Хэдхэн хоногийн дараа буюу энэ есдүгээр сарын 19-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Хүртээмжтэй даатгалын талаар санал солилцох Олон улсын уулзалт” болох гэж байна. Уулзалтад манай улсаас гадна Индонез, Вьетнам, Пакистан, Балба, Филиппин, Камбожи, Шриланк Улсын санхүү, даатгалын зохицуулагч байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцох юм.
Уулзалтаар, Азийн даатгалын зах зээл, жижиг, дунд үйлдвэрийн эрсдэл болон эрсдэлийг бууруулах, хөдөө аж ахуйн даатгал, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэрлэлийн онцлог байгалийн давагдашгүй хүчин зүйлс болон бусад эрсдэлүүд, индексжүүлсэн даатгалын технологи, бичил даатгалын бүтээгдэхүүнүүд, үнэлгээ, нөхөн төлбөрийн асуудлууд болон хүртээмж гэх мэт олон чухал асуудлыг Зүүн Өмнөд, Өмнөд, Төв Азийн бүс нутгийн хүрээнд авч хэлэлцэнэ. Хамгийн гол нь хүртээмжтэй даатгалын олон улсын чиг хандлага, тэргүүлэгч туршлагууд, тулгамдсан асуудлууд болон боломжтой гарц, шийдлүүдийг эрэлхийлэхэд уулзалтын ач холбогдол оршиж буй юм.
ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) “Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрт дээрх улс орнууд хамрагддаг бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо 2016 оноос уг хөтөлбөрийн “Бүсийн удирдах зөвлөл”-ийн гишүүнээр ажиллаж байна.
Хөтөлбөрт хамрагдсан улсуудын санал солилцох уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон нь Хорооны зохицуулалт, санхүүгийн зах зээл дэх болон бүс нутгийн хамтын ажиллагаанд үзүүлж буй нөлөөлөл, оролцоог үнэлж буй хэрэг юм. Энэ удаагийн уулзалтаар хэлэлцэх үндсэн асуудлуудын нэг нь хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн байх бөгөөд хүртээмжтэй даатгалын чиглэлээр дээрх улсуудад хийгдсэн, хийгдэж буй ажлууд, ололт амжилт, хүндрэл бэрхшээл, хүртээмжтэй даатгалыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцож, арга туршлагаа хуваалцах юм.
Эх сурвалж: СЗХ