Нийслэлийн онцгой комисс/НОК/ Пүрэв гарагт хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоожээ. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгосон байна.
Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн.
Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүслээ. Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8,460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан.
Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ болон төвийн зургаан дүүргийн онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаа тул шийдэж өгөх хүсэлтийг ирүүлж байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шар усны үерийн нөхцөл байдал үүсэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зөвлөмжийг ирүүлсэн. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо.
Шар усны үерээс урьдчилан сэргийлж шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахыг УБЗАА-нд даалгаж байна.
Техникүүдийг ирэх хүртэлх хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, тодорхой хэмжээний газрыг хариуцуулж, мөс болон лаг хагшаасыг аваачих байршлуудыг зааж өгөх хэрэгтэй.
Аж ахуйн нэгжүүдтэй хоёрдугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулахыг УБЗАА, шаардлагатай судалгааг гаргахыг ГУББГ-т даалгаж байна” хэмээн хэллээ.
Дээрх зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргах юм.
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын хөрсний ус зайлуулах насосыг байгуулах зураг төсөв, тооцоог гаргаж Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгож, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бодлогын бичиг баримтад дөрвөн голын ай савыг усны тохируулгатай болох төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тусгахыг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгав.