АТГ-аас өнөөдөр (2017.08.25) өгсөн мэдээлэлд нийгэмд дуулиан тарьсан цөөнгүй хэрэгтэй холбоотой асуудлууд дурдагдав. ЦЕГ, АТГ, ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг 60 тэрбумын хэмээн нэрлэгдсэн хэргийг шалгаж байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдуулан 1400 төрийн албан хаагчаас тайлбар авсан байна. Тэдний дунд УИХ-ын дарга М.Энхболд мөн багтжээ.
Оффшорт данстай Монгол Улсын 29 иргэн 35 аж ахуйн нэгжийг шалгах АТГ, ЦЕГ-ын Ажлын хэсэг шалгалтын ажлаа дуусаагүй байна. Үүнд хамааралтай 29 хүний 23 нь одоо төрийн албанд ажиллаж байгаа аж. АТГ гадаад улсын хамтарч ажилладаг 7-8 байгууллагад оффшорын асуудлаар хүсэлт хүргүүлсэн бол тэдний хоёр нь хариу ирүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар Ерөнхийлөгчид наймдугаар сарын 22-нд танилцуулга хүргүүлсэн гэнэ.
Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр томилогдсон, 2012-2015 онд Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх нарын гурван хүнд холбогдох “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөөс завшсан хэргийг мөн АТГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг шалгаж дуусчээ. Прокурорын байгууллага энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
АТГ, Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг Чингис бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн байна. Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэн шалгаж буй аж.
Түүнчлэн тус газар “Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирлын албыг түр орлон гүйцэтгэж буй Б.Шинэбаатарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж байна. Тэрээр Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нартай хамтран “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан. Бондын мөнгөнөөс хувь хүртэж, авлига авсан хэрэгт буруутгаж байгаа. Хөгжлийн банктай холбогдох хэргийг хоёр тусгаарласан бөгөөд Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг нэг зүйл ангид зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж.
2 comments
xydlaa yarisaar…
Чингис бондоос олон тэрбум төгрөгний зээл аваад улсаар тэглүүлсэн төлбөрөө төлөөгүй Номтойбаяр Гарамжав тэргүүтэй улстөрчдийг шалгаж улсыг хохиролгүй болгож хэрэгтнүүдийг шүүхээр оруулмаар байна