УИХ-ын 2020 оны сонгуулиар бүрдсэн танхимын сүүлийн хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Хуулийн дагуу тэд 75-аас доошгүй ажлын өдөр чуулах ёстой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж, 18.2-д “…ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ” гэж тус тус заасан байдаг.

Хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа өнөөдрийн хувьд нэгдсэн хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай хэлэлцээд, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ерөнхий сайдын мэдээллээр Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PIS-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийг сонсч хэлэлцэхээр товложээ.

УИХ-ын 2024 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын тогтоолоор баталсан. Нийт 44 асуудлыг хэлэлцэхээр баталсны дотор 18 хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж батлах ёстой. Тухайлбал, Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Ерөнхийлөгчийн тухай, УИХ-ын тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслүүд багтжээ.

Мөн Монгол Улсын 2025 оны Хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэл зэргийг хэлэлцэх юм.

Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай, Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай зэрэг анхаарал татсан хуулиуд жагсаалтад багтсан. Өмнө дурдсанчлан УИХ-ын чуулган хуулийн дагуу 75–аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Тэднийг олон чухал хуулийн төслүүд хүлээж байгаа ч УИХ-ын сонгуулийн жил эхэлж байгаа учраас гишүүд танхимд суугаад байхгүй нь тодорхой. Үндсэндээ ирэх сараас нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлж, 5 дугаар сарын 14-20-нд эцэслэх товтой. Ингээд 6 дугаар сарын 10-наас сонгуулийн сурталчилгаа эхлээд тэд танхимд биш тойрогт ажиллана. Өөрөөр хэлбэл, ажлын 75 хоног хуралдах боломж тэдэнд бараг үгүй. 

УИХ-ын 2024 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт

1/Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

2/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3/Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

4/Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

5/”Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

7/Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;

8/Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

9/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

11/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

12/Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл;

13/Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

15/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

16/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

17/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

18/Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

19/Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

20/Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

21/Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

22/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

23/”Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24/””Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

25/Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл;

26/”Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

27/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;

29/Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

30/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

31/Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төсөл;

32/Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл;

33/Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай Юнидруа /Хувийн эрх зүйн нэгтгэх олон улсын хүрээлэн/-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

34/Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл;

35/Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

36/Цусны донорын тухай хуулийн төсөл;

37/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

38/Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

39/Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

40/Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

41/Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42/Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43/Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

44/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/.

Эх сурвалж: https://www.toim.mn/article/7dfc0a84

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн