УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр товлогдсон бөгөөд энэ удаад жагсаалт, тойрог гэсэн холимог тогтолцоогоор зохион байгуулна. Сонгуульд оролцох намуудын намын жагсаалтын хэн тэргүүлэх, тойрогт хэн хэнийг нэр дэвшүүлэх нь одоогоор эцэслэгдээгүй байгаа ч нэр дэвшигчид ил, далд бэлтгэлдээ гараад буй.
Энэ удаагийн сонгуульд 26 нам, 2 эвсэл оролцохоо илэрхийлж, мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлээд буй. УИХ-ын сонгуульд оролцох намуудаас МАН, АН, “Үндэсний эвсэл” гэсэн намуудын дунд гол өрсөлдөөн болно гэсэн таамаг байгаа бөгөөд энэ гурван намын жагсаалтыг хэн тэргүүлэх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагтаа нэр дэвшихээр бэлтгэж байгаа бол АН-ын дарга Л.Гантөмөр тойрогт нэр дэвших, жагсаалтаа тэргүүлэх асуудлаа эцэслээгүй гэсэн мэдээлэл бий. Харин Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаярын хувьд намын жагсаалтаа тэргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодрох болоогүй бөгөөд намууд Их, Бага хурлаа хийж, дотоод дүрмийн дагуу нэр дэвшигчдээ тавдугаар сард тодруулах хуулийн зохицуулалттай.
Эх сурвалж: https://news.mn/r/2710124/ Т.ОД