2024 оны нэгдүгээр сарын 1-нээс машин угаалгын газруудад цэвэр ус өгөхийг хориглох буюу гэрээ байгуулахгүйгээр цэвэр ус нийлүүлэхгүй байхаар болоод буй.
Үүнтэй холбоотойгоор машин угаалгын газруудын ус ашиглалтын талаар Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар хот дахь машин угаалгын газруудад хоёр үзлэг хийлээ.
- Усны газар, Туул голын сав газрын захиргаанаас буюу төрийн байгууллагын үзлэг
- Монголын байгаль орчны иргэний зөвлөлийнхөнтэй хамтарсан үзлэгийг тус бүр хийсэн.
Иймээс ард иргэд маань машинаа ямар газар очиж угаалгах вэ гэж сонгохоос илүүтэй аль нь усаа дахин ашиглаж байна вэ гэж үйлчлүүлэхийг уриалж байна. Ингэж байж хамтдаа машин угаалгын газрын асуудлыг шийднэ.
Өөр бас нэг сонирхолтой тооцоолол гарсан.
Манай машин угаалгын газрууд нэг машин угаахдаа хэдэн литр ус зарцуулдаг нь харилцан адилгүй бөгөөд тооцоолол алга. Зарим нь тав, зарим нь 50, 100 литр ус хэрэглэдэг гэж хариулсан. Тэгэхээр бизнес хийж байгаа бол нэг машиныг хэдэн литр усаар угаадагтаа анхаарахыг хүсэж байна.
Одоо автомат машин угаалгын газруудад хүний оролцоогүй учраас машин угаалгын үнэ 12-13 мянган төгрөг байгаа. Хүний оролцоотой машин угаалгын газарт дунджаар машин угаалгын хөлс хамгийн хямд нь 30, үнэтэй нь 86 мянган төгрөг байна. Усаа дахин ашиглаад автомат угаалга руу шилжиж чадвал усаа хэмнээд зогсохгүй машин угаалгын үнийг гурав дахин бууруулах боломжтой гэсэн үг.
Цаашид үзлэг шалгалтуудаа үргэлжлүүлэн хийнэ. Гэхдээ бидний зорилго машин угаалгын газруудыг хаах бус харин ашиглаж байгаа усаа дахин ашиглаж хэмнэдэг болох явдал.
Нэмж хэлэхэд Улаанбаатар хотод 600 мянга орчим автомашин бий. Сар шинийн баяртай холбоотойгоор ойрын гурван өдөрт гурван машин тутмын нэг нь буюу 200 мянган машиныг дунджаар 30,000 төгрөгөөр угаалгана гэж бодвол зургаан тэрбум төгрөг болохоор байна” гэлээ.