“Их сургуулиа төгсөөд удаагүй байсныг ч хэлэх үү, 23-хан настайдаа гурван хүүхдийн ээж болох амар байгаагүй. Хамгийн том нь Д.Сумъяа л гэхэд таван настай байсан. Гурвын гурван нялх хүүхэд өсгөх гэж тэвдэж явсан ханиа өрөвдсөн ч намайг хэрхэн хүлээж авах бол, төрсөн эхийнх нь орон зайг нөхөж чадахгүй бол яана гэж өөрийгөө голж байлаа. Гурвуулаа “Ээж ээ” гээд эгдүүтэй нь аргагүй инээмсэглэж байгааг нь харахад амьдралдаа хамгийн зөв шийдвэр гаргаснаа ухаарсан. Одоо бид наймуулаа болж, өнөр өтгөн сайхан амьдарч байна” хэмээн олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяагийн ээж Ц.Дэлгэрмаа өгүүлэв.
Хар нялхаараа өнчирсөн Д.Сумъяагийн ээжийнх нь орон зайг нөхөж, хайраар дутаалгүй өсгөж, хүмүүжүүлэн олимп, дэлхийн медальтан болгосон түүнээр бахархахгүй байхын аргагүй. Нийслэлийн 50 дугаар сургуулийн бага ангийн багш Ц.Дэлгэрмаагаас ярилцлага авахаар товлож, очих замдаа “Одоо ч олны хөлд дарагдаад, гэрээсээ ч гарах завгүй байгаа болов уу” хэмээн бодтол харин эсрэгээрээ “Маргааш (өнөөдөр) хичээлийн шинэ жил эхлэх гээд анги, танхимаа засаж, цэвэрлээд түмэн завгүй байна. За одоохон, энэ ханын самбарыг гялс хадаад орхиё, ангийнхаа шалыг угаачихаад аажуу уужуу ярилцъя. Нөхөр маань дугуй засварын газраа ажиллуулан, утасны дуудлагад дарагдаад л сууж байна гэнэ” хэмээсээр биднийг угтсан юм.
-Монгол түмний бахархал болсон охин тань дэлхийн аварга болж, алтан медалиа энгэртээ гялалзуулан баярын нулимстай зогсохыг цэнхэр дэлгэцээр үзсэн бөхийн хорхойтнуудын сэтгэл их хөдөлжээ.
Зарим нь дагаад уйлсан тухайгаа цахим хуудсандаа нийтэлж, бусадтай хуваалцсаар буй. Эгэл жирийн монгол хүн тэгж догдолж байхад таны сэтгэл ямар их хөдөлснийг төсөөлөхөд ч бэрх байна.
-Сэтгэл их хөдөлсөн болоод ч тэр үү, юу болоод өнгөрснийг одоо ч сайн санахгүй байна аа (инээв). Өчигдөр (уржигдар) ёстой баларсаан. Уг нь дэлхийн жүдогийн аварга шалгаруулах тэмцээнийг С1 телевиз шууд дамжуулж байсан юм. Гэтэл дамжуулахаа больж, гэнэт өөр сувгаар нэвтрүүлэхээр болчихдог байгаа.
Өнөөх SPS суваг нь манайд гардаггүй юм. Охиныхоо барилдааныг үзмээр байдаг, шууд дамжуулах суваггүй тэвдлээ шүү. Аав нь ахындаа очиж барилдааныг нь зурагтаар үзэн, охиноо дэмжсэн. Намайг хамт явъя гэхээр нь “Хоёулаа хоёр газар дэмжье” гэж хэлчихээд тахилганаас авч ирсэн рашаан, арц, хүжээ уугиулан, тэнгэр бурхандаа залбирч, фэйсбүүкийн лайваар барилдааныг нь үзсэн. Охин минь аваргын төлөө ямар айхтар, хүнд барилдаан хийв ээ.
Би Д.Сумъяагийн барилдааныг аль болох алгасалгүй үзэхийг хичээдэг. Гэтэл Японы жүдоч Ц.Ёшидатай барилдсан барилдааныг дуустал нь үзэж чадаагүй. “Яана аа, өрсөлдөгчөөсөө өмнө цуцчих вий дээ. Хүүе, хөлөө” гэж сандарч, огшоод л. Тэгсэн мөртлөө бас болоогүй ээ “Юу болж байгаа бол” гэж санаа зовж, догдолж байсан ч барилдааныг нь үзэх гэхээр л “айгаад” байсан юм. Жирийн үед харвасан сум шиг өнгөрдөг мөртлөө цагаа тулахаар ёстой чилийлгэдэг юм байна, 14 минут чинь.
Ашгүй тэгж байтал хамаатан садангууд “Аваргын ээжид баяр хүргэе” гээд миний утас руу залган, баяр хүргэж эхэлсэн. “Нээрэн үү. Үнэн үү” гээд цахим хуудсаа нээх нь ээ, бараг хүн болгон охиноор минь бахархаж буйгаа илэрхийлж, талархлын сайхан үг, зургийнх нь хамт нийтэлсэн байна лээ.
Үр хүүхдээ сайн явахыг харах, олны итгэлийг хөсөрдүүлэхгүй байхыг нь үзэх шиг сайхан зүйл эх хүнд байдаггүй юм байна. Дэлхийн аварга цол хүртэн, баярын нулимстай зогсож байгаа охиноо хараад өөрийн эрхгүй уйлчихсан. Би байтугай Ерөнхийлөгч хүртэл баярын нулимс унагааж харагдсан. Тэгж байтал нөхөр минь ирээд бөөн баяр болсон. Хүүхдүүд минь манайд цуглан, эгчээрээ бахархаж, бардамнаж хонолоо.
-Одоо ч өнөөдөр (өчигдөр) барилдах бөхчүүдийнхээ бэлтгэлийг базаалцаад завгүй байгаа болов уу. Ер нь охинтойгоо холбоо барьж амжсан уу?
-Амжаагүй л байна. Өглөө холбоо барих гэснээ “Завгүй байгаа болов уу” гээд хойшлуулчихсан. Үнэнийг хэлэхэд одоо ч хэр баргийн амжилт гаргахад нь тоохоо байчихаж, бүр дасчихаж дээ. Сэтгэл хэчнээн хөдөлж байсан ч аль болох дардаг болчихож.
-Аваргын ээж буурь сууж байгаа юм болов уу?
-Магадгүй шүү (инээв). “Охин минь мундаг юм чинь өндөр амжилт гаргах нь тодорхой” гээд дээлийнх нь захыг мушгиад дэмжих урамтай байдаг шүү. Охиноороо ганц удаа ч болтугай онгирчихъё (инээв).
Одоо Доржоо бид хоёрын бус монгол түмний охин болжээ. Хайр нь дотроо, хал нь гаднаа гэгчээр бусад үед юу гэж ингэж магтах вэ. Охиноо гэх хайраа үгээр бус, үйлдлээрээ л илэрхийлэхийг эрхэмлэж явдаг.
-Эх хүний зөн хамгийн мэдрэмжтэй нь гэдэг. Охиноо дэлхийн аварга болно гэх мэдрэмж Танд төрсөн үү?
-Охинд минь ганцхан амжилт дутуу байсан нь дэлхийн аварга. 2015 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, олимпын дэд аварга болж, дэлхийн шилдэг 16 жүдоч урилгаар оролцдог тэмцээнд гурван удаа түрүүлсэн болохоор “Хэзээ нэгэн өдөр охины минь зорилго биелнэ. Айсуй зам нь дардан байгаасай” гэж залбирдаг байлаа. Тэр мөрөөдөл нь энэ жил биелэх хувьтай байж.
-Хэдийгээр Д.Сумъяа өдгөө дэлхийн энтэй бөх болж, арвин туршлагатай болсон ч охиндоо юу гэж захиж, зөвлөдөг вэ?
-Өө, би нэг их юм захьдаггүй юм аа. “Хичээгээрэй, охин минь” л гэдэг. Д.Сумъяа багаасаа бие даасан, алдаа гаргадаггүй хүүхэд байсан болохоор нэг их санаа зовдоггүй, сэтгэл амар байдаг юм.
-Олны танил, нэр хүндтэй байх амаргүй гэдэг. Амжилтдаа эрдэж, буруу замаар орсон хүн цөөнгүй. Охиноо тэгэх вий гэж санаа зовдог уу?
-Хэзээ ч тэгэхгүй гэдэгт нь огт эргэлздэггүй. Нүүр бардам явдаг ганц зүйл маань энэ. Охин минь хаана ч, хэзээ ч инээгээд л явж байдаг. Элдэв маяггүй, хуурамч дүр эсгэнэ гэж ер үгүй. Ерөөсөө байгаа нь л тэр.
“Хүүхэд зангаараа, эвдрээгүй, хөөрхөн ааштай охин шүү” гэж цөөнгүй хүн надад хэлж байлаа. Багадаа ямар хүүхэд байсан, одоо ч яг хэвээрээ. Энэ хэрээрээ олны хүндлэл, хайрыг татдаг болов уу. Би хоёр охин, дөрвөн хүүтэй. Д.Сумъяа хамгийн том нь.
Намайг байхгүй үед орон зайг минь нөхдөг, нөхөр бид хоёрын тулдаг ганц том багана байхгүй юу, охин минь.
-Эмэгтэй хүүхэд бөхийн спортоор хичээллэхэд олонх эцэг, эх дургүйцдэг юм билээ. Харин та охиноо 16 настайдаа жүдоч болоход хэрхэн хүлээж авсан бэ?
-Би хүүхдүүдийнхээ хүсэл, сонирхлыг юу юунаас илүү эрхэмлэдэг. “Юу ч гэсэн сонирхлынхоо дагуу жүдогоор хичээллэг. Тэгээд тууштай явбал, эсвэл тэгсхийгээд сонирхол нь буурвал тэр л биз” гэж бодож байлаа.
Би эршүүд болоод ч тэр үү, охиноо эмэгтэйлэг байлгах юм сан гэж боддоггүй ээ. Дуртай зүйлээ хийхээс илүү жаргал гэж юу байх вэ. Охин минь ажил эхлүүлбэл заавал дуусгаж, эцсийн үр дүнг нь үзэж байж санаа нь амардаг.
Тиймээс тэгсхийж байгаад жүдогоор барилдахаа больчихно гэж би лав бодоогүй.
-Аль тэмцээнд оролцож байхад нь охиноороо хамгийн их бахархаж байв?
-Нэлээд хэдэн жилийн өмнө жүдогийн дүрэм, нарийн ширийнийг ч мэддэггүй байхдаа нэг тэмцээнд оролцохыг нь очиж үзсэн юм. Охиноо зорин очиж анх удаа барилдааныг нь үзсэн нь тэр. Өрсөлдөгчдөө мэх хийх торгон агшинд “Одоо яана аа” гээд гараа өргөөд босоод ирж билээ.
Бараг ордон доргитол орилсон гээд л найзууд минь шоолдог юм. Тэр тэмцээн санаанаас ер гардаггүй. Охин минь биднийг олон удаа баярлуулж байна. Гавьяат тамирчин цол хүртэн, олимпын мөнгөн медальтан болсон гээд бахдам амжилт гаргах бүрт бахархалгүй яах вэ.
Риогийн олимпын дэд аварга болоход нь “Эх орондоо хурдан ирээсэй” гээд хэчнээн хүлээсэн гэж санана.
-Олимпын аваргын төлөөх барилдаанд эргэлзээтэй шүүлтийн улмаас Р.Сильвад дийлдсэн. Та тэр барилдааны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Нөхөр бид хоёр Сумъяаг олимпод зодоглож байхад нутагтаа байсан юм. Баруунтуруунд лав өдөржингөө бороо орсон. Би аваргын төлөөх барилдаан эхэлснээс дуусан дуустал нь уйлж билээ. Охин минь ялалтаа луйвардуулсан, түрүүлэх ёстой байсан гэж ер боддоггүй. Үнэнийг хэлэхэд хэн билээ байз, “Чоно” хочтой нөгөө айхтар бөх (Мацүмото)-ийг ялж, мөнгөн медалийн болзол хангахад нь миний сэтгэл ханачихсан.
“За одоо унасан ч давсан ч яах вэ. Охин минь хийх ёстойгоо гүйцэтгэчихлээ” гээд тайвширсан. Ер нь том цол хүртэхээс илүүтэй амжилт гарган, монгол түмнээ баярлуулах нь юу юунаас чухал гэж би охиндоо захьдаг.
-Зөвхөн Д.Сумъяаг бус та хоёрыг хүртэл монгол түмэн хүндэлж байна, олны танил болохоор ямар бодол төрөх юм бэ?
-Их сайхан шүү. Охиноороо л бахархах сэтгэл юуны түрүүнд төрдөг. Олны ийм сайхан хүндлэл, хайрыг хүлээх хувьтай, азтай төрсөн шүү, бид. Гадуур явж байхад “Сумъяагийн аав, ээж хоёр байна шүү дээ. Сайхан охин төрүүлж, хүмүүжүүлсэн шүү” гэж хэлэхэд сайхан санагддаг.
Хүний хүсэл, мөрөөдөл хязгааргүй. Цаашид өнөөгийнхөөс ч илүү өндөр амжилт охиныг минь хүлээж байгаа. Доржоо бид хоёр Сумъяагаа бүхий л боломж, бололцоогоор дэмжинэ ээ.
-Охины тань төрсөн ээж багад нь нас барсан юм билээ. 23-хан настайдаа өрх тусгаарлан, гурван бяцхан хүүхдийн ээж болох амаргүй байсан нь лавтай.
-Тэр үед их сургуулиа төгсөн, дөнгөж нутагтаа очоод байлаа. Өнчирч хоцорсон гурван хүүхдээ өсгөх гэж тэвдэж яваа ханиа их өрөвдсөн. Эхийн хайр үгүйлэгдэж байгаа болов уу, ийм үед л түшиж тулах хэрэгтэй гэж бодсон ч эхийнх нь орон зайг нөхөж чадах болов уу гэж өөртөө нэлээд эргэлзсэн.
Бүлтийсэн хөөрхөн гурван амьтны инээж, хөхрөх нь хүртэл санаанаас гардаггүй байлаа. Тэгээд Доржоотой гэрлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн. Өөр хүнийг “Ээж ээ” гээд хүлээн зөвшөөрөх амар биш. Нэлээд хугацаа шаардагдах болов уу гэж бодож байтал харин ч эсрэгээрээ байсан. Гурван хөөрхөн эгдүүтэй хүүхэд “Ээж ээ” гээд угтахад ямар гоё байсан гэж санана. Зөв шийдвэр гаргаснаа тэгэхэд ухаарсан шүү.
Тэр хэрээрээ бид бие биедээ хурдан дасаж, эх үрийн нандин холбоо тогтоосон. Гурван хүүхдэдээ дээл, гутал оёод бэр болж очиж байлаа. Багцаагаар оёсон гэхэд яг таарсан шүү. Хар нялхаараа гурван хүүхэд яаж бойжуулна гээд зөвхөн аав, ээж хоёр минь бус нутгийнхан гайхаж байсан гэнэ лээ.
Би бас Баруунтуруун сумынх. Манайх сумын төвд амьдардаг байлаа. Хувцаснуудыг нь угаагаад дэлгэхэд хэц дүүрнэ. Өмнө нь хүүхэд төрүүлж, өсгөж байгаагүй болохоор нэлээд туршлагагүйтэж, тэвдсэн шүү. Тэр бүхэнд аав, ээж хоёр минь их нөмөр, нөөлөг болсон. Одоо бид наймуулаа болж, өнөр өтгөн сайхан амьдарч байна.
Дөрөв нь бараг туурга тусгаарлачихлаа. Сумъяагийн минь гуйлга ирчихсэн. Охины минь найз залууг жүдогоор барилддаг, аймгийн арслан Х.Цогтгэрэл гэдгийг бөхийн хорхойтнууд андахгүй. Зав зайг нь харзнаж, өдрийн сайныг шинжиж байгаад нэг сайхан өдөр хуримыг нь хийнэ ээ. Одоо Тэмүүжин, Боорчи хоёртойгоо л үлдлээ дээ, нөхөр бид хоёр.
-Таны аав, ээж хоёр эргэлзэж байсан болов уу?
-Нэг нутгийнх болохоор аав, ээж хоёр Доржоог андахгүй. Тиймээс намайг ер хориглоогүй “Өөрөө л мэд” гэсэн. Намайг сайн ээж, хань болж чадна гэсэн тэр итгэлийг нь хөсөрдүүлэхгүй байх юм сан гэж хичээсэн.
-Танайх 2003 онд Баруунтуруун сумаас Улаанбаатар хотод нүүж ирсэн юм билээ. Дасахад, хөлөө олоход хүнд байв уу?
-Бүхнийг шинээр, тэгээс нь эхэлсэн. Ямар ч тавилгагүй шахам таван ханатай гэрт амьдардаг байлаа. Ах, дүү нар маань илүүчилсэн ор, хувцасны шүүгээтэй. Гэрээ ачаад, ганц авдартай л хотод ирсэн, бид. Охиныхоо тэмцээний зардлыг олох гээд тэвдэж явсан үе алийг тэр гэх вэ.
Тэр бүхэнд 50 дугаар сургууль, Монголын жүдо бөхийн холбоо, “Хилчин” спорт хорооныхон үргэлж тусалсаар ирсэн. Спортод элэгтэй, хайртай хүмүүс охиныг минь дэмжээгүй байсан бол өнөөгийн амжилтад хүрэхгүй ч байсан юм бил үү. Би 50 дугаар сургуульд багшлаад 14 жил болж байна.
Сайн дурын аян зохион байгуулж, охин минь тэмцээнд оролцоход бишгүй л олон удаа тусалсан. Амжилт гаргаад ирэхэд нь сургуулийнхаа үүдэнд жагсан хүндэтгэлтэйгээр угтан, урам өгдөг байлаа.
-Өнгөрсөн жил танай ангид отгон хүү тань элсэж, хичээлийн шинэ жилийн нээлтэд Д.Сумъяа оролцсон бил үү?
-Тэгсэн. Охин минь манай сургуулийг 2009 онд төгссөн. Өнгөрсөн жил олимпоос мөнгөн медаль хүртсэнийхээ дараа сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоход их бахархсан. Манай хамгийн отгон хүү Боорчи жүдогоор хичээллэдэг. Барилдах их дуртай. Хичээлээ тарангуут бэлтгэлээ хийнэ гээд чавхадчихдаг юм.
Эх сурвалж: Б:БУЯНДАЛАЙ