Ихэнх хүмүүс ажлаасаа гэртээ ирээд орой нь хэдхэн цаг тог ашигладаг хэрнээ сарын эцэст цахилгааны мөнгө өндөр гарсан байгаад гайхдаг. Тэгвэл ашиглахгүй байгаа ч залгууранд залгаж орхиосон цахилгаан хэрэгсэл өрхийн хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.

Удирдлагаар нь унтраасан зурагт, залгуурт залгаатай байдаг цэнэглэгч зэрэг нь тог иддэг гэсэн үг юм. Та цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаагүй л бол цахилгааны тэжээлд холбогдсон болохоор цахилгааны тоолуур тань гүйдэг байна. Ингээд эрчим хүчийг зөв хэмнэх аргуудыг танилцуулъя.

1.Цахилгаан чийдэн: Тог бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлттэй чийдэн нь бидний хэрэглэж заншсан Оросын улайсдаг чийдэнгээс ашиглалтын хугацаа нь найм дахин уртаас гадна тогийг 60 хувиар бага зарцуулдаг гэнэ.

2.Хоолны сав: Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуу нь цахилгаан зуухны ширэмтэй ижил хэмжээтэй, дээр нь цэвэрхэн байвал цахилгааныг 70 хувь хүртэл хэмнэнэ гэсэн судалгаа гарчээ.

3.Богино долгионы зуух: Энэ зуух уламжлалт цахилгаан зуухаас 60 хувь бага цахилгаан зарцуулдаг байна.

4.Хөргөгч: Ам бүлийн хэрэгцээндээ таарсан, тасалгаа бүртээ температурын тохируулагчтай хөргөгч сонгохыг зөвлөе. Тухайлбал, хүнс хадгалалтын хэсэгт градусыг нь +3 хэм, хөлдөөх тасалгаанд -18 хэм дээр тааруулах хэрэгтэй. Хөргөгчийг цахилгаан зуух, ус буцалгагчтай ойр байлгах нь тог их идэх шалтгаан болдог байна. Мөн хөргөгчийг 30-50°С хэмтэй бүгчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулахад хүргэдэг аж. Ийм нөхцөлд хөргөгч нь жилд 160 кг, хөлдөөгч 320 кг нүүрс хүчлийн хий ялгаруулдаг гэнэ.

5.Мэдээлэл холбооны хэрэгслүүд: Зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул унтраасан даруйд цахилгааны тэжээлээс залгуураар нь салгаж байвал тогонд хэмнэлттэй. Жишээ нь зурагтыг, 21 цагийн турш “standby” буюу улаан гэрэлтэй байлгах нь гурван цаг асаалттай байлгасны 40 хувьтай тэнцэхүйц эрчим хүч зарцуулдаг байна.

Энэ бүхнээс гадна цахилгаан хэрэглээгээ тарифт электрон тоолуураар тооцуулбал зардлаа тодорхой хувиар бууруулах боломжтой. Тарифт электрон тоолуур цахилгааны хөнгөлөлт үзүүлдэг цагуудыг ч нарийн гаргаж ирдэг бол механик буюу хар тоолуур нь нэг кВт цаг цахилгааныг өдөр, шөнийн аль ч цагт ижил тарифаар буюу хөнгөлөлтгүй үнээр тооцдог юм.

Тарифт электрон тоолуурыг найман жил тутамд нэг удаа 8470 төгрөгөөр баталгаажуулдаг бол хар тоолуурын баталгаат хугацаа гурван жил, баталгаажуулалт нь 4510 төгрөг байдаг. Хар тоолуурыг 13530 төгрөгөөр гурван удаа баталгаажуулах хугацаанд электрон тоолуурыг нэг л удаа 8470 төгрөгөөр баталгаажуулна гэсэн үг.

By updown

3 thoughts on “Тогны мөнгөө хэмнэх таван арга”
  1. Энэ бүхнээс гадна цахилгаан хэрэглээгээ тарифт электрон тоолуураар тооцуулбал зардлаа тодорхой хувиар бууруулах боломжтой. Тарифт электрон тоолуур цахилгааны хөнгөлөлт үзүүлдэг цагуудыг ч нарийн гаргаж ирдэг бол механик буюу хар тоолуур нь нэг кВт цаг цахилгааныг өдөр, шөнийн аль ч цагт ижил тарифаар буюу хөнгөлөлтгүй үнээр тооцдог юм.

  2. Зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул унтраасан даруйд цахилгааны тэжээлээс залгуураар нь салгаж байвал тогонд хэмнэлттэй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн