Хүний зохисгүй үйл ажиллагаа, байгаль цаг уурын өөрчлөлт зэргээс болоод байгалийн өөрийн нь бүтээл үзэсгэлэн төгөлдөр газрууд бүү хэл хүний гараар бүтсэн гайхамшигт зүйлс устаж үгүй болоход хүрээд байгааг эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Юмс, үзэгдэл улам бүр хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед тун удахгүй мөхөж үгүй болох гээд байгаа 23 гайхамшигт газар нутгийг амжиж үзээрэй.
23. Байгалийн цонх. Мальта: Гоцо арал дээр байдаг байгалийн урласан энэ цонх аялагч жуулчдын байнга очдог үзэсгэлэнт газар. Судлаачид үүнийг ердөө хоёр жилийн дараа гэхэд нурж үгүй болно гэсэн байна.
22. Мальдив: Энэтхэгийн далайд оршдог энэ жижигхэн улс жуулчдын заавал очдог газрын нэг. 400 мянган хүнтэй энэ улсын оршдог арал далайн түвшнээс ердөө 1,5 метр болохоор далайн усны түвшин нэмэгдсээр байгаа өнөө үед тун удалгүй иргэд нь дүрвэгсэд болж хувирна.
21. Арал нуур: Узбекстан Казахстан хоёр улсын хил дамнан оршдог энэ нуур 1960-аад оноос ширгэж 2007 он гэхэд анхны хэмжээнийхээ дөнгөж 10 хувь нь устай үлдсэн байсан.
20. Глейшерийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн: АНУ, Канадын хилээс ердөө дөрөвхөн км-т байдаг, аар олон мөсөн уул, голтой газар. 100 жилийн өмнө энд 150 гаруй мөсөн гол байсан бол 2005 онд зөвхөн 27 л үлдсэн байж. Тэгэхээр хэдэн арван жилийн дараа гэхэд бүр үгүй болно гэж судлаачид үзэж байгаа.
19. Ко-Тапу. Тайланд: “Хадаасан арал” гэсэн нэртэй 20 метр энэ цохио Пхангнгаийн буланд бий. Аялагчид, жуулчдын үзэх дуртай энэ үзэсгэлэнт байгалийн энэ урлал удахгүй унаж мэднэ гэж геологчид үзэж байна. Тэгвэл 1974 онд хийсэн Жеймс Бондын тухай цувралын “Алтан буутай хүн” кинонд л дүрс нь үлдэх байх даа.
18. Мадлен арал. Канад: Гэгээн Лаврентийн буланд оршдог энэ арал цав цагаан элсэн наран шарлагын газар, элсэн цохионуудаараа алдартай, жуулчдын очиж усанд орох дуртай газар. Хуурай цаг агаар, хүчтэй салхины нөлөөгөөр мөн л устаж үгүй болох газрын тоонд ороод байгаа.
17. Мөхсөн тэнгис. Иордан, Палестин: Манай гаригийн хамгийн нам дор газар, амралт сувиллын, хамгийн гүн давст нуур, гээд олон зүйлээрээ алдартай энэ нуур 1930 оноос эхлэн ширгэж тал нь үгүй болсон. Одоо жилд усны түвшин нь нэг метрээр доошилж байгаа.
16. Килиманжора уул. Танзани: Халуун хар тивд байдаг ганц мөнх цаст уулын мөсний 85 хувь нь тун ойрын үед хайлж үгүй болно гэж байгаа. Тэгэхээр хар тивд мөнх цаст уул үзэх аргагүй болно.
15. Тахуаманы ширэнгэ. Перу: Перугийн Мадре-де-Дьос умжид байдаг махагоны энэ ойд амьтан ургамлын ховор төрлүүд байдаг. Хамгийн аймшигтай нь ойн модыг хууль бусаар огтчиж, алт олборлож ус орчныг нь бохирдуулж байгаагаас байгалийн тэнцвэр алдагдаж энэ гайхамшигт газар үгүй болоход тун ойрхон байна.
14. Венец хот. Итали: Энэ хотын усан гудамжаар зорчиж үзэх бол яарах хэрэгтэй болох нь. Далайн усны түвшин нэмэгдэж байгаа нь олон хотод аюул учруулж байгаагийн нэгэн адил 50 жилийн дараа гэхэд энэ хот бүхэлдээ усан дор орно гэж судлаачид анхааруулж байна.
13. Таж-Махал. Энэтхэг: Агра хот дахь цагаан гантиган энэ мавзолейг жилдээ гурван сая хүн ирж сонирхдог. Гэтэл агаарын бохирдол, хүчлийн бороо, зэргээс болоод мөхөлд тун ойрхон байгаа гэнэ. 2010 онд хэд хэдэн газар цуурч, ан цав гарсан нь өнөө ч үргэлжилсээр байгаа.
12. Элсэн хаалга. Чех: Чехийн баруун хойд нутагт байдаг энэ элсэн хаалга Европтоо цорын ганц. Хаалганы дээд тал ердөө 80 см үлдээд одоо ч үргэлжлэн нурсаар байгаа нь ойрын 10 жилд бүтнээрээ нурж мэднэ гэж байгаа.
11. Дарвазын галан тогоо. Туркмен: Каракумын цөлд зөвлөлтийн геологчид байгалийн хий олборлох гэж байгаад асар том нүх гарч оргилсон хийг нь шатаагаад удахгүй унтрах биз хэмээн орхисон нь өнөө хүртэл шатсаар байгаа. “Тамд орох хаалга” хэмээх энэ нүх хэдий удаан шатахыг хэн ч мэдэхгүй ч удахгүй унтарч мэднэ гэдэг.
10. Усан доорхи их ертөнц. Австрали: Кораллын тэнгис дэх 344,4 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай энэ ертөнц дэлхийд хамгийн томд орно. Байгаль цаг уурын өөрчлөлт, бохирдол, зэргээс болоод энхийн амьтан ургамал 27 жилийн хугацаанд бараг тал нь үгүй болсон. Зарим эрдэмтдийн тооцоогоор 40 жилийн дараа гэхэд бүрэн үгүй болно гэж байна.
9. Пизагийн цамхаг, Итали: Пизагийн хонхот цамхаг өнөөдөр төвөөсөө 3,9 метр хазайгаад байгаа нь уран барилгачид, судлаачид төдийгүй жуулчид, аялагчдын сэтгэлийг түгшээж байгаа. Итали 1989 онд бэхэлгээ хийсэн ч хазайх нь нэмэгдсээр.
8. Чад нуур. Чад, Нигери, Камерун: Сахарын цөлийн захад байдаг энэ нуур тун удахгүй хуурайшч Арал нуурын замаар орох гэнэ. 1963-1998 онд энэ хавийн улс орнуудын ундаа болж байсан нуур анх байснаасаа одоо 95 хувиа алдаад байгаа. Борооны улирал өөрчлөгдсөнөөс гадна ойг нь огтолж байгаа нь хуурайшч үгүй болоход хамгийн ихээр нөлөөлж байгаа.
7. Науругийн Бүгд Найрамдах Улс: Номхон далайн баруун өмнөдөд 21 хавтгай дөрвөлжин км газар нутагт энэ арлын энэ улс Ватиканы дараа орох жижиг улс. Далайн усны түвшин нэмэгдэж байгаа өнөө үед хамгийн өндөр цэг нь 71 метр энэ арал удахгүй усан дор орно гэнэ.
6. Австралийн 12 цохио: Австралийн Виктория мужийн эрэг орчим Порт-Кемпбеллийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эрэгт байх 12 бурхан гэж нэрлэгдсэн цохионуудаас одоо найм л үлдээд байгаа. Далайн давалгаа энэ цохионоос жилд 2 см элээж байгаа гэхээр тун удахгүй гэсэн үг. Ийм байдлаар дөрөв нь унасан.
5.Мадагаскарын ой: Энэтхэгийн далай дахь Мадагаскар арлын 90 хувийг хамарсан ой нь олон төрлийн амьтан ургамалтай үнэхээр ширэнгэ. Харамсалтай нь ой мод огтлох, байгалийн бохирдол зэргээс болоод ойн 90 хувь нь үгүй болсон. Байгаль хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол 30 жилийн дараа гэхэд ойгүй болно.
4.Франц-Иосифын мөсөн гол: Шинэ Зеланд: Шинэ Зеландын Өмнөд арлын баруун эрэгт байдаг энэ мөсөн голыг үзэх гэж жилд 250 мянган жуулчин зорьж очдог. 2008 оноос хойш хайлсаар байгаа энэ мөсөн гол 100 жилийн дараа гэхэд ор байхгүй болох гэнэ.
3. Ranthambhore үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Энэтхэг: Бараг 400 хавтгай дөрвөлжин км газар нутагтай энэ хүрээлэн хойд Энэтхэгт бий. Байгаль цаг уурын өөрчлөлт, хууль бус агнуураас болоод эндхийн хамгийн гайхамшигт амьтан бар үгүй болоход хүрээд байгаа. Тун яаралтай арга хэмжээ авахгүй бол 15 жилийн дараа гэхэд нэг ч баргүй болно гэж амьтан судлаачид эмзэглэж байгаа.
2. Конгийн усан сан. Баруун Африк: 3,7 сая хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзэлдэг энэ ширэнгэн ой манай гаригийн хүчил төрөгчийн 40 хувийг ялгаруулдаг гэнэ. Уул уурхай, ХАА- эдэлбэр, хууль бусаар мод бэлтгэх зэргээс болоод өнөөдөр 10 сая акр газар ойгүй болсон. Энэ байдлаар бол 2040 он гэхэд энэ ойн 60 хувь нь үгүй болно.
1. Эверглейдсийн эко бүс. АНУ, Флорида: Битүү ой, намаг олон төрлийн амьтан ургамлын оршин байх үндэс болж байгаа ч хүний хүчин зүйл, агаарын бохирдол, үйлдвэр ХАА-н эдэлбэр газар, хог хаягдал гээд бараг талыг нь үгүй болгоод байгаа. Сүүлийн жилүүдэд нэлээд арга хэмжээ авсны үрээр энэ гайхамшигт газар хойч үеийнхэнд үзүүлэхээр үлдэнэ гэж найдаж байгаа.