Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлаар өвчилсөн нэг иргэнийг Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторын шинжилгээгээр түүнийг халдвар туссан болохыг тогтоожээ.
Өвчтөн 30 настай М нь тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авснаас болсон аж. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Мөн “Жаргалант” сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний болон бараа, түүхий эдийн зах, үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болон баар, ресторан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг энэ сарын 28-30-н хүртэл түр хугацаагаар зогсоожээ.
Тарваган тахлын байгалийн голомтын идэвхи 7-9-р саруудад хамгийн өндөр байдаг аж. Иймд тарваган тахлын голомтот нутагт тарвага агнахгүй байх, тарваган тахлын голомтот нутгаас агнасан тарваганы мах, арьс, түүхий эд, бүтээгдэхүүнийг хот суурин газарт болон өөр газарт зөөвөрлөхгүй байх, тарвага болон мэрэгч амьтдын бөөс бүүргэнд хазуулахаас сэргийлэх, тарваганы гаралтай түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, хэрэв тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай, аль ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөв.