УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн импортын гурил, тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжих үү, татгалзах уу гэдэг дээр шийдвэрээ гаргаж чадахгүй, ацан шалаанд ороод байна. Эрх баригч хүчин бүлгийнхээ хурлаар энэ асуудлыг хэлэлцэн, дэмжих эсэхээ шийднэ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд Засгийн газрын талд зогсож буй.
Гурилын үнийн хөөрөгдлийг бууруулах, хивэг тэжээлийн үнэ өсөхөөс сэргийлж Засгийн газар энэхүү хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлсэн ч цаг хугацааны хувьд тариалалт эхлэхийн өмнө таарсан нь УИХ-ын хувьд тун нухацтай хэлэлцэн шийдвэрлэхээс аргагүй асуудал болж хувираад буй.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн тайлбарласнаар бол хилийн цаана 1 кг гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад Монголд 1 кг гурил 2600-3000 төгрөгийн хооронд хэлбэлзэх болсон. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 2022 оны нэгдүгээр сараас эхлэн гурилын үнэ дээр судалгаа хийж үзэхэд монополь хэдэн компани үгсэн хуйвалдаж гурилын үнээ өсгөсөн. Торгууль тавихад шийдвэрийг нь шүүхэд өгсөн. Шүүхээр асуудал эцэслэгдээгүй буцсан гээд тоочвол бараг хоёр жил шахамын хугацааг дамнан асуудал яригдаж байна.
Валютын нөөц 5 тэрбум ам.долларыг давж, төгрөг долларын эсрэг чангарсаар байгаа ч гурилын үнэ буухгүй өндөр тогтсон нь Засгийн газар өөрсдийн эрх хэмжээний хүрээнд Гаалийн албан татварыг тэглэх замаар үнийн өрсөлдөөн бий болгож, хямд гурил идэх боломжийг ард иргэддээ олгох зорилго тавьсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дунд “импортоор орж ирэх гурилын татварыг тэглэх нь эргээд газар тариалангийн салбарыг унагах эрсдэлтэй тулгана” гэж үзэж байна. Тэр дундаа импортоор орж ирэх гурилд хэмжээ, хугацаа тавихгүй байх нь эрсдэлийг улам өндөр болгож байна гэдгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын зүгээс хөндөөд буй.
УИХ-ын гишүүн Н.Энхболдын хэлснээр 1990-ээд оны сүүл 2000 –аад оны эхэн үед Монгол Улс гурилын хомсдолд орж, талхгүй болоход буудайныхаа өтийг түүж, гурил үйлдвэрлэж байсан гашуун туршлага бий. Энэ түүх давтагдаж болзошгүй.
Гурил стратегийн чухал бүтээгдэхүүн. Иймээс Ерөнхий сайд асан С.Баяр 2008 онд Атар газар эзэмших III аяныг зарласан. Энэхүү аяны үр дүн 2023 онд гарч, Монгол Улс улаан буудай, төмс хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой болсон. Үндсэндээ төр 15 жилийн турш газар тариалангийн салбарыг тордсоны хүчинд стратегийн бүтээгдэхүүнээ гадаадаас хамааралгүйгээр 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдсэн. Хэрэв УИХ энэ асуудлыг зөвхөн гурилын үнийн өсөлттэй холбон ойлгож, Засгийн газрын мэдүүлсэн төслийг тэр хэвээр баталбал газар тариалангийн салбар уналтад орж, Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнээс гадна гурил, улаан буудайн хэрэгцээгээрээ ОХУ-ын хараат болох замд орно гэж үзэж буй.
Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Зөвхөн ОХУ-аас гурил импортолно гэж харж болохгүй. Бусад улс орноос гурил импортлох эрх бүрэн нээлттэй” гэж сөрж байна.
Монгол Улс жилдээ 300 мянга гаруй тонн гурил хэрэглэдэг. Өнгөрсөн онд 456 мянган тонн үр тариа, үүнээс 434 мянган тонн улаанбуудай, 175 мянган тонн төмс, 183 мянган тонн хүнсний ногоо хураан авсан нь хэдэн жилдээ гараагүй түүхэн амжилт гэж салбарын яамнаас мэдээлсэн.
Гурилын үнэ өссөн шалтгааныг эрх баригчдын зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажлаа хийгээгүйтэй холбон тайлбарлаж буй.
Тэр дундаа эрх мэдэл хүрдэггүй гэх шалтгаанаар ацагласан нь буруу гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэж, гурилын үнийг зориудаар өсгөсөн “Милл хаус” тэргүүтэй гурил үйлдвэрлэгчдийг цагдаад өгч шалгуулах ёстойг ч сануулсан.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын өгсөн мэдээллээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Милл хаус” 48 тэрбум, “Улаанбаатар гурил” компани 43 тэрбум, “Өгөөж гурил” компани 37 тэрбум, “Өег гурил” компани 59 тэрбум, “Дорнод гурил” компани 10.5 тэрбум, “Од групп” 2,5 тэрбум, “Хангай миллс” 6 тэрбум, “Хөвсгөл алтан дуулга”, “Эрин цагаан”, “Увс хүнс” компаниуд 1 тэрбум дотор хөнгөлөлттэй зээл авсан байдаг. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 209 тэрбумаар яригдаж буй бөгөөд жилийн 6 хувийн хүүтэй олгогддог.
Эдгээр компани дотор улстөрчийн хамаарал бүхий компаниуд багтсан төдийгүй улстөрчидтэй ойр шадарлаж ирсэн бизнесмэнүүд орсон нь өнөөх л эрх мэдэл, албан тушаалд ойр байдлаа ашиглан хөнгөлөлттэй зээл авчихаад гурилын үнээ өсгөсөн нь шударга бус үйлдэл гэж үзэж байна. Тодруулбал, “Милл хаус” компани нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулынх бол “Улаанбаатар гурил” компани нь Таванбогдын Ц.Баатарсайханых, “Дорнод гурил” компани нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны төрсөн дүүгийнх. “Од групп” нь Ц.Баатарсайханы төрсөн дүүгийнх бол “Өгөөж гурил” компанийн эзэмшигч нь М.Энхтуяа, Б.Даваасамбуу нар юм.
“Увс хүнс” компанийн удирдлагаар Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн сайд асан Н.Цэрэнбат, Монголын Үндэсний худалдааж аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч асан О.Амартүвшин нар ажиллаж ирсэн нь мөн л хардлагын бай болж буй.
Бизнес эрхлэгчдэд жилийн 6 хувийн хүүтэй зээл олдохгүй, 30 гаруй хувийн хүүтэй зээлээр ажлын байр бий болгохоор чардайж явахад дээрх хэдэн нөхөд хямд хүүтэй зээл авсан хэрнээ гурилын үнэ өндөр тогтоосон нь баталгаатай бол хариуцлага ярихаас аргагүй асуудал.
Гэвч гурилын үнийг буулгах нэрийн дор газар тариалангийн салбараа унагаж болохгүй тул эрх баригчдын хувьд алтан дундаж шийдвэр гаргахаас аргагүйд хүрээд байна. Ядахад хэдхэн сарын дараа УИХ-ын сонгууль болно. Хэзээ мөдгүй тариалалт эхлэх ёстой. Иймээс гурил үйлдвэрлэгч нарт “шанаа өгөх” зорилготой Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг дэмжих нэрийн дор тариаланчдын эсрэг шийдвэр гаргах уу, эсвэл өөр гарц гаргалгаа хайх уу гэдэг нь өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар шийдэгдэнэ. Тус бүлгээс гарах шийдвэр УИХ-аар албажиж батлагдана гэж ойлгож болно.
Эх сурвалж: https://news.mn/r/2710212/ Г.ХОРОЛ