Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа МУГЖ Ж.Оюундарийг урьж, УДЭТ-аас ирэх сард төлөвлөөд буй намар цагийн аялан тоглолтынх нь талаар ярилцлаа. Тус театрынхан ирэх сарын 9, 10-нд Архангай аймгийн Цэцэрлэгт хотод, 12-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд, 14, 15, 16-нд Улиастай хотод, 19, 20, 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод тоглоно. Аялан тоглолтын уран сайхны удирдаачаар МУГЖ Ж.Оюундарь ажиллаж буй юм байна.
-УДЭТ-ынхан намрын аялан тоглолтоо хийх гээд хөл хөдөлгөөн ихтэй байна. Энэ удаагийн аялан тоглолтоор хэчнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр аль аймгуудад уран бүтээлээ хүргэхээр төлөвлөсөн бэ?
-Монгол Улсын төрөөс баримталж буй Соёл, урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр манай театрынхан хөдөөгийн хөдөлмөрчдөдөө тоглолтоо хүргэж байгаа. Энэ удаа бид Архангай, Завхан, Хөвсгөл гэсэн гурван аймгаар явж, тоглоход бэлэн болчихоод байж байна. Бид нэг аймагт 1-4 хонож, уран бүтээлэлээ толилуулна. Аялан тоглолтод нийт 40 гаруй уран бүтээлч оролцоно.
-Аялан тоглолтын хөтөлбөрт ямар жүжгүүд тоглохоор төлөвлөөд байна вэ. Та ямар дүрд тоглох вэ?
-Манай театрынхан В.Красногоровын долоон уран бүтээлийг тавьж байснаас Н.Наранбаатар найруулагчийн “Би ч гэсэн жаргамаар байна”, Н.Ганхуяг найруулагчийн “Бүүвэй”, “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг гэсэн гурван уран бүтээлтэйгээр орон нутагт явахаар болсон. Миний хувьд “Би ч гэсэн жаргамаар байна” хэмээх гэр бүлийн тухай өгүүлсэн жүжигт тоглоно. Бригадын даргаар Ардын жүжигчин С.Сарантуяа ахалж явна.
-Өнгөрсөн хавар УДЭТ-ынхан Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудаар явж тоглолтоо хүргэжээ. Орон нутгаар явахад театрынхан ирнэ гэсэн хүлээлт хэр их байна вэ?
-Хүлээлт их байдаг шүү. Ялангуяа манай драмын театрынхыг маш их хүлээдэг нь анзаарагддаг. Бид үргэлж явж чаддаггүй, тэд ч үргэлж бидэнтэй уулзаж чаддаггүй болохоор ч тэр үү тийм санагдсан. Манай хошин урлагийнхан бол тоглолт нээлээ л бол орон нутгийнхандаа хүргэж, ойрхон уулзаж чадаад байдаг. Манайхны хувьд аймаг аймгаар явж, жилдээ гурван аймагт уран бүтээлээ хүргэдэг болохоор нэг аймагтаа хэдэн жилийн дараа очих жишээтэй. Тэрнээс болдог ч юм уу, маш их хүлээлттэй байдаг. Зарим аймагт 26 жилийн дараа очсон байна. Жүжиг гэж юу вэ гэдгийг ч бараг мартчихсан байна гэсэн үг. Архангай аймгийн Цэцэрлэгт хотод л гэхэд хамгийн сүүлд 2010 онд, Завханы Тосонцэнгэл, Улиастай, Хөвсгөлийн Мөрөнд 2005 онд очиж байлаа.
-Олон жилийн дараа очиж байгаа юм байна?
-7-12 жилийн дараа очиж байна. Биднийг хүүхдийн жүжиг тоглоход үзэж байсан жаахан хүүхдүүд хэдэн жилийн дараа зарим нь өөрсдөө үр хүүхэдтэй болчихсон, хүүхдүүддээ жүжиг үзүүлэхээр ирдэг. “Би таныг жаахан байхдаа харж байсан. Та яг хэвэндээ байна” гээд л бидэнд урмын үг хэлдэг дээ. Нэг ёсондоо бид хөдөөгийн хөдөлмөрчдөдөө илүү ойр дотно байж, ярилцаж, уран бүтээлээ хүргэдэг. Тэд ч тэр болгон наашаа ирээд үзээд байж чадахгүй шүү дээ. Хөдөөгийн иргэд ч биднийг маш сайхан хүлээн авдаг. Түүнээс гадна аймгийн Засаг дарга нар, бүх л хүмүүс бидэнд их тусалж, аль болох сэтгэлээрээ ханддаг нь сайхан санагддаг даа.
-Хөдөө орон нутагт тоглох жүжгүүдээ яаж сонгож авдаг юм бэ. Иргэдээс хүсэлт ирдэг үү?
-Хүсэлт ирэх тохиолдол бий. Том том жүжгээ явуулаач ээ гээд л. Бид том жүжгээ тавья гэхээр тайз багтахгүй тохиолдол байна. Бүхэл бүтэн том жүжиг аваад явна гэхээд 100 гаруй уран бүтээлч явах хэрэг гарна. Гэхдээ бид эдгээр хэцүү бэрхшээлийг даван туулж, сүүлийн 2-3 жилд том жүжгээ авч явж эхэлж байгаа. Тайзыг нь үзэж судалж байгаад “Тэнгэрийн хүү”, “Ромео Жульетта” зэрэг жүжгээ яг хотод тоглодог хэмжээ, бүрэлдэхүүнээр нь авч явж, тоглож үзүүлж байсан. Иргэд ч “Ямар сайхан юм бэ” гээд л баяртай хүлээн авна. Биднийг энд тоглож байхад “Манай дээр хэзээ ирэх юм бэ. Манай хажууханд тоглож байгаа юм байна” гээд л утсаар залгана шүү дээ. Хөдөө бригадаар явахад том тайзыг арай багасгадаг ч жүжигчид, оролцож байгаа уран бүтээлчид нь тэр чигээрээ, чанарын хувьд хотод тоглож байгаатайгаа адилхныг хүргэдэг.
-Та энэ удаагийн аялан тоглолтод уран сайхны удирдаачаар ажиллах юм байна?
-Түрүүчийн бригадаар би уран сайхны удирдаачаар нь явсан. Уран сайхны удирдагч нь орой болгоныхоо тоглолтыг үзэж, хяналт тавьж, хэн алдаж байна вэ, хэн үгэн дээрээ яаж ажиллаж байна вэ, уран бүтээлчдийн аюулгүй байдал ямархуу байна вэ гэдгийг шалгадаг. Алдсан тохиолдолд хуралдаад, жүжигчдэдээ хэлэх гэх мэтчилэнгээр ажиллаж, чанарын хувьд маш их анхаардаг.
-Хөдөө явна гэхээр өч төчнөөн хувцас, нүүр будаг гээд гэрээ нүүлгэх дайны юм болдог биз?
-Хувь хүмүүс өөрсдөө аваад явах юм бол бараг гурван чемодан юм болно. Гэхдээ манайх театр гэдэг утгаараа хувцасны эрхлэгчтэй. Жүжгийн хувцаснуудаа тусдаа, бригад явахад зориулагдсан эвдрэхгүй тусгай авдарт хийж явна. Харин хувийн эд зүйлс гэвэл том нэг чемодан, жижиг нэг цүнх болдог юм. Тэр бүхэндээ тээршаахаа ч больж, явах ч дуртай болж дээ. Бригадаар явах өдөр бидний баяр баясгалан, аз жаргалын өдөр болон хувирдаг. Хамт олон маань хүртэл өглөө эрт хүрч ирээд театрын үүднээс гаргаж өгдөг. “Баяртай, сайн сууж байгаарай. Биднийг ирэхэд юмнуудаа бэлтгэчихсэн байгаарай. Бид шууд л жүжгэндээ орно шүү” гээд явна шүү дээ. Тэр өдрөө тоглолттой байдаг учраас үүрээр хөдлөх тохиолдол бий.
-Өглөө эрт том чемодантай явна гэж төсөөлсөн чинь…
-Заримдаа шөнийн 03 цагт ч явах тохиолдол байдаг. Ямар сайндаа өглөө такси барьсан чинь жолооч нь “Хүүе ээ, та ийм эрт чемодан саваа бариад хаачих гэж байгаа юм бэ. Гэрээсээ хөөгдсөн юм уу” гээд айсан байдалтай асууж байсан удаатай. “Үгүй ээ, бид хөдөө явах гэж байгаа юм аа” гэсэн чинь “Та даанч баярлаад инээгээд байсан юм аа. Ийм эрт явах юм уу” гэж асуусан. Энэ удаад ч бас бид тэр өдөртөө тоглолттой учраас эрт явна.
-Орон нутгийн үзэгчид хотынхноос ялгаатай тал байна уу. Эсвэл тэд хотынхноос илүү эмоцитой хүлээж авдаг уу?
-Жүжиг жүжгээсээ шалтгаалаад янз бүр. Харин жүжиг дуусаад гараад ирэхэд өөр шүү. Халуун цай бариад орж ирнэ, ядарч байгаа байх, манайд очиж хоол ид гэх жишээтэй. Монголчуудын гэрээ цоожилдоггүй, эвдрээгүй сайхан уламжлал нь алдагдаагүй юм уу гэж боддог. Хотынхон бол цэцэг бариад, баяр хүргэх арга нь өөр байдаг.
-Маш сайхан аймгуудаар аялан тоглолтоо хийх юм байна?
-Тийм шүү. Манай аймаг бүр гоё. Хамгийн сүүлд Хөвсгөлд тоглож байхад маш хүйтэн байсан. Орой буудалдаа орж хоноход эрүү, шүд хавсраад чичирсээр байгаад л орондоо орж хонодог байлаа. Тайзан дээр “Ямар гоё дулаахан байна аа” гээд жүжиглэж байгаа хэрнээ амнаас уур гарсан хүйтэн байсан шүү.
-Намар хотод ирээд хотынхоо үзэгчдэд ямар бэлэг барих вэ?
-Сая амарч орж ирээд л бригад явах бэлтгэл ажлаа эхэлсэн. Бригад яваад ирсний дараа аравдугаар сард түүхэн жүжгүүдээ тоглож эхэлнэ. 10-аад жүжгийн сургуулилт хийж, үзэгчдэдээ хүргэнэ. Түүний зэрэгцээ Н.Наранбаатар найруулагчийн шинэ уран бүтээл Чингис хааны тухай жүжгээ хүргэхээр төлөвлөөд байна. Үүний дараа үргэлжлүүлээд сонгодог жүжгийн өдрүүд, шинэ жил гээд л төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана даа.