Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн мэрэгжлийн толгой байгууллага – МСНЭ нь үндэсний сэтгүүлзүйн 104 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлзүйн хүндтэй ахмадууд болох МУСГЗ Б.Лигдэн, МУСГЗ Д.Дорждулам, МУСГЗ М.Шийрэв нарт “Алтан өргөмжлөл” хүртээж хүндэтгэл үзүүлэв.
–
МСНЭ өнгөрсөн жилээс эхлэн Монцамэ агентлагтай хамтран “Мэдээний шилдэг сурвалжлагч” шагнал олгодог болсон бөгөөд энэ жил 25-р суваг телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул, iToim сайтын сэтгүүлч Г.Улсболд, фото сэтгүүлч Б.Бямба-Очир нар тус шагналын эзэд боллоо.
– Ойн арга хэмжээний үеэр Монголын сайтын холбооны санаачлагаар МСНЭ тэргүүтэй нөлөө бүхий 16 ТББ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл санал нэгтэй баталсан “Хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэх тунхаг”-ийг төрийн холбогдох байгууллагуудад гардуулж, МҮОНРТ, мэдээллийн Монцамэ агентлаг, “Өдрийн сонин” сонин зэрэг байгууллагууд уг тунхагт шинээр нэгдэж байгааг зарлав.
– Мөн арга хэмжээний үеэр МСНЭ болон Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны хамтарсан санаачлагаар зохиогдож буй “Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд мөн” сэдэвт аяны нээлт боллоо. Энэ аянд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид нэгдэж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн үзэл санаанд харш хууль тогтоомж, шийдвэрийг төрийн зүгээс гаргуулахгүйн төлөө эв санааны нэгдэлтэйгээр тэмцэх юм.
– Мөн МСНЭ-ийн дээд шагналуудаар зарим сэтгүүлчдийг шагнав. Үүнд:
Зохиолч нийтлэлч Сономын Лочин нь Монголын тогтмол хэвлэлүүдэд олон жил бичиж нийтлэж, “Үнэн” сонинд арав гаруй жил ажиллаж, олны таашаалд нийцсэн 1000 гаруй нийтлэл, тэмдэглэл бичиж, сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх үйлсэд хорь гаруй жил зүтгэж, сэтгүүлзүйн судлал шүүмжийн чиглэлээр олон арван өгүүлэл, ном бичиж үндэсний сэтгүүлзүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул МСНЭ-ийн дээд шагнал Ж.Цэвээний нэрэмжит шагналаар;
Доктор /Ph.D/ профессор Долгорын Цэнджав нь сэтгүүлзүйн бичлэгийн төрөл зүйлсээр “Буурал ижийнхээ хөлийг дулаацуулж чадлуу” (эсээний боть. 2010), “Он цагийн шастир” (Сэтгүүлзүй, нийтлэлийн ном. 2010), “Элэгдэхийн аргагүй он жилүүд” (Намтар нийтлэл. 2012) номууд гаргасан, Сэтгүүлзүйн чиглэлээр “Эрэн сурвалжлах сэтгүүлзүй” (сурах бичиг) “Хэвлэл мэдээллийн менежмент” (сурах бичиг) номууд бичсэн, Монголын өдөр тутмын 5 сонинд сурвалжлагчаас эрхлэгч хүртэл алба хашиж, сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан, ХХ зууны Монголын түүхт хүмүүсийн нэг Д.Бодоогийн үндэсний сэтгүүлзүйд оруулсан хувь нэмэр, эдийн засгийн талаар баримталж байсан бодлогын асуудлаар эрэн сурвалжилж, энэ сэдвээр даацтай нийтлэлүүд бичиж байсны учир МСНЭ-ийн дээд шагнал Д.Бодоогийн нэрэмжит шагналаар ;
МСНЭ-ийн гишүүн сэтгүүлч Намсрайн Лутбаяр нь 1990-ээд оны сүүлийн хагасын Монгол орны бодит байдлыг баримтаар нотлох олон сайн нийтлэл, ярилцлага бүхий “Сонинтой хуучраагүй сонирхолтой баримтууд” номыг 2016 онд эмхэтгэн гаргасан тул МСНЭ-ийн нэрэмжит шагналаар тус тус шагнасан байна.
Мөн 2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй сэтгүүлзүйн анхдагчдыг батламжлах ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ удаад сэтгүүлч Ж.Нэргүйг анхдагчаар тодруулсан байна.
Сэтгүүлч Жамъяндоржийн Нэргүй нь 1990 онд Улсын Бага Хурлын Хэвлэлийн төлөөлөгчөөр анх томилогдсоноос хойш 26 жилийн турш Монголын парламентын Хэвлэл мэдээллийн албанд ажилласан; Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын Хэвлэл мэдээллийн албаны анхны даргаар 1991 онд томилогдон тасралтгүй 25 жил ажилласан; Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгчөөр анх сонгогдож, 4 жил ажилласан; Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Хэвлэл мэдээллийн анхны төлөөлөгчөөр томилогдон тасралтгүй 16 жил ажиллаж байгаа; Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны Хэвлэл мэдээллийн анхны төлөөлөгчөөр 1992 онд томилогдон эдүгээг хүртэл тасралтгүй 25 жил ажиллаж байгаа тул “Монгол улсын хэвлэлийн анхны төлөөлөгч” мөн болохыг батламжилсан байна.
Эх сурвалж: МСНЭ