[starbox]
ОХУ хуучин ЗХУ байхад Босни Герцеговина улсад өгөх ёстой байсан 125.2 сая ам.долларын өрөө төлж барагдууллаа. Энэ бол ЗХУ-ын сүүлчийн өр төлбөр барагдуулалт юм. Харин одоо Оросын гадаад өр төлбөрөөс зөвхөн Өмнөд Солонгос улсаас зээлсэн 594 сая ам.доллар үлдсэн гэж Сангийн яамнаас нь мэдэгджээ.
Оросын Засгийн газар, Босни Герцеговинагийн сайд нарын зөвлөл өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд ЗХУ ба хуучин Югославын хоорондын бараа эргэлттэй холбоотой төлбөр тооцоог барагдуулж дуусгах тухай гэрээ байгуулсан юм. Уг гэрээ долоодугаар сарын 20-нд мөрдөгдөж эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 8-нд Орос гэрээний үүргээ биелүүлжээ.
Хуучин өр төлбөр
ЗХУ задрах үед тус улсын гадаад өр 96.6 тэрбум ам.доллар байлаа. 1993 онд ОХУ ЗХУ-ын үүрэг хариуцлагыг өөртөө хүлээхээр болсон байна. Үүнээс гадна тус улс Зөвлөлтийн засгийн төлөхгүй гээд орхисон хаант засгийн өрийг ч төлж барагдуулахаар болжээ.
Ингээд Парисын клубын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу 2006 онд 23.74 тэрбум ам.долларыг өрийг хааж, 2013 онд Черногорын 18 сая ам.долларын, 2016 онд Македоны өрийг барагдуулжээ.
Түүнчлэн өнгөрсөн онд Кувейтэд 1.1 тэрбум ам.доллар шилжүүлж, үлдэгдэл 620 сая ам.долларыг өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд ашигласан байна.
Үүнээс гадна ОХУ хөгжиж буй орнуудын ихэнх өрийг тэглэсэн. Тухайлбал, 2014 онд Кубын 30 тэрбум ам.долларын өр буюу нийт өрийн 90 хувийг чөлөөлж, үлдэгдэл 3.5 тэрбум ам.долларыг 10 жилийн турш 20 тэнцүү хэсэгт хуваахаар болжээ. Мөн Иракийн 21.5 тэрбум, Монгол Улсын 11.1 тэрбум, Афганистаны 11 тэрбум, Хойд Солонгосын 10 тэрбум ам.долларын өрийг тус тус чөлөөлсөн байна. Тэр ч бүү хэл Оросын Засгийн газар Африкийн орнуудад 20 тэрбум гаруй ам.доллар “бэлэглэжээ”. Тус улс нийтдээ 100 тэрбум гаруй ам.долларын өрийг тэглэсэн аж.