Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталсан. Тэгвэл уг хуваарийн дагуу ирэх гуравдугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал сонгуулийн хэсгийг байгуулж хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах юм.
Сонгуулийн тухай хуулиас…
- Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсэг /цаашид “хэсэг” гэх/-ийг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана.
- Хэсэг байгуулахдаа улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийн тоог үндэслэнэ.
- Хэсэг нь суманд 2000-аас дээшгүй, аймгийн төв болон дүүрэгт 3000-аас дээшгүй сонгогчтой байх бөгөөд нэг хэсэгт байх сонгогчийн тоо 200-аас доошгүй байна.
- Сонгогчдын тооноос хамааран баг, хороог хувааж сонгуулийн хэсэг байгуулж болох бөгөөд хороог бусад хороотой нэгтгэн хэсэг байгуулахыг хориглоно.
- Энэ хуулийн 13.1-д заасны дагуу байгуулагдсан хэсгийн сонгогчдыг онцгой нөхцөл байдлын улмаас зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах, хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах асуудлыг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр шийдвэрлэж болно.
Түүнчлэн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал срнгуулийн өдрийг байгуулсан өдрөөс хойш гурав хоногийн дотор мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар хэлтэс-т хүргүүлэхээр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 03-ны өдрийн дотор хүргүүлэх юм.
Сонгуулийн тухай хуулиас…
- Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг байгуулсан өдрөөс хойш гурав хоногийн дотор энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлнэ.
Улмаар улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар хэлтэс Сонгуулийн тухай хуулийн 13.6-д заасан мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Сонгуулийн тухай хуулиас…
- Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс энэ хуулийн 13.6-д заасан мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Дашрамд дурдахад Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах юм. Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичнэ. Харин иргэний шилжилт хөдөлгөөний санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс буюу 2024 оны 06 дугаар сарын 29-нөөс сэргээх юм.
Сонгуулийн тухай хуулиас…
1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.