[starbox]
Амралтын улирал халаагаа өгч, эх орны ирээдүй охид хөвгүүд өнөөдөр (2017.09.01) эрдмийн өргөөндөө цугларлаа. Эх орны өнцөг булан бүрт ижилдэн дассан найз нөхөд, багш шавиуд уулзаж, хичээлийн гэрэлт танхим баяр хөөр, дуу хуураар бялхаж байгаа. Хичээлийн жил эхэлж байгаа энэ өдөр дэлхийн улс гүрний, орон орны хичээлийн шинэ жил хэзээ, хэрхэн эхэлдэг тухай мэдээллийг бэлтгэн уншигчиддаа хүргэж байна.
ОХУ: Хичээлийн жилийн арга хэмжээ есдүгээр сарын 1-нд эхэлдэг. Нээлтийн арга хэмжээнд цугларсан сурагчид дундаас онцлож, нэгдүгээр ангид элсэн орж байгаа охид хөвгүүд сургуулийн хонхыг цохиж, багш нар сурагчдаа хүлээн авч анги танхимд нь хөтлөн оруулдаг зэрэг нь манай хичээлийн жилийн нээлттэй ижил.
Чех: Тус улсад хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нд эхэлж зургадугаар сарын 30-нд дуусдаг байна. Хичээл нь хоёр семестирээс явагддаг бөгөөд бүх нийтээр амрах баяр ёслолын өдөр болон зул сар, улаан өндөгний баяраар амардаг нь манай боловсролын системтэй адил. Тус улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай дунд сургуульд ялгалгүй, энгийн ангид суралцуулдаг нь сургалтын хөтөлбөрийн нэг онцлог юм байна.
БНХАУ: Хичээлийн жил Хятадад есдүгээр сарын 1-нд эхэлдэг. Тус улсын боловсролын систем бүх иргэд 9 жилийн боловсрол олж авсан байх ёстой. Санхүүжилтийг төр хариуцна гэсэн бодлого хэрэгжүүлдэг. Хүүхдүүд бага сургуульд 6 жил, дунд сургуульд 3, ахлах сургуульд 3 жил суралцдаг. Хичээлийн жилийн эхний өдөр ёслолын байдалтай эхэлдэг.
Япон: Энд шинэ хичээлийн жил дөрөвдүгээр сард эхэлдэг. Япон эрдэмтэд хүүхдүүдийн сурах идэвх, сэтгэхүй хаврын улиралд хамгийн өндөр түвшинд хүрдэг гэж үзсэн нь хичээлийн жил дөрөвдүгээр сард эхлэх шалтгаан болсон байна. Япон хүүхдүүд зургаан настайдаа сургуульд ордог. Сургуулийн элсэлтийн ёслол ирээдүйн сурагчдыг сургуульд орохыг хүсч буй сургуулийн төрлүүдийн тухай бодох боломж олгох хэмжээнд зохион байгууллагддаг байна.
АНУ: Америкийн хүүхэд багачууд наймдугаар сарын сүүлч, эсвэл есдүгээр сарын эхээр албандаа явж эхэлдэг байна. Харин зургадугаар сарын эхээр зуны амралт нь эхэлдэг байгаад зул сараар долоо хоног амардаг гэнэ.
Их Британи: Их Британийн хүүхдүүд ихэвчлэн таван насны төрсөн өдрөөсөө өмнө сургуульд явж эхэлдэг байна. Тэд 11 нас хүртлээ бага сургууль, 16 эсвэл 18 нас хүртлээ дунд сургуульд сурдаг. Хичээлийн шинэ жил манайхтай адил есдүгээр сард эхэлж, долдугаар сард дуусдаг байна. Харин зуны амралт нь ердөө зургаан долоо хоногийн хугацаанд л үргэлжилдэг.
Өмнөд Солонгос: Өмнөд Солонгост хичээлийн шинэ жил гуравдугаар сараас эхэлдэг байна. Тус улсын боловсролын систем хүүхдүүд найман настайдаа ерөнхий боловсрол эзэмшиж эхлэхээр зохицуулагдсан байдаг. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бага ангид элсэгчдээс тусгай шалгалт авч бүртгэдэг бөгөөд тэнцсэн хүүхдүүд хүссэн сургуулиа сонгож элсдэг байна. Дунд сургуулиуд сүүлийн жилүүдэд шинэ элсэгчиддээ дэвтэр үзэг бариулахаас өмнө сурах хэр их сонирхолтойг асууж, урам зориг өгөх олон янзын хөтөлбөр зохиодог. Ингэснээр хүүхдүүдийн суралцах хүсэл тэмүүлэл нэмэгдэж, хичээлдээ идэвхтэй оролцдог байна.
Хойд Солонгос: Хойд Солонгост Ерөнхий боловсролын систем дэлхийн улс орнуудын адил хүүхэд 12 жилийн боловсрол олох ёстой гэсэн бодлогыг хэрэгжүүлдэг. Сургуулиуд хүүхдийн хичээллэх орчныг бүрэн хангасан шаардлага бүхий химийн лабаротори, биеийн тамирын заал гэх мэт бүх тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг. Гэхдээ Төрийн тэргүүнүүдийн агуу түүхэн амжилт, сургамжыг өдөр бүр зааж, цээжлүүлэх нь сургалтын хөтөлбөрийн нэг чухал хэсэг болдог байна.
Австрали: Байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Австралийн хичээлийн шинэ жил нэгдүгээр сарын сүүлээр эхэлдэг байна. Бага ангийн сурагчид ихэвчлэн таван настайдаа ерөнхий боловсролын дунд сургуульд элсэн ордог бөгөөд ихэнхдээ цагаач хүүхдүүд байдаг аж.
Тус улсад боловсролын систем нь сүүлийн жилүүдэд муудах болсныг хүмүүс тэр бүр мэддэгүй гэнэ. Статистик мэдээгээр 15 настай хүүхдүүдийн унших чадвар, математик, шинжлэх ухааны бичиг үсгийн мэдлэгийн түвшин 2000 оноос хойш буурсан үзүүлэлттэй гарчээ.