БОАЖЯ, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/, Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн хамтран “Монгол Улсад уул уурхайн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Улмаар дээрх төслийн хүрээнд “Уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, сургалтын төв”-ийг байгуулахаар болсон юм. Тэгвэл уг төвийн барилгын шав тавих ёслол өнөөдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн зүүн талд буюу барилга баригдах газарт боллоо.
Шав тавих ёслолд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал болон бусад газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, МХЕГ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газрын нэр бүхий албан тушаалтнууд оролцсон юм. Харин Солонгосын талаас БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/, Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг товч танилцуулснаас гадна уг сургалтын төв бий болсноор уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, туршлага солилцох сургалтад байгаль хамгаалагчид болон бусад мэргэжилтнүүд хамрагдах боломжтой болсныг тэмдэглэлээ. Мөн салбарын менежментийн чадавхыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм.
Элчин сайд У Сун мөн байгаль орчны салбарт хийж буй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, харилцан бие биеэ дэмжиж ажиллахыг хүслээ. Мөн уг төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулах, нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалт, судалгааны төв байгуулах, жишиг нөхөн сэргээлтийн нарийвчилсан судалгаа болон зураг төсөл боловсруулах зэрэг олон талын боломж нээгдэх аж.
Дашрамд дурдахад, төслийг хамтран хэрэгжүүлж буй Солонгосын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци нь тус улсын цорын ганц уул уурхайн сөрөг нөлөөллийн менежментийн мэргэжлийн байгууллага бөгөөд уул уурхайн олборлолтоос үүдэн сөрөг нөлөөлөлд өртсөн газрыг нөхөн сэргээх зорилго бүхий засгийн газрын агентлаг юм.
Эх сурвалж: БОАЖЯ