Манай улс жилд 330 гаруй тэрбум төгрөгийн бор цаасан сав, баглаа боодлын бүтээгдэхүүн хэрэглэдэг. Гаалийн мэдээгээр 2014 онд дэлхийн 17 улсаас 160 тэрбум төгрөгийн сав, баглаа боодол, цаасан бүтээгдэхүүн, 100 орчим тэрбум төгрөгийн хаяг шошго импортоор оруулж ирсэн байна. Нэг тонн цаасыг дундаар 2.3 сая төгрөгөөр авдаг бол хаягдал цаасаа урд хөрш рүү 5-50 төгрөгөөр экспортолдог аж. Монголд бор цаасан хайрцаг үйлдвэрлэгч дөрвөн үйлдвэр бий.
Тэдний нэг “Сайн цаас” ХХК дотооддоо анх удаа бор цаасан хайрцаг үйлдвэрлэж эхэлжээ. Тус үйлдвэр өнгөрсөн онд энэ дамжлагаа ашиглалтад оруулсан ч чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаагүй юм байна. Энэ онд тэд технологио дахин шинэчилж өдөрт 20 тонн бор цаас үйлдвэрлэж эхэлжээ. Үйлдвэр бүтээгдэхүүн дотоодын бор цаасны хэрэглээг 100 хувь хангаж чадах юм байна. Түүхий эдээ өөрсдөө бэлддэг тус үйлдвэр муудаж, салбарсан хог хаягдалтай картон цаасыг нэг кг-ыг нь 10-20, цэвэрхэн картон хайрцгыг нэг кг-ыг нь 30-40 төгрөгөөр тус тус худалдан авдаг аж.