэн холбоотой гэх аж. Ингэхэд энэхүү “шулмын тоо” нь энэ дэлхий мөхлийн ирмэг дээр ирсэн үед буюу Христ энэ ертөнцөд дахин мэндлэхээс өмнөхөн хүн төрөлхтөнд үзэгдэх болно гэж алдарт Ностадамус зөгнөн хэлсэн байдаг.
“666” гэсэн тоо анх яаж бий болсон талаар эрдэмтэн мэргэд, тэр ч бүү хэл элдэв саваагүй явдалд дуртай хүмүүс ч ухаан бодлоо уралдуулан янз бүрийн тайлбар хийжээ. Үүнээс зөвхөн нэгийг нь онцлон сонирхоцгооё. Манай эрний 666 онд энэ ертөнцийг эзлэх сонирхол хэсэг хүн нэлээд нууцлаг хэмжээнд нэгэн бүлэглэл байгуулан, тун идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхлэв гэнэ.
Мөн өөрийн гэсэн баримталдаг хатуугаас хатуу үзэл сурталтай байв. Бас тэдний толгойлогч нь Сорадт хэмээх нэгэн байсан тухай зарим нэг домогт тэмдэглэгдсэн байдаг ажээ. Харин түүнийг аймшигтай араатнаар дүрслэн зурна. Бас энэхүү араатан гэхэд араатан бус, хүн гэхэд бас хэцүү энэ амьтныг “Сатана” хэмээн нэрийдэж, тэрбээр бүх дэлхийг эзэлнэ гэж нэгэнтээ тангараг өргөсөн тухай өгүүлжээ.
Сорадтынхан хүн төрөлхтний хөгжлийн явцтай уялдуулан дэлхийг хэрхэн эзлэн түрэмгийлэх төлөвлөгөө боловсруулан түүнийгээ тодорхой хэмжээнд хэрэгжүүлж ирсэн тухай ервопчууд барин тавин бичиж, ярих нь бий. Харин тэдний замд ганцхан славянчууд жинхэнэ саад тотгор хийж ирсэн тухай домог яриа ихээхэн тархсан байдаг.
Яагаад гэхээр тэдний энэрэнгүй сэтгэл бас тэсвэр тэвчээр нь гаднаас муу ёсын нөлөөг огтхон ч хүлээж авдаггүй тухай баримтуудыг ярьдаг билээ. Тиймээс славянчуудыг нэгмөсөн дарж авахын тулд дотроос нь хагалан бутаргах аргыг “шулмын тоо” хэрэглэсэн хэмээн тайлбарлах хүн бас байдаг. Тухайлбал, Оросыг татар монголчууд байлдан дагуулсан явдал болон загалмайтны аян дайн зэрэг нь цэвэр Сорадтын үзэл суртлын нөлөө буюу “666” болон “Сатана”-гийн далд хүчээр хийгдсэн дайн болохоос түүхийн үйл явц биш гэх нэгэн ч байдаг аж.
Тэрчлэн жинхэнэ I Перт хаан л гэхэд одоогийн бидний мэддэг тэр үеэс аль эрт алагдаж, Орос орныг тухайн үед Сорадтын үзэл суртлын жинхэнэ нэвтрүүлэгч удирдаж байж гэжээ. Мөн II Николай хааны дэргэд ч иймэрхүү хүмүүс бий болж, Сорадтын үзэл суртлыг ховсдох маягаар эзэн хааны зүг илгээдэг байв гэнэ.
Тэдгээрийг Папюс, Филипп хэмээнэ. Хоёулаа франц гаралтай иргэд. Ингэхэд Папюс ховсодсноос III Александрын аль эрт тэнгэрт хальсан сүнс II Николай хаанд бууж ирэн Петрбург хотноо 1905 оны нэгдүгээр сарын 9-нд энгийн иргэдийн хийсэн жагсаалыг буудахад хүргэсэн хэмээн дүгнэлтийг хийсэн байдаг юм.
Ерөнхийдөө “Шулмын тоо” буюу “Сатана”-гийн хар хүчний нөлөөгөөр өнгөрсөн хугацаанд л гэхэд нийгмийн шинжтэй янз бүрийн өөрчлөлт гарч байсан гэж батлах эрдэмтэн нэлээд бий. Тухайлбал1880 онд Английн долоо хоног тутмын “Тру” хэмээх сэтгүүлд Дэлхийн I дайны дараа дэлхийн бөмбөрцгийн улс төрийн газрын зураг иймэрхүү байдалтай харагдах болно гэсэн зөгнөл маягийн юм гарчээ.
Энд Оросын газрын зураг дээр “Говь цөл ба социалист туршил хийх газар” гэсэн өгүүлбэр тавьсан байв гэнэ. Тэгвэл үнэхээр 1917 онд Октябрийн хувьсгал Орос орон ялж, уг сэтгүүлийн зөгнөлийг баталсан сонин тохиолдол гарсан юм. Барууныхан тухайн үед большвекуудтай огтхон ч тэмцэл явуулаагүйн гол учир энэ хэмээн ярих хүн бас байдаг юм. Харин ч тэд янз бүрээр тусалжээ.
Нөхөр В.И.Ленин л гэхэд Шерманаас эх орондоо нэлээд их хэмжээний мөнгийг тусгай галт тэргээр авчирсан бол америкчууд Л.Троцкийг 1917 оны хавар нэг сая ам.долларын орос руу илгээсэн нь үнэн баримт. Өөрөөр хэлбэл Орос хэмээх агуу том гүрэн хэдхэн хормын дотор барууны ертөнцийн илүүдэл барааны зах зээл болон хувирна гэдгийг урьдаас энэхүү “шулмын тоо” маш нарийн тооцоолсон гэж үздэг.
Харин үүний хариуд Орос орноос үнэт эдлэл, түүхий эд бөөн бөөнөөрөө урсан гарах болсон нь бас нарийн учир шалтгаантай гэлцдэг. Ингэхэд “Сатана”, “666” гэх зэрэг нь хэн нэгний санаанаас зохисон нэр, тоо байхыг үнэндээ үгүйсгэхийн аргагүй юм. Гэхдээ саяхан л гэхэд социалист хэмээх нэгэн нийгмийн дор нэгдэж, ертөнцийг огт өөрөөр төсөөлж байсан хүмүүсийн үзэл бодол хоромхон зуур өөрчлөгдсөнийг нийгмийн хөгжлийн зайлшгүй зүй хандлага гэхээсээ нээрээ ч ямар нэгэн далдын хүч нөлөөлсөн мэт сэтгэгдэл хэн хүнд төрдөг.
Гэтэл “Сатана”-гийн үзэл баримтлал, “капиталист загвартай” яв цав таардаг гэсэн яриа өөрийн эрхгүй сонирхол татдаг юм. Тэрчлэн “666” гэсэн тоо гуравдахь удаагаа ертөнцөд тохиход (666 х 3 = 1998) дэлхий далдын хүчний нөлөөнд бүрэн орсон байна гэсэн Сорадтын сургаал биелэлээ олох ёстой гэжээ. Өөрөөр хэлбэл дэлхийд зөвхөн нэг хүч ноёрхож, түүний үзэл бодол биелэлээ олно гэсэн үг юм.
Тэгвэл эдүгээ социалист систем Хойд Солонгос, Кубыг эс тооцвол аль хэдийнэ задран бударч, бараг бүгдээрээ зах зээлийн эдийн засагт шилжсэнээр дэлхий ертөнц зөвхөн нэг үзэл бодол, нэг гүрний хараат болсон гэхэд хилсдэхгүй. Ядахдаа л үлгэр домгийн хэмжээнд хүлээн авахад л энэ бүхэн сонирхол татахгүй байхын аргагүй.
Бас энд яг таг, ийм тийм болжээ хэмээн хэлээгүй гэдгээ дурдая. Гэхдээ энэхүү “шулмын тоо”, “сатана”-гийн далд хүчний нөлөө славянчуудад огтхон ч хнөлөөлж чадахгүй байсан тухай үүний эхэнд өгүүлсэн шүү дээ. Тэгвэл манай оронд ч ялгаагүй энэхүү “далдын хүч”-ны атгаг санаанаас гагцхүү эв нэгдэл, хамтын хөдөлмөр, асах их тэсвэр тэвчээр гурав аварч болох талтай гэсэн дүгнэлт хийхэд нэг их буруудахгүй биз. Магадгүй ийм үе ирсэн байхыг үгүйсгэхийн аргагүй үйл явц өнөөдөр ар араасаа өрнөх болов. Наад зах нь гэхэд шинэ Засгийн газар байгуулагдаж буй нөхцөл зэргийг учир шалгаанаа болгоё гэвэл олон юм байх аж.
666-ийн ид шид
Дэлхийд анх усан галав юүлэхэд бөмбөрцгийн тэнхлэг хэдэн хэмээр шилжилт хийсэн гэдгийг эрдэмтэд хэрхэн тооцсоныг эрхэм уншигч та мэдэх үү? Үүнийг дунд сургуулийн сурагчийн хэрэглэдэг ердийн шугам ашиглан мэдэж болдог аж. Яг 60 хэмээр шилжсэн гэж үздэг юм байна. Өөрөөр хэлбэл бөмбөрцгийн хагас тойргийн гуравны нэгийг туулсан гэсэн үг. Мөн бөмбөрцгийн тэнхлэг ямар нэг харь гаригийн нөлөөгөөр бус харин урьдчилсан төлөвлөгөөний дагуу өөрчлөгджээ гэж үзэх тал бий.
Ингэхэд 60 хэм гэхээр хэдэн метр зам болов вэ гэдгийг эхлээд үзье. Дэлхийн тойргын урт 40.000 км гэдгийг бид мэднэ. Тийм болохоор 60 хэмд 6666 км багтана гэсэн үг. Хэрвээ 666-г шулмын тоо, муу ёрын бэлгэ тэмдэг хэмээн үзэх юм бол 6666 түүнээс ч долоон дор байж таарна биз дээ. Мэдээжийн хэрэг орчин үед мухар сүсэг бишрэлд итгэх нь хаашаа юм.
Гэхдээ дэлхийн бөмбөрцгийн тэнхлэгийн тойргийн урт 6666 км бүхий зургаан хэсэгт хуваагдаж буй нь анхаарал татах зүйлийн нэг яах аргагүй мөн. Тэрчлэн дөрвөн зургаагийн тоо давхацсан тохиолдол нь аливаа зүйл сөнөж мөхөхийн дохио гэх нь бий. Тийм болохоор дэлхийн бөмбөрцгийн тэнхлэгийг ямар нэг далдын хүчин зориуд 60 хэмээр өөрчилсөн байна гэсэн үг үү?
Түвдэд Кайлас гэж онгон дагшин уул бий. Э.Мулдашевын монгол хэлээр орчуулагдсан “Бурхдын хотын эрэл” номд энэ уулын тухай нэлээд бичигдсэн байдаг. Түүний өндрийг 6714.6668 гэж зэргээр тогтоон бичжээ. Тэгвэл газар хэмжилтийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар аливаа уулын өндрийг яг таг нарийн тогтоох ямар ч боломжгүй гэнэ. Тийм учраас Кайлас уулын жинхэнэ өндөр 6666 гэж үзэж болно гэсэн байгаа юм. Магадгүй дэлхийн бөмбөрцгийн тэнхлэг өөрчлөгдөх дараагийн аюулаас хүн төрөлхтнийг аврахын тулд “далдын хүчин” зориуд ийм арга хэмжээ авчээ гэсэн дүгнэлтийг хийхэд болохгүй гэх газаргүй билээ.
Муу ёр “6”
Дэлхийн бөмбөрцгийн багагүй хэсэгт амьдардаг ард олон яагаад “6”-гийн тоог муу ёрын, “66”-г маш муу ёрын, “666”-г онцгой муу ёрын, “6666”-г хамгийн аймшигтай муу ёрын тоо гэж үздэг юм бэ. Ер нь тэгвэл энэ ертөнц дээр “зургаадугаар эгнээнийхэн” гэсэн ойлголт байгаа юм уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдана шүү дээ.
Ингэхэд “6”-гийн тоо хувь хүний сэтгэлд ямар нэг муу ёрын зүйл шүгэлснийг илтгэх ба хэрвээ үүнээс даруйхан салахгүй бол бие болоод сэтгэлийн зовлон эдэлдэг аж. “Оддын өвчн” ч бас үүнд багтдаг юм байна. Тэгвэл “66”-гийн тоо хэсэг бүлэг хүний ухаан санаанд муу ёс шүгэлснийг илтгэнэ. Тэр нь тусгайлан улс орныг хамарсан байж болох агаад Герман дахь нацизм, Орос оронд байгуулах гэж тэмцсэн коммунизм хоёр бодит жишээ аж.
“666”-гийн тоо энэ дэлхий дээр амьдарч байгаа нийт хүмүүст хамаатай гэнэ. Харин “6666” нь хүн төрөлхтөн төдийгүй гариг ертөнцийг хамарсан гай гамшиг дуудаж, газар дэлхийн амьдрал үндсээрээ өөрчлөгдөхийн дохио гэж үзэж болно гэсэн байх юм. Мөн үүнийг “бурхнаас би болгосон байгалийн зохицлыг хүний генийг өөрчлөх замаар алдагдуулсны үр дүнд ертөнц мөхөх зам руугаа орно гэсэн үг” хэмээжээ. Нээрээ ч бид өнөөдөр хүний толгойны хэмжээний том төмс ургуулж, хонийг хувилж орхисон нь нууц биш л дээ.
“Шулмын цамхаг”
Одоо 6666 метр өндөр Кайлас уул дэлхийн бусад газар оронд оршдог пирамид, эртний хөшөө дурсгалтай хэрхэн холбоотойг авч үзье. Мексикийн пирамидууд нь Кайлас уул, Пасха арал хоёртой хойд туйлаараа дамжин холбогдох шугам дээр байрладаг гэнэ. Кайлас уулаас хойд тул хүртэл 6666 км аж. Хойд туйлын энэ цэгээс нөгөө тийш нь 6666 зм шугам татвал АНУ-ын Ваймонг мужид орших тун зөв хэлбэрийн гэмээр чулуун хөшөөн дээр ирдэг аж. Тэрхүү 290 метр чулуун хөшөөг энэ нутгийнхан “шулмын цамхаг” хэмээн нэрлэдэг байна.
Кайлас уул
Мексикийн пирамид
Пасха арал
Мөн эндхийн оршин суугчид энэ цамхагтай холбоо бүхий янз бүрийн үлгэр домог их ярьдаг аж. Тухайлбал, эрт дээр үед хүний махаар хооллодог аймшигт баавгай энд амьдарч, хүмүүс амь гарахын тулд уг чулуун хөшөөн дээр гардаг байжээ. Тийм учраас уг хөшөөг зэрлэг баавгайн хумсны ороор ийнхүү олон судалтай болсон гэж үздэг байна. Ингэхэд 1875 онд Ричард Дож нэгэн жуулчин анх олоод түүнд “Баавгайн урц” хэмээх нэрийг хайрлажээ. Харин индианчууд “Шулмын цамхаг” хэмээн нэрлэдэг байсан агаад аль болохоор ойр орчимд нь амьдрахгүйг хичээсээр иржээ.
Эдгээрээ гадна хамгийн сонирхолтой нь “Шулмын цамхаг” орших энэхүү цэг дээр ирээдүйн хойд тул орших үе ирнэ гэж үзэх хүн бий гэнэ. Мөн “дэлхийн тэнхлэг үүгээр өнгөрөх болно. Ингэснээр нарны гэрлийн саармагжилт өөрчлөгдөж бидний дээр хөх бус нов ногоон өнгөтэй тэнгэр мэлтийх болно” гэж үздэг аж.
Хэрвээ Нострадамус үнэн хэлсэн бол Атлантидын үед тэнгэр улаан хүрэн өнгөртэй байсан бололтой. Мөн тэр үед хойд туйл Кайлас уулын одоогийн байгаа цэгт байрлаж асан хэмээн ойлгож болно гэж бичих нь бий. Хэрвээ үнэхээр дэлхий тэнхлэгээ өөрчилж, тэнгэр ногоон өнгөтэй болбол ургамал, амьтан ямар өнгөртэй байх бол гэсэн асуулт сонирхол таталгүй яахав. Мөн хүн хэмээх бид гэхэд чухамхүү ямар хэлбэр галбиртай болж хувирахыг ёстой чөтгөр л мэдэх байх. Магадгүй нөгөө “Шулмын тоо” л мэдэх биз ээ хэмээгээд энэхүү орчин цагийн нэгэн үлгэрээ өндөрлөе.
Эх сурвалж: Д.ГАЛ