Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн хэргийг шалгаж байгаа Мөрдөн байцаах тусгай алба өнөөдөр (2017.03.06) 15.00 цагт мөрдөн байцаалтын үр дүнгээ танилцуулсан байна. Найман ажилтны хүчээр хэргийг 90 хоног шалгасан тусгай албаны дарга Пак Ёнг Сү “Бид цагдаагийн газраас 20 мянган хуудас бүхий хавтаст хэрэг хүлээн авч ажлаа эхэлсэн бол одоо 60 мянган хуудас баримт бүрдүүлж, цагдаагийн газар хүлээлгэж өгөхөд бэлэн боллоо” гэж мэдэгджээ.
Мөрдөн байцаалтын явцад Ерөнхийлөгч Пак Гын Хе болон бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нар нь үгсэн хуйвалдаж Самсунг группийн дэд ерөнхийлөгч И Че Юнг-ээс 43 тэрбум воны авлига авсныг тогтоожээ. Энэ мөнгөний 21 тэрбум воныг Чуй Сүн Шил-ийн охин Жонг Ю Ра-г морин спортоор хичээллэхэд дэмжих зорилгоор түүний Германд байгуулсан хувийн компанид, харин үлдсэн 22 тэрбум воныг Чуй Сүн Шил-ийн санаачлагаар байгуулагдсан гэгдэж байгаа урлаг, спортыг дэмжих нэр бүхий гурван санд тус тус хандивласан байна.
Мөн Ерөнхийлөгч Пак Гын Хе авлигын мөнгө авсны дараа Самсунг группийн үйл ажиллагааг илт дэмжих хэд хэдэн ажлууд хийснийг илрүүлжээ. Тусгай алба Ерөнхийлөгч Пак Гын Хе болон бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нарыг авлигын гэмт хэргийн хамсаатнууд мөн” гэсэн дүгнэлтийг гаргаж, хавтаст хэргийг цагдаагийн газар хүлээлгэн өгсөн талаар эх сурвалжууд мэдээлжээ.