Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх хэсгийг үндэслэн нийслэл Улаанбаатар хотын ерөнхий архитекторын эрх, үүргийг 4 жилийн хугацаагаар гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хэрэгжүүлэх чиг үүрэг:
Нийслэлийн ерөнхий архитекторын эрх, үүргийг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлнэ.
- Хот байгуулалтын баримт бичгийн зургийн даалгаврыг боловсруулах, гэрээ байгуулах, зураг төслийн боловсруулалт, хэрэгжилтийн шатанд хяналт тавих;
- Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот байгуулалт, газрын харилцааны бодлого боловсруулахад санал гаргах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих;
- Нийслэлийн хэмжээнд хот төлөвлөлтийн чиглэлээр хийгдэх техник, эдийн засгийн үндэслэл, төсөл, хөтөлбөрийн ажлын даалгавар боловсруулах, санал өгөх, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах ажлыг зохион байгуулах;
- Орон нутгийн зэрэглэлтэй хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах, хэрэгжилтийг хангах;
- Нутаг дэвсгэртээ орон сууц хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах;
- Барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн даалгавар, нийтийн эдэлбэр газрын тохижилтын ажлын даалгавар боловсруулах, загвар зураг батлах;
- Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн байршлыг тогтоох, батлуулах ажлыг зохион байгуулах;
- Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн ажлын даалгавар, барилгажилтын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, батлуулах;
- Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих төсөл сонгон шалгаруулалт, төсөл хэрэгжүүлэх эрх олгох ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
- Нийслэлийн нутаг дэвсгэрт Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5-д зааснаас бусад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн баримт бичгийн бүрдлийг хангуулж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох, сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах;
- Барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийх;
- Нийслэлийн нутаг дэвсгэрт хот байгуулалтын кадастр хөтлөх, хот байгуулалтын архивын санг бүрдүүлэх;
- Нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах ажилд санал өгөх;
- Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, өөрчлөх, нэрэмжит болгох ажлыг зохион байгуулах;
- Барилга байгууламжид хаяг, дугаар олгох, мэдээллийн санд бүртгэх;
- Барилга байгууламжийн тэг тэнхлэг (улаан шугам), гүйцэтгэлийн байр зүйн зургийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх;
- Инженерийн шугам сүлжээний талаарх төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн барилга байгууламжийн ажлын даалгавар боловсруулах, батлуулах, төлөвлөлтийн трасс зөвшилцөх, мэдээллийн санд бүртгэх.
Мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд нь Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Газрын тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 2010 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм” болон хот төлөвлөлт, хот байгуулалтын салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, нийслэлийн төвлөрлийг сааруулахад чиглэсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөр төслийг боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Хот байгуулалт, барилга захиалагчийн албын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө хариуцна.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Үндсэн шаардлага
- Ерөнхий архитекторын эрх, үүргийг хэрэгжүүлэгч мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд нь Барилгын тухай хуулийн 44.3-т заасан архитекторын мэргэшлийн зэрэгтэй архитектор, инженер, хот төлөвлөлтийн мэргэжилтнээс бүрдсэн багтай байх, үүнтэй дүйцсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшлийн зэрэгтэй байх.
- Мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд нь зөвхөн хот төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлээр дагнан үйл ажиллагаа эрхэлдэг байх.
- Хот төлөвлөлт, хот байгуулалт, архитекторын чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, докторын мэргэжлийн зэрэг, цолтой бол давуу тал болно.
- Тухайн мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдийн ажиллах хүчний 30-аас доошгүй хувийг гадаадын мэргэжилтэн бүрдүүлсэн байх.
- Хот төлөвлөлт, хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн чиглэлээр олон улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай байх.
- Хоёроос доошгүй гадаад хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний ур чадвартай байх.
Бусад шаардлага
- Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, эсхүл олон улсад үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд байна.
- Санхүүгийн чадавх, удирдлага, мэргэжлийн хүний нөөц, техник, технологийн чадвар, мэргэжлийн хариуцлага хүлээх чадвартай байх.
- Тухайн хуулийн этгээдийг татан буулгах, дампуурлыг зарлах үйл ажиллагаа эхлээгүй, эд хөрөнгийг нь битүүмжлээгүй, үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зогсоогоогүй, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу эдгээртэй адилтгах нөхцөл үүсээгүй байх.
- Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өргүй байх.
- Сүүлийн 3 жилийн хугацаанд мэргэжлийн хариуцлага хүлээгээгүй байх, хууль болон гэрээний үүргийг зөрчсөн тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байх.
- Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан нь ял шийтгэлгүй, хуульд зааснаас бусад тохиолдолд нийслэлийн удирдах албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, эсхүл хамаарал бүхий этгээд биш, ашиг сонирхлын зөрчилгүй байх.
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх болон харилцааны өндөр ур чадвартай, стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх чадвартай байх.
Бүрдүүлэх материал
- Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт, мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдийн танилцуулга, багийн гишүүдийн мэдээлэл;
- Хүний нөөц, ажлын туршлага, хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, төслийн жагсаалт, байгууллагын бүтэц тодорхойлсон баримт бичиг;
- Хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4 жилийн төлөвлөгөө, үнийн санал;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй тухай тодорхойлолт;
- Татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, тодорхойлолт;
- Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан нь нийслэлийн удирдах албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, эсхүл хамаарал бүхий этгээд биш, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл;
- Тухайн хуулийн этгээдийг татан буулгах, дампуурлыг зарлах үйл ажиллагаа эхлээгүй, мэргэжлийн хариуцлага хүлээгээгүй, хууль болон гэрээний үүргийг зөрчсөн тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй талаар баталгаа, мэдэгдэл.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг Хот байгуулалт, хөгжлийн газрын info@uda.ub.gov.mn цахим хаягаар болон Хан-Уул дүүргийн 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Яармаг дахь Нутгийн захиргааны байгууллагуудын цогцолбор байрны 2 давхар, 201 тоот хаягаар (Ч.Бадамханд, утас 99246400) 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд хүлээн авна.
Сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг 99115915, 88884272 утсаар болон m.shijirbayar@uda.ub.gov.mn цахим шуудангийн хаягаар холбогдож лавлаж болно.
Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг зохион байгуулж, шалгаруулна.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР