Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн 2 зүтгүүр Замын-Үүд боомтод тээвэрлэгдэн орж ирлээ.
Уг зүтгүүрүүд нь Монгол орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдсан, хамгийн орчин үеийн инновацын технологийн шийдлийг шингээсэн илчит тэрэг юм.
Дээрх зүтгүүр нь Монгол Улсын MNS 6039 – 2020 стандартын шаардлагыг хангасан, тасралтгүй өсөн нэмэгдэж буй төмөр замын тээвэр, тэр дундаа хүнд даацын төмөр зам дээр туршигдсан, дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай 710 серийн 2 тактын дизель хөдөлгүүртэй, хувьсахаас хувьсах гүйдлийн АС-DC-АС цахилгаан дамжуулгын системтэй, олон улсын хүрээлэн буй орчны TIER2 стандартын шаардлагыг хангасан илчит тэрэгний хөгжлийн 3-р үеийн зүтгүүр юм.
Эдгээр зүтгүүр нь АНУ-ын Индиана муж, Мунсие хотын “Progress Rail A Caterpillar” компанийн зүтгүүрийн үйлдвэрээс төмөр замаар 1,600 км, Зүүн эрэг Атлантын далай 11,700 км, Тяньжин боомтоор авто замаар 920 км, нийт 83 хоног 14,220 км замаар тээвэрлэгдэн Замын-Үүд боомт 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр орж ирлээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг болон холбогдох инженер техникийн бие бүрэлдэхүүн Замын-Үүд боомтод ажиллаж, зүтгүүрийн төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хүлээн авах чиглэлээр ажиллаж байна.