Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 106 хүн амиа алдсан байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж өнөөдөр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-аас “Даван туулагчдын дуу хоолой” баримтат фото зургийн үзэсгэлэнг Mongolian Properties-ийн цирк дэх байранд нээлээ. Үзэсгэлэнд хүчирхийлэлд өртөж байсан хүмүүсийн гэрэл зураг болон цусанд будагдсан хувцсыг өлгөжээ.
Зөвхөн 2016 оны наймдугаар сарын байдлаар хүчирхийллийн 87 хэрэг үйлдэгдсэн нь өмнөх үеийнхтэй харьцуулхад 54 хувиар нэмэгджээ. Холбогдох албаны судалгаагаар хүчирхийлэл үйлдэгчдийн 43 хувь нь эрүүл, согтуу аль нэг үед, 31 хувь нь эрүүл байхдаа, 26 хувь нь согтуудаа дарамталж, хүчирхийлдэг байна.
Тус ТББ-аас хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай нэгдэж охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулж буй юм. Энэхүү ажлын хүрээнд дээрх үзэсгэлэнг нээжээ. Уг үзэсгэлэнгээр дамжуулан гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст дэмжлэг үзүүлэх юм байна. Мөн энэ үеэр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын гэр бүлтэй хамтран хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, даван туулахад нь туслах холбоог байгуулна гэдгийг зохион байгуулагчид дуулгалаа.