Хоёр өдөр (2017.08.29-30) дараалан хуралдсан УИХ дахь МАН-ын бүлэг 30 гишүүнийхээ Засгийн газрыг огцруулахаар өргөн барьсан бичгийн асуудлыг нэг тийш нь болгож чадсангүй. Хурлын заалны гадна талд эе эвтэй байгаа мэт царайлсан УИХ-ын гишүүд хуралдааны танхимд сайн муугаа ширүүхэн ярилцжээ. Эхний өдрийн хуралдаан ширүүн өрнөж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нэлээн уурсан, Засгийн газрыг огцруулах бичиг дээр гарын үсгээ зурж гишүүдийн тоог 30+1 болгожээ.
“Алив наад бичгээ аваад ир” гэж байгаад зурсан гарын үсгийнх нь хариуг гишүүд барихаа мартаагүй байна. Тэд “Нямдорж дарга аа, шударга ёс ярих юм бол таны хүүгийн “Эрдэнэт”-ийн асуудал ч хөндөгдөнө шүү гэжээ. Өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хурал өмнөх өдрийг бодвол арай зөөлөн болж өнгөрчээ.
Энэ нь Засгийн газрыг огцруулах санал дээр УИХ дахь МАН-ын 65 гишүүд 50:50 хувийн саналтай болж, асуудал гацаанд орсонтой холбоотой бололтой. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 30 гишүүний цөөнгүй нь бүлгийн хуралд оролцож, байр сууриа илэрхийлээгүй. Тэгээд ч У.Хүрэлсүхийн намын дарга болох хүслээр дэглэж тавьсан жүжиг мухардмал байдалд орж, Шадар сайдыг ичээхдээ тулж байгаа нь гарын үсэг зурсан гишүүдийг үйл явцыг ажиглах хандлагатай болоход хүргэсэн байна.
Тодорхой шийдэлд хүрч чадаагүй энэ хурлууд дээр МАН-ын Бага хурлыг есдүгээр сарын 5-нд хуралдуулах санал яригдсан байна.Энэ асуудлыг Засгийн газрыг огцруулах санал гаргасан УИХ-ын гишүүд гаргаж тавьжээ. Хуралдааны дараа МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Шадар сайд У.Хүрэлсүх нар уулзсан мэдээ байна.
Хэвлэлүүд тэднийг дараагийн Ерөнхий сайдын асуудлаар хэлэлцсэн, Засгийн газрын бүтэц, УИХ-ын дарга болон МАН-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн асуудлаар тохиролцох анхны яриаг өрнүүлсэн хэмээн мэдээлж байгаа. Өнөө маргаашгүй Засгийн газраа огцруулна,огцруулахгүй хэмээн хоёр хуваагдаж, хэвлэл мэдээллээр буруутай, буруугүй хамаг асуудлаа дэлгүүлэн, нүцгэрэхдээ тулж байгаа МАН-ын удирдлагууд дараагийн албан тушаал, түүнийг дагасан хуваарилалтыг энэ уулзалтаар ярих нь юу л бол. Харин тэд үүсээд байгаа асуудлыг дуулиан багатай, дотооддоо шийдэх гарцыг ярьцгаасан байх магадлалтай.
Засгийн газрыг огцруулах асуудлын тухайд өчигдөр (2017.08.30) хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын 30 гишүүний саналыг дэмжихгүй хэмээн шийдсэн байгаа. Байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн ес нь Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн бол найм нь огцруулахыг дэмжсэн байгаа.
Үйл явдалтай зэрэгцүүлэн УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргаад байна. Хэдийгээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн ч асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.
Т.ГАРЬД