Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж байгаа талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, тарифын талаар хэллээ.
-Дүүжин тээвэр нь монголчуудын хувьд шинэ зүйл. Иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгжийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэсайхан: Дэлхийн 80 гаруй улсад ашиглаж буй нийтийн тээврийн хэрэгсэл. Ингэхэд 20-30 жилд томоохон хэмжээний осол гарсан түүх байхгүй.
Хүйтэн үед бүхээгийн суудал доороосоо халдаг, 11 минут тухтай явна. Харин халуун нөхцөлд бүхээгийн салхивчийг нээх боломжтой, агаар сэлгэнэ.
Дүүжин тээвэр хоёр тусдаа эх үүсвэрээс эрчим хүчээр тэжээгдэнэ. Энэ хоёр эх үүсвэрийн цахилгаан тасарвал генератор ажиллаж эрчим хүчээр хангана гэсэн үг. Тог тасрах аюул байхгүй. Аврах төхөөрөмжөөр тоноглогдоно. Онцгой байдлын газартай хамтарч ажиллах нөхцөлүүд бий.
-Иргэд дүүжин тээврээр хэдэн төгрөг төлж, зорчих вэ?
-Одоогийн байдлаар зорчих үнийг тогтоогоогүй. Автобусаар зорчих үнэтэй ойролцоо байх эсэх талаар зөвшилцөх асуудал яригдаж байна.
Ихэнх улсын жишгийг харахад татаацын хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл нийслэл, улс тухайн нийтийн тээврийг санхүүжүүлдэг.
Бидний хийсэн ТЭЗҮ-гээр хугарлын буюу ашиг, алдагдлын тэнцүү цэг нь 2,600 орчим төгрөг байхаар гарсан. Үүнд инфляц болон эрчим хүчний үнэ ороогүй. Эрчим хүчний үнэ хэрхэн нөлөөлөхийг дахин тооцоолох шаардлагатай болно. Иргэд автобусны картаа ашиглан дүүжин тээвэрт сууна.
-Дүүжин тээврийн ашиглалтын хугацаа хэдэн жил вэ?
-Систем 50-100 насжилттай гэж үздэг. Дүүжин тээврийн кабель болон бүхээгийн насжилт өөр өөр хугацаатай.
Пома компанийн ерөнхий инженер Ромайн Паради: Дүүжин тээврийн цамхаг дээгүүр явдаг ган татлагат троссууд болон барилга байгууламжийн насжилт хязгааргүй, маш удаан гэж хэлье.
Хүн тээвэрлэж байгаа учир кабин, тодорхой тоног төхөөрөмж, сэлбэгийг байнга хянаж, шалгаж, тодорхой хугацаанд солих хэрэгтэй.
Системийг ажиллуулж байгаа инженер техникийн ажилтнууд өдөр тутам, 14, нэг сар, хяналт тавина. Хэчнээн километр цаг ашигласныг харж байгаад системийн бүрэн шалгалтыг хийдэг.
Цагт 15,000 хүн тээвэрлэж буй тохиолдолд байнгын хяналт тавьдаг.
Улаанбаатар хотод ашиглалтыг бид хамтран хариуцна. Мэргэжилтнүүдийг сургах юм. Энэ төслийг хэрэгжүүлж эхлэхэд Пома групп Улаанбаатар хоттой 30 жил хамт байна.
Манай групп байгуулагдсан цагаас буюу 1936 оноос хойш дэлхийн 90 оронд дүүжин тээврийг нэвтрүүлээд байна. Улаанбаатарынх анхных. ОХУ-д 20, БНХАУ-д 50 систем нэвтрүүлсэн, бат бөх, европын стандартаар хийгддэг. Засвар үйлчилгээг хэдийд хийхээ бат мэддэг. Монгол Улсын төсөлд 30 жилийн баталгааг өгч байна.
Нэг кабинд 10 зорчигч сууна. Агаарт буй 98 кабин зорчигчоо дүүргээд явахад хамгийн ихдээ 700кВт/цаг эрчим хүчээр татлагат троссыг эргүүлдэг бөгөөд эрчим хүчний хэрэглээ бага. Хүн багатай бол эрчим хүч бүр бага зарцуулагдана.
Тог тасарсан үед агаарт байгаа иргэдийг буулгах аюулгүйн тоноглолыг төлөвлөсөн. Тог тасарсан үед таван минут хүрэхгүй хугацаанд нөөцийн генераторт холбогдоно.
Аюулгүйн босоо болон хэвтээ аргачлалаар ажиллана. Агаарт зогслоо гэхэд хамгийн түрүүнд иргэдийг богино хугацаанд буудал руугаа татна. Аюулгүй ажиллагаа номер нэг ажил учраас бүх зэрэглэлийг тогтоосон. Тухайлбал нэг систем эвдэрлээ гэхэд өөр нэг систем нөхөн ажиллах зэрэглэлээр дүүжин тээврийг тоноглосон байгаа. Хоёр буудлын хооронд хүмүүсийг агаарт үлдээхгүйгээр нөөц хувилбаруудаар тоноглолыг төлөвлөсөн.
Кабин болгонд аюулгүй ажиллагааны тоноглол хийсэн байгаа. Монгол ажилчдыг агаараас аврах ажиллагааны сургалтад хамруулна. Бүх систем зогссон тохиолдолд гурван цагийн дотор аюулгүй болгох дүрмийнхээ дагуу ажиллана. Аюулгүй ажиллагааны систем нь найдвартай.
Дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажилд франц мэргэжилтнүүдийн тусламжтайгаар монгол компани ажиллана. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор 60 орчим ажлын байр бий болно.
Дүүжин тээвэр 06:00-22:00 цагийн хооронд ажиллахаар төлөвлөсөн. Яармагаас нэгдүгээр хороолол ороход автобусаар цаг гаруй явдаг, энэ хугацаа 11 минут болох юм. Нэгдүгээр хороололд амьдардаг иргэн Богд уул руу дүүжин тээврээр явах боломжтой гэсэн үг.
Түгжрэл бууруулахад нөлөөлнө. Бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сараас эхлэх боломжтой гэж үзэж байгаа.
Монгол компанийн сонгон шалгаруулалтыг Францын Пома компани өөрсдөө хийнэ.