Америкийн Улс төрийн Шинжлэх Ухааны Холбооны хамгийн нэр хүндтэй 154 судлаачийг оролцуулсан АНУ-ын ерөнхийлөгч нарыг үнэлэх санал асуулгыг Хьюстоны Их сургуулийн Брэндон Роттинхаус, Каролинагийн Их сургуулийн Жастин Ваун нар явуулжээ.
Уг санал асуулгаар АНУ-ын бүх 45 ерөнхийлөгчийг нэр хүндээр нь эрэмбэлэхэд Дональд Трамп хамгийн сүүлийн байранд орсон байна.
Түүнтэй энэ оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болзошгүй байгаа одоогийн ерөнхийлөгч Жо Байден жагсаалтын дээрээс 14 дүгээрт эрэмбэлэгджээ.
“Санал асуулгад оролцогчдоос ерөнхийлөгч бүрийг 0-100 оноогоор үнэлэхийг хүссэн. Үүнд 0=муу, 50=дундаж, 100=сайн үнэлгээ юм. Дараа нь бид ерөнхийлөгч бүрийн оноог дундчилж, хамгийн өндөр дунджаас хамгийн бага дундаж хүртэл эрэмбэллээ” гэж судалгааг зохион байгуулагчид аргачлалаа тайлбарласан байна.
Жагсаалтыг иргэний дайнд ялалт байгуулж, боолчлох ёсыг халсан ерөнхийлөгч Абраам Линкольн тэргүүлжээ.
Дэд байранд эдийн засгийн Их Уналтын үе, Дэлхийн Хоёрдугаар дайны үед АНУ-ыг удирдсан Фрэнклин Делано Рузвельт орсон байна.
Дараа нь Жорж Вашингтон, Тэдди Рузвельт, Томас Жефферсон, Харри Трумэн нар жагсжээ.
Анхны хар арьст ерөнхийлөгч Барак Обама жагсаалтын долдугаарт бичигдсэн байна.
Дональд Трампын хувьд бусад аль ч цаг үеийн хамгийн нэр хүндгүй ерөнхийлөгч нараас онцгой муу үнэлгээтэй байжээ.
Тэр ч байтугай ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш нэг сар орчим хугацааны дотор нас барсан Фрэнклин Пирс, Уоррен Хардинг, Уилльям Харрисон нараас ч бага үнэлгээ авсан байна.
Үүнд түүний сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан, Конгрессын ордонд аюултай халдлага гарахад хүргэсэн, албан тушаалаасаа буусны дараа 91 төрлийн гэмт хэрэгт буруудсан зэрэг үйлдлүүд нөлөөлжээ.
Эх сурвалж: The Guardian