Өнгөрөгч наймдугаар сар Ерөнхийлөгчийн Тамгын газрынхны хувьд хөл ихтэй сар болж өнгөрлөө. Тамгын газар энэ сард ойрхон хэд хэдэн томилгоо хийж, Ерөнхийлөгчийн орон тооны тооны бус зөвлөхүүд болон Авлигатай тэмцэх газрын Орон тооны бус зөвлөлийн гишүүдийг томилсон юм.
Гэвч томилгоог олон нийт төдийлөн таашаасангүй. Шулуухан хэлэхэд голонгуй хандав. Ерөнхийлөгчийн энэ ер бусын томилгооны эзэд нийгэмд ихэвчлэн сөрөг дүрээр танигдсан болоод ч тэр үү хэвлэл болон олон нийтийн сүлжээнийхэн “Х.Баттулга сонгуулийн сурталчилгаандаа хичээл зүтгэл гаргасан хүмүүсээ сонгов, Намын нөхдийнхөө гар хөлийг томиллоо” гэсэн үгийг харамгүй зориулаад авсан юм. Үнэмлэхний тамга нь хатаж амжаагүй шахам байгаа зөвлөхүүдээс дурдахад:
Гааль, татварын асуудал хариуцсан зөвлөх Очирбатын Амгаланбаатар: Говь-Алтай аймгийн экс Засаг даргыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Говь-Алтай аймгийн Замын хяналтын цэгт саатуулагдсан “Тоёота-4 runer маркийн 0308 УНҮ” улсын дугаартай автомашинаас илэрсэн АН-ын 1 тэрбум 80 сая төгрөгийг маш сайн хамгаалсан. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн цэвэр усны савны шошго дээр өөрийн зургийг тавьж рекламдаад авсан О.Амгаланбаатар Н.Алтанхуягийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэгээс сануулга авч, өөр бас бус асуудлаар хэвлэлийн хуудсуудад заларч байв.
Кино урлагийн асуудал хариуцсан зөвлөх, Херо энтертайнментийн найруулагч Бат-Өлзийн Баатар: Түүний тухай танилцуулах нь илүү хэрэг. Хүний өөрийн хувийн нууцтай холбоотой олон видео бичлэгийн автор гэгдэж байгаа найруулагчийн тухай яриа нийгэмд бүтэн сэдэв болон тасралтгүй өрнөж байгаа.
Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Лувсангийн Эрдэнэчимэг: Эмийн үйлдвэрийн эзэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Байнгын хороог тэргүүлж байсан гэх зэрэг давуу талтай. Гэсэн ч зөвлөх бүсгүйн Төрийн ордонд бичигдээд цацагдсан таагүй видео олон нийтийг ямар нэгэн байдлаар эвгүйцүүлж байдаг.
Багшийн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх Чулуунбаатарын Чулуунцэцэг: Олны танил хараахан болж амжаагүй энэ бүсгүйг “Багш нарын цалинг 1.6 сая болгон нэмэгдүүлэх хөдөлгөөний гишүүн” гэсэн мэдээлэл дагалдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хэсэг цахилсан багш нарын жагсаал, цуглааны дуудлагын ард Ерөнхийлөгч сууж байна гэсэн хардлага дэгдсэн.
Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болон АТГ-ын Орон тооны бус зөвлөхүүд цалингүй ажилладаг. Томилгооны эзэн зөвлөхүүдийнхээ цалин хөлсний учрыг олчихно хэмээн тайлбарлаж болох ч иргэдийн шүүмжлэлийн цаана Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилгоо чамбай байх ёстой, ҮАБЗ-ийн гишүүний зөвлөх нь олон нийтийн дэмжлэгийг авч чаддаггүй, сөрөг дүрийн баатрууд байх ёсгүй гэсэн санаа гэдэг нь хэнд ч тодорхой биз ээ.
Ерөнхийлөгчийг ирээдүйд багагүй ичээж, нэр хүндийг унагаж мэдэх бас нэг “зөвлөх” бий. Энэ бол Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан. АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн даргаар томилогдсон Г.Баасан жагсан цуглаж, дуулиан шуугиан үүсгэдэгээрээ алдартай нэгэн. Шив шинэхэн дарга өнөөдөр news.mn сайтад гал халуун ярилцлага өгчээ. Тэр ярихдаа:
-АТГ-ын Олон нийтийн зөвлөл гэдэг бол ард түмний татварын мөнгө, төрийн эрх мэдэл шударгаар явж байна уу, тэнд ямар нэгэн авлигын асуудал байх вий гэдгийг тогтмол хянадаг манаач. Төрийн нэрийн өмнөөс ажиллаж буй манаач. Олон нийтийн зөвлөл нь ард нийтийн нэрийн өмнөөс ажиллаж буй манаачийн манаач хэмээн омголон аргагүй мэдэгдсэн байх юм.
Хуулийн архив сөхөөд харвал АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь Авлигын эсрэг хуулийн 27 зүйлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх юм. Хуулийн 27 зүйлд:
27.1. Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллана.
27.2. Олон нийтийн зөвлөл 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилно.
27.3. Олон нийтийн зөвлөлийн гишүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг нэр дэвшүүлэхгүй.
27.4. Олон нийтийн зөвлөлийн гишүүн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хамаарах нууцыг задруулахыг хориглоно.
27.5. Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална гэсэн ийм таван заалт байж байх юм.
Атал Олон нийтийн зөвлөлийн дарга дүрдээ итгэчихсэн АТГ-г хянана, цагдана хэмээн даналзаж, дөнгөж саяхан томилгоо өгөөд явуулсан Ерөнхийлөгчийг эвгүй байдалд оруулж, ичээгээд сууж байх юм. Мөрдөн байцаалт, гүйцэтгэх ажлын нууц гээд тусгай үүрэгтэй ажилладаг энэ газрын үйл ажиллагааг тус тусад нь хянадаг УИХ болон УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо, Улсын ерөнхий прокурорын байгууллагууд бий л дээ. Гэвч Г.Баасан тэдний дээгүүр “харайж” бараг л ганцаараа хянах бололтой юм ярьжээ.
АТГ-ын Олон нийтийн зөвлөл гэдэг байгууллага Г.Баасангийн үед байгуулагдчихаад, Г.Баасан ганцаараа энэ зөвлөлийн дарга болчихоод байгаа юм биш л дээ. 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 онд энэ зөвлөлийн тэргүүнээр өмгөөлөгч Э.Болорчулууныг томилж байсан бол 2009 онд Ц.Элбэгдорж Д.Сүхбаатар даргатай, Ж.Батзандан нарын бүрэлдэхүүнийг, 2013 онд мөн л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Л.Төр-Од даргатай бүрэлдүүнийг томилж байв.
Олны хэл үгэнд өртөж эхэлсэн Ерөнхийлөгчийн ер бусын томилгоо цаашид үргэлжлэх эсэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ олон нийтээс таатай үнэлгээ авч дөнгөөгүй яваа зөвлөхүүдийнхээ уяа сойлгыг тааруулж байхгүй бол байнга л олны ярианы сэдэв болно гэдгийг Ерөнхийлөгч бас бодож яваа байх аа.
Т.ГАРЬД
5 comments
Baasan bolj bnaa,Ter Erdenechimeg medehgui uildeluud ni dandaa sonin bsan,sain yumig ni kharuuldaggui bsan yum bailgui.
ижил нь ижлээ, жороо нь жороогоо
Хүний нэр төрийг намын хагарал харьяалал, сонгуультай холбогдуулж зориуд унагачихаад муу хүн болгож харагдуулдаг нь тодорхой. Ерөнхийлөгч улс төрийн заваан энэ явдлыг мэдэж зоригтой томилж байгаад талархаж байна.
Энэ хүмүүс яагаад болохгүй байгааг ер ойлгохгүй юм. Юутай 60 тэрбумаар Төрийн эрхийг булаагаагүй л хүмүүс байна даг
Гудамжны болон аль болохгүй хэл яриа хаанаас гарч байсан яаж үймүүлж засаг унадаг нь хэн зохион байгуулж байдаг нь одоо ил болжээ