Тээврийн цагдаагийн албанаас дөнгөж сая Улаанбаатар хотын авто замд өчигдөр оройноос эхлэн түгжрэлийг бууруулах зорилгоор хийсэн шинэ зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ.
2024 оны гуравдугаар сарын 12-нд 17:50 цагаас 19:20 цаг хүртэлх хугацаанд Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-гийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр өглөөний 07:00-10:00 цаг хүртэл зохицуулалт хийсэн.
17:50 цагаас Чингисийн өргөн чөлөө рүү гурван эгнээтэй болгоод хойноос нь урагш нь явуулахад 18:40 цагийн үед ачаалал багассан. Ажлын зураг авалт хийж байгаа учраас хөдөлгөөн зохицуулалтыг 30 минут сунгаж үзсэн. Энэ үед уулын зам, хойноосоо урагшаа орж ирж байгаа Зайсангийн замын орчим хөдөлгөөний ачаалал эрс өссөн тул хэвийн горимд шилжүүлэх арга хэмжээг 19:30 цагаас хэрэгжүүлээд 20:45 цагт хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн. Нэгэнт үүссэн хөдөлгөөний ачааллыг сийрэгжүүлэх чиглэлээр ажиллаад 21:45 цагт ачаалал байхгүй болсон.
Зайсан орчимын хөдөлгөөний ачаалал 22:00 цагийн үед хэвийн болдог бол баяр ёслолын үеэр 23:00 цагт ачаалал буурдаг.
Өнөөдөр өглөө 07:00-07:30 цаг хүртэл Чингисийн өргөн чөлөө Олимпийн гудамжин дээр хөдөлгөөн зохицуулалт хийхэд 08:26 цаг гэхэд Улаанбаатар хот руу орж ирдэг Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамжинд замын ачаалал байхгүй, хөдөлгөөн сийрэг болсон. ЗХУТ бусад замын хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх зорилгоор тасралтгүй арга хэмжээ авсан.
Цагдаагийн байгууллага эрх үүргийнхээ хүрээнд хаана ямар ачаалал үүсч байна, хаана ямар хэрэгцээ шаардлага байна тэр цэгүүд дээр эсрэг чиглэлийн хөдөлгөөнд тээврийн хэрэгслийг оруулах арга хэмжээг авч байна. Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамжин дээр өчигдөр орой, өнөө өглөө хөдөлгөөнийг эсрэг чиглэлээр өөрчилхөд ямар үр дүн гарч байна вэ гэдгийг минут, минутаар нь зураг авалт хийж, баталгаажуулж байна. Маргааш гэхэд зураг авалт дуусна.
Богино хугацаанд сөрөг хөдөлгөөн хийхэд оройдоо хойноос чиглэсэн хөдөлгөөн, өглөөдөө урагшаа чиглэсэн хөдөлгөөн богино хугацаанд ачааллыг авчихад түгжрэл багасах юм бол энэ зохицуулалтыг тогтмолжуулах чиглэлээр эрх бүхий байгууллагад саналаа хүргүүлэх чиглэлээр ажиллана” гэлээ.
-Энэ шинэ зохицуулалтаас болж иргэд “Өглөө ажил эхлэх цагаар 30 минут түгжирдэг байсан бол 1 цаг түгжирлээ” гэж ярьж байна. Мөн энэ шинэ зохицуулалтын талаарх мэдээллийг өчигдөр 17:00 цагт өгөөд, 17:50 цагт зохицуулалт хийж эхэлсэн. Ядаж хоёр хоногийн өмнө мэдээллээ өгч болдоггүй юм уу. Цаашдаа энэ зохицуулалтыг үргэлжлүүлнэ гэвэл хэцүү биш үү?.
-Нэгдүгээрт замын хөдөлгөөний түгжрэл, ачаалал, осол хэн нэгний хүссэнээр үүсэээд байдаггүй. Хаана ачаалалтай байгааг ЗХУТ болон зам дээр ажиллаж байгаа тээврийн цагдаа мэддэг учраас тухайн цэг дээр очоод шууд зохицуулалт хийдэг. Зохицуулагчийн дохио болон гэрэл дохиогоор зохицуулалт хийдэг.
Мөн зохицуулагч дохиураар хөдөлгөөний чиглэлийг заагаад өгдөг учраас энэ нь тухайн цагт хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт мэдээлж байгаа гэсэн үг юм.
Бид нар ач холбогдолтой үр дүнтэй судалгаа хийхийн тулд ажлын зураг авалт хийж байгаа учраас заавал урьдчилж мэдэгдэлгүйгээр бодит замын ачаалалтай цаг хугацаанд, бодит ачаалал үүсчихсэн энэ газар дээр хийнэ. Иргэд “Энэ яагаад эсрэг урсгалд оруулчихав аа” гэдэг эргэлзээ төрөх учраас Тээврийн цагдаа болон цагдаагийн байгууллагын фэйж хуудсан дээр ийм зорилгоор эсрэг урсгалд оруулж, хоосон замын хөдөлгөөн рүү ачаалалтай хэсгийг шилжүүлж байгаа шүү гэдгийг тухайн цаг хугацаанд мэдээлээд явсан.
Эх сурвалж: Г.ХОРОЛ https://news.mn/r/2708120/