Исланд арал улсын Рейкянес хойгт оршдог галт уул Бямба гарагийн орой дэлбэрч, их хэмжээний лаав хүн амын суурьшлын бүс рүү урссан байна.

Уг галт уул өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш дөрөв дэх удаагаа дэлбэрсэн нь энэ юм.

Исландын Цаг Уурын Алба лаавын урсгал Ням гарагийн өглөө удааширч, Сварценги цахилгаан станцын ус дамжуулах хоолойгоос 200 метрийн зайд зогссон тухай өчигдөр мэдээлжээ.

Өмнөх дэлбэрэлтүүдийн үеэр галт уулын ойр оршдог Гриндавик загас агнуурын тосгоны 4,000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн юм. Сүүлийн дэлбэрэлтийн дараа хоёрдугаар сарын 19-нд иргэдийг тосгондоо буцаж очихыг зөвшөөрсөн ч зуу орчим хүн л буцжээ.

Галт уулын дэлбэрэлтийн дараа үүссэн олон зуун удаагийн газар хөдлөлтийн улмаас тосгоны байшин барилгууд нурж, замууд эвдэрсэн юм.

Исланд улс Европ тивд хамгийн олон буюу 33 идэвхтэй галт уултай.

Тус арал нь Атлантын далайн дунд, Еврази, Умард Америкийн тектоник хавтангуудын уулзвар дээр оршдог тул галт уул, газар хөдлөлтийн идэвх маш өндөр байдаг.

Арлын Рейкянес хойгт 2021 оны гуравдугаар сарыг хүртэл найман зуун жилийн турш ганц ч удаа галт уул дэлбэрээгүй байжээ.

Анхны дэлбэрэлтээс хойш 2022 оны найм, 2023 оны арванхоёрдугаар сард дараалан дэлбэрэлт болсон нь энэ бүс нутагт газар хөдлөлт идэвхжлийн шинэ эрин эхэлснийг харуулж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP https://ikon.mn/n/33m2 С.МӨНХЦЭЦЭГ

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн