“Дэлхийн цирк Монголд-2024” Олон Улсын шилдэг циркийн тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.
“Монгол циркийн хөгжлийн төв”-өөс анх 2013 онд санаачилж уг тоглолтыг зохион байгуулж эхэлсэн ба энэ жил 10 жилийн ой нь тохиож байгаа аж.
Тоглолт амралтын өдрүүдээр буюу гуравдугаар сарын 30, 31, дөрөвдүгээр сарын 6, 7, 13, 14-ний өдрүүдэд AIC Steppe Arena-Мөсөн Ордонд болох юм байна.
Энэ жилийн тухайд Узбекистан улсын Ташкент хотын улсын циркийн дөрвөн бар, хоёр арслан амьтан сургагч болон найруулагчийнхаа хамтаар ирсэн. Мөн Казахстан улсын Астана хотоос ховор үйлдвэрийн эзэн хааны гэх найман пудель нохойг авчраад байгаа аж.
Тоглолтод долоон төрлийн үзүүлбэр багтаад байгаа бөгөөд олон улсын 90 гаруй, Монголын 30 гаруй уран бүтээлчид болон арын албаны зэрэг нийтдээ 160 гаруй уран бүтээлчид ажиллаж байгаа юм байна.
Түүнчлэн Монголд анх удаа хос манеж засаж байгаа бөгөөд энэ нь өндөр хөгжилтэй орнуудад дээд цэгтээ хүрсэн шоу тоглолтын нэг хэлбэр аж.
Циркгүй, стандарт бус газар хийж байгаа нь аюул дагуулах уу гэж олон хүн асууж байгаа ч бүх зүйл стандартын дагуу явна. АНУ, Герман, Канад, ОХУ-ын циркийн шоу тоглолт яг манай “Дэлхийн Цирк Монголд” тоглолт шиг спорт аренад тоглогддог, ямар ч аюул байхгүй гэдгийг тоглолтыг зохион байгуулагчид онцолж байв.
Уг циркийн тоглолтын продюсероор Н.Эрдэнэ, хөтлөгчөөр комиадиан М.Баяржаргал, ерөнхий найруулагчаар Юрий Никулины нэрэмжит циркийн найруулагч нар ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: https://ikon.mn/n/33ql М.БАТЧИМЭГ