“Zara” сүлжээг үндэслэгч, 81 настай Амансио Ортега энэ долоо хоногт “Forbes” сэтгүүлийн чансаагаар дэлхийн хамгийн баян хүн боллоо. Испани бизнесмэний хөрөнгө өнөөдөр 85 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Зөвхөн сүүлийн сард хөрөнгө нь 1.2 тэрбум доллараар нэмэгджээ.
“Forbes” сэтгүүлийн шинэчлэгдсэн чансаагаар Ортега жагсаалтын эхний байрнаас “Microsoft”-ын Билл Гейтсийг шахан гаргав. Тэр Гейтсээс 200 сая доллараар илүү хөрөнгөтэй болсон байна. Чансааны гуравт саяхан Гейтсийн өмнө орж үзсэн “Amazon” компанийн эзэн Жефф Безос 82.4 тэрбум доллартайгаар бичигджээ.
“Zara” сүлжээний эзэн Ортегагийн амьдралын сонирхолтой баримтуудаас хүргэе.
Амансио Ортега төмөр замчны гэр бүлд төрсөн ба эх нь баян германчуудын гэрийн үйлчлэгч байжээ. Гэр бүл нь ядуу байснаас Амансио дунд сургууль ч төгсгөж чадаагүй бөгөөд 13 настайгаасаа цамцны дэлгүүрт зарлага хийж эхэлсэн байна.
1950 онд Амансио өөрийн ах Антонио, эгч Пепита болон тэднээс хожуу ажилд орсон Росалия Мера нарын ажиллаж байсан ширэн эдлэлийн La Maja дэлгүүрт ажиллах болжээ. Хожим Росалия Мератай тэр гэрлэсэн бөгөөд энэ эмэгтэй түүний анхны эхнэр юм.
Амансиог 14 нас хүрсний дараа тэдний гэр бүл Ла-Корунья (Галисия) хотод өрхийн тэргүүнээ даган нүүдэллэн иржээ. Тэр энд даавууны нугалаа гаргах ажил хийж байгаад нугалааны дизайн, уран сайхны чимэглэл хийдэг итали загвар зохион бүтээгчийн дагалдан болжээ. Тэр үед урлангийн эзэн загварын аж үйлдвэрийн ирээдүйн магнатад “Энэ оёдолчин болж чадахгүй, оёдолчин хүн чинь хөнгөн шингэн, нийтэч байх ёстой” гэж хэлж байжээ.
Амансио 1972 онд 37 настайдаа “Confecciones GOA” нэртэй нэхмэлийн фабрик нээв. Амансиогийн бүхий л хөрөнгөө нийлүүлсэн цагаан хэрэгслийн захиалгыг немц түнш нь 1975 онд гэнэтхэн зогсоожээ. Бизнесээ аврахын тулд тэдний гэр бүл, хосууд хувцасаа бие даан зарахаар шийдсэн байв.
Ингээд тэд Ла-Корунья хотын төв гудамжинд 1975 оны тавдугаар сарын 15-нд “Zorba” нэртэй дэлгүүрээ нээжээ. Дэлгүүрээ тэд өөрсдийн дуртай “Зорба грек” нэртэй киноны Энтони Куинны бүтээсэн баатрын нэрээр нэрлэсэн ч дэлгүүрийг бүртгүүлэхэд хүндрэл гарч нэрийг “Zara” болгосон байна.
“Zara” дэлгүүрийн сүлжээний үндсэн дээр 1985 онд Inditex корпорацийг үүсгэн байгуулжээ. Амансио Ортега морь унах, тахиа үржүүлэх ажилд дуртай гэнэ.
М.ЭРДЭС