-Швейцарийн Бондо тосгоныхон аюул ослын талаар мэдэж байсан тул эртнээс бэлтгэлтэй байлаа. Ингээд байгаль эх ээлжит цохилтоо өгөхөд тэдний хийсэн бэхлэлт дөрвөн сая шоо метр шавар шавхай, чулууг хааж чаджээ-
Швейцарь улсын нийт газар нутгийн 2/3 нь уулархаг бүс. Тийм ч учраас хүмүүс эрт дээр үеэс нуранги, цасан уруйгаас хамгаалж сурчээ. Гэвч энэ сарын 23-нд Швейцарийн Граубюнден кантон, Альпын Валь-Бондаскийн хөндийд болсон томоохон гамшиг эрдэмтдийг бодит аюулд дахин анхаарахаас өөр аргагүй байдалд оруулжээ. Бямба гарагт аврагчид алга болсон найман жуулчныг эрэн хайх гурав хоногийн эрлээ зогсоосон байна. Эдгээр найман жуулчны дөрөв нь герман, хоёр нь швейцарь, хоёр нь австри хүн байсан бөгөөд чулуу унадаг өдөр Ченгало оргил өөд явж байсан аж. Чулуу унаснаас хойхно нуранги үүсч, Бондо тосгонд ирж зогссон бөгөөд тосгоноос 100 орчим хүнийг шилжүүлжээ.
Ингээд баасан гарагт дахин чулуу нурж, аврах ажиллагааг зогсоохоос өөр арга байсангүй. Орон нутгийн засаг захиргаа ч уулын аялалд дурлагчдын очих дуртай энэ бүсэд дахин сүйрэл гарч болзошгүйг анхааруулж эхэлсэн байна. Италитай хиллэдэг хэсгийн Ченгало оргилд байршуулсан мэдрэгчүүд уулын чулуулгууд хөдөлж байгааг зааж, засаг захиргаанаас ч тухайн хэсгийн замыг хэсэгчлэн хаасан аж. Гэтэл тосгон бетонон далангаар хамгаалуулаагүй бол чулууны нуранги илүү аюул дагуулахаар байлаа.
Мөнхийн цэвдэг мөнх биш
Үүгээр байгаль эхийн таагүй сюрприз дуусаагүй гэж эрдэмтэд анхааруулж байна. Үүний гол шалтгаан нь маш энгийн. Альпын өндөр уулс орчим цаг уурын өөрчлөлтөөр улам дулаарч буй юм. Швейцарийн Цас, цасан уруйн хүрээлэнгийн мөнхийн цэвдэг судлаач Марчиа Филиппс “Бид янз бүрийн өндөр боломжтой бүхий л чулуулгуудыг өрөмдөж судаллаа. Хад чулуунуудаас харахад сүүлийн 10-20 жилд илт дулаарсан нь мэдэгдэж байна” хэмээн мэдэгджээ.
Уг нь Альпын чулуу нэгэн төрлийнх байсан бол айх явдал үгүй байлаа. Гэвч Швейцарийн хадан цохионууд тийм биш юм. Үе давхаргаас бүрдсэн, сиймхий зайтай эдгээр чулуулгийн завсар зай нь мөсөөр дүүрсэн байдаг аж. “Мөнхийн цэвдэг нь тогтворжуулах үүрэг гүйцэтгэдэг. Харин агаарын хэм Цельсийн -1.5 градусаар нэмэгдэхэд асуудал үүсч эхэлнэ” хэмээн Филиппс ярьж байна.
Дэлхийн дулаарлын хор нөлөө үүгээр хязгаарлагдсангүй. Үүнд Швейцарийн мөнх цаст мөсөн оргилууд ч өртөж эхэлжээ. Ченгало оргилын хад чулуунуудыг хэдэн мянган жилийн турш цас мөс тогтвортой барьж ирсэн ч сүүлийн жилүүдэд мөс нь хайлж эхэлжээ. Ингээд уул хэтэрхий тогтворгүй, чулуу нурах аюултай болсон тул Филиппс болон түүний хамтрагчид алсын зайнаас судалж, уул руу гарахаас эмээдэг болжээ. “Тэнд ан цав, хад чулуу бүгд амьд, тогтворгүй болсон. Тийм нөхцөл ажиллах нь хэтэрхий аюултай” хэмээн Филиппс ярьж байна.
Цанын баазууд аюулд оржээ
Өндөр уулсын мөнх цэвдэг хайлж буй нь өвлийн аялал жуулчлал сөргөөр нөлөөлж байна. Энд ууланд авирагчдын гол тулгуурыг мөнхийн цэвдэгт тогтоох нь элбэг. Швейцарийн засаг захиргаа үүнтэй холбогдуулан цанын бааз, суурин ажиллуулдаг хүмүүсийг бүтээцийнхээ тогтвортой, найдвартай байдлыг байнга хянах, эргэх хатуу үүрэг хүлээлгэжээ.
Гэхдээ цаг агаарын хэм цаашид нэмэгдэж буй тохиолдолд Альпын чухал салбар өртөж болзошгүй гэж Филиппс үзэж байна. “Зарим нь үүдээ барих, эсвэл дахин шинээр барих шаардлага ч гарч мэдэх юм” хэмээн тэрбээр өгүүлжээ. Швейцарийн Цас, цасан уруйн хүрээлэнгээс “Мөнхийн цэвдэгт яаж барилга барих вэ” хэмээх ном гаргаж, найдвартай, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хүмүүст зөвлөгөөгөө хүргэжээ. Хэдий тийм ч “Техникийн хувьд уг ажиллагааг гүйцэтгэх боломж бий. Гэхдээ маш өндөр өртөгтэй” хэмээн Филиппс мэдэгдсэн байна.
Э.МӨНХЗАЯА