Даваа гарагт Австралийн Сидней хотоос Шинэ Зеландын Оклэнд хотын чиглэлд ниссэн LATAM компанийн нисэх онгоцонд техникийн доголдол гарсны улмаас агаарт хүчтэй донсолжээ.
LA800 нислэгийн дугаартай Boeing 787 Dreamliner онгоц Тасманы тэнгис дээгүүр нисэж явах үеэр уг осол гарсан бөгөөд газардсаны дараа бэртсэн 12 зорчигчийг эмнэлэгт хүргэсэн байна.
Тэдний нэгний биеийн байдал хүнд байгааг Шинэ Зеландын эрх баригчид мэдээлжээ.
Онгоц гэнэт өндрөө алдах үеэр зарим зорчигчид агаарт шидэгдсэнийг гэрчүүд мэдээлсэн байна.
“Суудлын бүсээ зүүгээгүй байсан зарим хүмүүс агаарт нисэж байлаа. Зарим хүн нэлээд хүнд бэртсэн. Хүмүүс бүгд их айж сандарсан” гэж нэгэн зорчигч RNZ телевизэд ярьжээ.
Өөр нэг зорчигч унтаж байгаад донсолгооны үеэр сэрээд хажуугийн зорчигч нь онгоцны таазанд хүртэл үсэрснийг харснаа ярьсан байна
“Тэр тааз мөргөөд буцаж унахдаа суудлын хашлага мөргөсөн. Онгоц даяараа орилж хашхирцгааж байв. Онгоц огцом унаж эхлэхэд надад ингээд дууслаа гэсэн бодол л орж ирсэн” гэж тэр ярьжээ.
Чилийн LATAM компанийн төлөөлөгч нислэгийн үеэр техникийн доголдол гарсны улмаас “хүчтэй донсолгоо” болсныг тайлбарласан байна.
“Онгоц хуваарьт цагтаа Оклэндийн нисэх буудалд газардсан. Зорчигчдынхоо тав тухыг алдагдуулсанд гүн харамсал илэрхийлж байна” гэж тэр мэдэгджээ.
Техникийн доголдлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Оклэнд хотын түргэн тусламжийн албаны төлөөлөгч Жерар Кэмпбэл “Манай баг нийтдээ 50 орчим зорчигчид эрүүл мэндийн туслалцаа үзүүллээ. Тэдний нэгний биеийн байдал хүнд, бусад нь дунд болон бага зэргийн гэмтэлтэй байна. 12 зорчигчийг эмнэлэгт хүргэсэн” гэж мэдээлсэн байна.
АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч Boeing сүүлийн жилүүдэд аюулгүй байдлын дараалсан олон асуудалтай тулгараад байгаа.
Энэ оны эхээр тус компанийн Boeing 737 Max 9 онгоцны ослын хаалга нислэгийн үеэр салж унасан тохиолдол гарч байв.
Шинэ Зеландын эрх баригчид LATAM компанийн онгоцонд гарсан ослын талаар баримт мэдээлэл цуглуулж эхэлсэн бөгөөд шаардлагатай бол шалгалт оруулахаар төлөвлөжээ.
Хэрвээ онгоц олон улсын агаарын орон зайд нисэж явах үед осол гарсан бол Чили улсын холбогдох байгууллага шалгах юм байна.
Онгоц нь өнөөдөр орой Чилийн нийслэл Сантьяго хот руу зорчигч тээвэрлэх хуваарьтай байгааг LATAM компани мэдээлжээ.
Эх сурвалж: AFP https://ikon.mn/n/33gf С.МӨНХЦЭЦЭГ