ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн бэлэвсэн эхнэр Юлия Навальная энэ сарын 17-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Путиныг эсэргүүцэж, цуглахыг уриалж байна. Сонгуулийн хамгийн сүүлийн бөгөөд хамгийн шийдвэрлэх 17-ны өдөр санал хураах байрны гадаа жагсахыг Навальная уриалав.
Энэ удаагийн сонгуулиар Путин дахин ялж, 2030 он хүртэл эрх мэдлээ сунгах магадлал тун өндөр.
Энэ талаар Юлия Навальная хэлэхдээ “Путин өөрийнхөө хүссэн сонгуулийн дүнг үзнэ, 80 хувиар, за бүр 180 хувиар ч ялж мэдэх юм. Гэхдээ бид цуглаж чадвал сая сая хүн өөрсөдтэй нь ижил бодол санаатай хүмүүс байгааг олж харна, ганцаараа биш гэдгээ мэдрэнэ. Дайн, авлига, хууль бус байдлыг эсэргүүцэгсэд олон мэдрэх болно. Бид олуулаа гэдгээ, үнэхээр бодит хүмүүс мөн гэдгээ, Путиныг эсэргүүцдэг гэдгээ энэ сонгуулийн өдрийг ашиглаж л харуулах хэрэгтэй. Үүний дараа хэрхэх нь та бүхнээс хамаарна. Путин л биш бол өөр хэнд ч саналаа өгч болно. Саналын хуудсаа хүчингүй болгож болно” гэжээ.
Эх сурвалж: AP