Ойрын өдрүүдэд “Эрдэнэс Таван толгойг” ХК-ыг тойрсон асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Өнөөдөр (2017.08.22) “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ Засгийн газарт шийдвэрлэсэн “Цагаан хад” гаалийн хяналтын бүсийг татан буулгах тогтоолыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Энэ бүсийг 2006 онд нүүрс олборлодог, тээвэрлэдэг хувийн компаниуд нэгдэж Гашуун сухайт боомтоор гарах Тавантолгойн нүүрсний уурхайн экспортод зориулж байгуулсан аж. Гэтэл эрх баригчид урьдчилан мэдэгдэлгүй дээрх шийдвэрийг гаргаж байгаа нь 90 км үргэлжилдэг нүүрсний тээвэрлэлтэд үүссэн асуудлыг шийдэхгүй эсэргээр нь хилийн боомт дээрх ачааллыг нэмэгдүүлнэ гэж тэд үзэж байгаа юм байна.
Мөн үүнтэй холбоотой өөр нэг асуудал бол Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн ням гаригаас хойш хугацаагүй өлсгөлөн зарлаад байна. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг ирж уулзаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх шаардлагыг хүргүүлээд байгаа аж. Учир нь тус компанийн оператор Л.Ариунсанг хууль бусаар ажлаас нь халсан гэж тэр үзжээ.