Шинжлэх ухааны доктор профессор, хүн судлаач Ж.Батсуурьтай угийн бичиг хөтлөхийн ач холбогдлын талаар ярилцлаа.
-Өнөөдөр монголчууд угийн бичиг хөтлөхөд нэг их ач холбогдол өгөхгүй байх шиг байна. Үүний нэг тод жишээ нь бараг бүгдээрээ шахам Боржигон овогтой болчихсон. Тэгээд түүнийгээ хэдэн янзаар бичнэ. Үнэхээр өөрийнх нь уг үндэс мөн үү гээд судлахаар биш байх жишээтэй?
-Монголчууд өргөн уудам нутагт их цөөхүүлээ амьдарч ирсэн түүхтэй. Аливаа ард түмний хувьд хамгийн үнэт зүйл нь төрөлх газар шороо, хоёрдугаарт удмын сан, гуравдугаарт уламжлалт соёл байдаг юм. Тиймээс улс гүрэн өөрийнхөө хөгжлийн асуудалд цогц хандахыг хичээдэг. Ингэхдээ хүн амынхаа удмын санг ямагт цэвэр ариун, үргэлж тунгалаг байлгахыг зорьдог юм.
Өөрөөр хэлбэл, ямар ч нөхцөлд сэргэлэн цовоо, саруул ухаантай, сайхан бие бялдартай үр удам төрүүлэхийн төлөө л тэмцдэг. Ер нь аливаа амьд амьтан, хүн удмын сандаа цус ойртсон шинж тэмдэг илрэхээс зайлсхийдэг. Ийм гайхамшигтай өв соёлыг бидний өвөг дээдэс олон зууны тэртээ бүтээжээ. Энэ өргөн уудам нутагт цөөхүүлээ амьдарч буй ард түмэн оршин тогтнохуйн эл нууцыг мэдэрч, ухаарч, гайхамшигтай өв соёлыг бүтээсэн байдаг.
Гэтэл энэ гайхамшигтай өв соёлоо мартагнах гээд байдаг болжээ. Зүйрлэж хэлбэл, өнөөгийн залуус аавын талыг авга, ээжийн талыг нагац гэдгийг мэдэж байна. Гэхдээ өөрөөсөө дээш хоёр үеэ л муухан мэддэг. Сайн мэдэж байгаа нь овог нэр, төрсөн жил, амьдарч байсан газар нутаг, хэдэн хүүхэд төрүүлснийг л хэлнэ. Тэгээд түүнээс цаашаа мэдэхгүй болчихдог.
Удмын сангийн мэдээлэл ингэж бүдгэрч байхгүй болохоор ирээдүйд үр удам нь хань ижлээ сонгохдоо ямар төвшинд ураг төрлийн холбоотой байж болох вэ гэдгийг мэдэх аргагүй болчихдог юм. Үүнээс болгоомжилж есөн үеэ мэддэг, есөн үе дотроо гэр бүл болдоггүй байсан гайхамшигт өв соёлыг монголчууд 800 жилийн тэртээ бий болгосон шүү дээ. Их эзэн Чингис хаан үүнийг их хатуу мөрдлөг болгож, авч явсан юм байна.
Энэ тухай хүн төрөлхтний түүхийг бичилцэж байсан тэр том эрдмийн мэргэд хүртэл гайхширч бичсэн байдаг. Ураг удам, ахан дүүсээ мэдэхгүй монгол хүн гэж байхгүй. Өөрөөсөө дээшээ есөн үеэ мэддэг ард түмэн. Ийм учраас үр удам нь хоорондоо гэрлэж, цус ойртох гэсэн ойлголт байдаггүй юм байна гэж бичжээ. Тиймээс өвөг дээдсийн гайхамшигтай энэ өв соёлыг сэргээх нь чухал асуудал юм.
-Гэтэл өнөөдөр нүүдэлчдийн сэтгэхүй өөр болчихсон, зарим аав ээж үр хүүхдээ “Нутгийнхаа хүнтэй л суугаарай. Хүний нутгийн бурхнаас өөрийн нутгийн чөтгөр дээр шүү” эсвэл “Миний хүү голоосоо л хань ижлээ сонгоорой. Хараа бараандаа амар шүү дээ” гэх маягтай, ер нь үр хүүхдээ хол нутгийн айлд өгөх дургүй, аль болох ойр байлгах сонирхолтой болжээ?
-Энэ чинь манай нүүдэлчдийн сэтгэхүй биш. Монгол хүн угийн бичгээ хөтлөхгүй байх, овгоо халах Засгийн газрын тогтоол 1925 онд гарсан. Үүнийг монголчууд өөрсдөө гаргаагүй. Өөрсдийнхөө гараар өөрсдийгөө устгах ийм зүйл хийхгүй нь мэдээж. Хүн төрөлхтний түүхийн тавцанд монголчууд эрэмгий зоригтой, ухаантай, бүхнээс дээгүүр соёл иргэншилтэй, оюунлаг, цөөхүүлээ хэр нь морин дэл дээрээс дэлхийг талыг эзэлж, гүрэн байгуулж явсан ард түмэн.
Нэгэн үе монголчуудыг их муу хэлж, яргачин, дээрэмчин, тонуулчин, хүн төрөлхтний соёл иргэншлийг сүйтгэсэн гээд л байсан. Одоо болсон чинь үгүй юм байна шүү, энэ монголчууд чинь хүн төрөлхтний түүхэнд энх амгалангийн гүрэн байгуулах тэр гайхамшгийг нээж өгсөн юм байна гээд түүхийг ойлгож эхэлж байна шүү дээ.
Тиймээс муу хэлж байсан тэр үедээ “Энэ монголчуудыг хүн төрөлхтний түүхийн тавцанд ахиад гаргачихгүй юмсан” гэж болгоомжилсон байдаг. Тиймээс чимээгүйхэн шиг цаагуураа өв соёлыг нь мартагнуулаад өөрөөр нь өөрийг нь устгуулах улс төрийн үйл ажиллагаа явагдсан юм болов уу гэж бид төсөөлдөг. Өнөөдөр бид жалга довны үзэлтэй, нутгийн хүнтэйгээ гэр бүл болохыг илүүд үзэж, хараа бараатай явахыг чухалчилдаг болсон нь өв соёлыг мартагнуулсны гай.
Аав ээж нь үр хүүхдэдээ “Миний хүү, чи битгий нутаг усныхаа хараа барааны хүнтэй гэрлэчхээрэй дээ” гэж хэлж сургадаг байсан шүү дээ. Гэтэл одоо ойрхноос хараа бараандаа гэр бүл болж болдог юм байна гэдэг ойлголттой болчихжээ. Нөгөөтээгүүр, Монгол нутаг их өргөн уудам. Гэхдээ өвөг дээдсийн түүхээс харахад засаг захиргааны хувьд ердөө дөрвөн аймагт л хуваагддаг байсан. Хангайгаасаа говь руу очдог, говиосоо тал хээрээр дамжаад хангайдаа ордог.
Малаа сайхан оторлож таргалуулаад, нүүдэл бэлчээрээ сэлгэн байгалиа хамгаалж, хайрладаг байжээ. Ингэж явахдаа хол нутгийн залуус хоорондоо танилцаж ижилсэн гэр бүл болдог. Гэтэл одоо энэ дөрвөн аймгийг 21 аймаг 331 сум 1700 шахам баг болгон хуваачихсан. Ингээд газар нутгийг зөгийний үүр шиг болгоод хуваачихаар засаг захиргааны хувьд өөр аймаг, сум болсон залуус хоорондоо танилцаж гэрлэдэг. Энэ нь явсаар байгаад цаагуураа цус ойртолтын аюулыг чимээгүй бий болгож байна.
-Манай улсын хүн амын хэдэн хувь нь цус ойртчихсон байна вэ?
-Монгол Улсын тэдэн хувь нь тэглээ, ингэлээ гэж тодорхойлж болдоггүй үзэгдэл чинь энэ. Цус ойртолт гэдэг бол нуурын ёроолд давсны тунадас хуримтлагдаад жил ирэх тусам бага багаар нэмэгдээд байдаг шиг чимээгүйхэн яваад л байдаг өвөрмөц үзэгдэл. Өнөөдөр хүн амын доторх цус ойртолтыг тодорхойлбол тодорхой төвшинд цус ойртоогүй аймаг, сум гэж байхгүй болсон. Тиймээс бид өнөөдөр үр хүүхдээ сум дотроо битгий гэрлээрэй гэж хэлэхээс өөр аргагүй болчхоод байна. Үүнийг монголчууд дотроо ярих асуудал.
Түүнээс биш гадаадынханд өгөөш болгох зүйл биш. Нууцын зэрэглэлтэй байх ёстой асуудал юм. Өнөөдөр манай улсын хүн амын өвчин эсэргүүцэх, үхэл даах чадвар эрс буурсан. 1990-ээд оны эхээр чихрийн шижин, хорт хавдартай хүн өдрийн од шиг цөөн байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр хорт хавдраар хоёр сартайгаас эхлээд өндөр настай гээд бүх насны хүмүүс өвчилж байна.
Энэ нь нэг талдаа даяаршлын нөлөөгөөр импортоор есөн шидийн хүнс оруулж ирээд идэж байгаатай холбоотой ч нөгөөтээгүүр өв соёлоо мартсанаас улбаатай. Цаагуураа цус ойртох үзэгдэлд нэлээд орчихсон ард түмэн чинь зохисгүй хүнсний хэрэглээний улмаас янз бүрийн өвчтэй болж хэврэгшээд яваад байна шүү дээ.
-Ер нь дэлхийн түүхэнд хүн ам нь цус ойртоод ноцтой байдалд орж байсан жишээ байна уу?
-Байлгүй яах вэ. Ийм нөхцөлд тухайн улс хууль гаргаад, хүн амаа хөдөлгөөнд оруулдаг. Тухайлбал, зам харгуй тавьж өгөн залуусыг хооронд нь уулзах сайхан боломжоор хангаж байсан. Цус ойртохоор хүн амын оюуны чадавх буурч, оюуны хомсдолтой хүүхдийн тоо өсдөг. Ингэхээр шинжлэх ухаан, техникийн гайхамшгийг бүтээх чадвар буурах нь ойлгомжтой.
Тиймээс хүн амаа цус ойртоогүй байсан ч ойртохоос сэргийлж, ийм үзэгдэлд оруулчихгүй байхыг төрийн хар хайрцагны бодлогоороо авч явах ёстой. Аливаа ард түмний дунд цус ойртох үзэгдэл бий болох л юм бол төрөл бүрийн өвчтэй, оюуны хомсдолтой хүүхэд төрдөг нь хууль. Герман, Япон, Орос, Монгол ялгаагүй бүгд адилхан шүү дээ. Гагцхүү тэр ард түмний дунд цус ойртох хүчин зүйлийг бий болгож буй зүйлийг арилгаж, үндэсний аюулгүй байдлын бодлогоороо хамгаалж явах ёстой.
-Цусаа сэлгэж байна гээд гадаадын иргэнтэй гэр бүл болж байгаа монголчууд ч бий. Зарим нь үүнд их дургүйцдэг. Эрлийз, хурлийз хүүхэд төрүүлж цусаа бохирдууллаа гэдэг шүү дээ?
-Гадаадын иргэнтэй гэр бүл болох нь замбараагүй болбол цөөхүүлээ үндэстэн бүр хайлаад алга болно шүү дээ. Тиймээс харийнхантай хэт их ойртож, хэтэрхий олноороо гэр бүл болж болохгүй.
-Гадаадын зарим кинон дээр хааны угсааныхан үеэлтэйгээ сууж байгаа тухай гардаг. Үүнийг залуу үеийнхэн, хүүхдүүд яагаад гэж их асуудаг шүү дээ?
-Хүн төрөлхтний генетикийн сургамжууд бий. Хаан угсааны цус харц хүний цустай холилдох ёсгүй гээд дээдсийн хүрээндээ үржиж өсөж байх ёстой гэдэг үзэл баримтлал түүхийн явцад байсан уу гэвэл байсан. Үүнтэй холбоотойгоор хоорондоо гэрлэсээр байгаад хаан угсаа устаж, бүхэл бүтэн овог аймаг мөхсөн нь ч бий. Ийм жишээ олон. Эмэгтэйчүүдээ хамгаалаагүй үндэстэн мөхдөг, эрчүүдээ дээдлээгүй улс сөхөрдөг гэж мэргэдийн үг бий.
Хүний генетикийн шинжлэх ухаан хөгжиж ирсэн цагаас л үүнийг мэддэг болсон шүү дээ. Ер нь генетикийн шинжлэх ухаан чинь 1900 оноос л хөгжиж эхэлсэн юм. Гэтэл монголчууд генетикийн хуульгүй, энэ шинжлэх ухаан үүсээгүй байхад буюу 800 жилийн тэртээгээс хүний удамшлын шинж тэмдэг яаж өвлөгдөж ирдэг вэ гэдгийг мэдэж байсан. Тэр байтугай малын удмын санг хамгаалж эцэг малыг холоос авчирч тавьдаг уламжлалтай шүү дээ.
Хүн уламжлалт соёлоо гээвэл араатан л болдог. Юуг ч устгаж, юуг ч барьж идэж чадна. Хүнийг хазаарлаж барьдаг зүйл чинь уламжлалт соёл шүү дээ. Үүнийгээ дээдэлж байж бид бүтэн Монгол болно.