Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 08, 2023 оны нэгдүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо.
Энэ үеэр Дарханы Арьс Шир Боловсруулах Үйлдвэртэй холбоотой асуудлын талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг танилцуулав.
Тэрбээр “Дархан Арьс Ширний Үйлдвэртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, хувийн хэвшлийн хийсэн бүтээн байгуулалтыг мэргэжлийн байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргах чиглэлийг байнгын хорооноос гаргасан. Ийнхүү гурван яамны сайдын тушаалаар хамтарсан ажлын хэсэг 2023 оны гуравдугаар сарын 10-нд байгуулагдсан.
Ажлын хэсэг дүгнэлтээр зургаан дэд бүтцийг үнэлсэн. Үүнд:
- Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил нь 13 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Гүйцэтгэгчээс 8.1 тэрбум төгрөгийг оруулсан гэсэн санал гарсан. Харин ажлын хэсгийн дүгнэлтээр 3.1 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн юм. Ажлын явц нь 24.3 хувьтай байна.
- Гадна дулаан, цэвэр усан хангамжийн шугам сүлжээний ажлын төсөвт өртөг нь 14.3 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээс 8.7 тэрбум төгрөгийн санал ирүүлсэн. Ажлыг хэсгээс 5.4 тэрбум төгрөгийг оруулсан бөгөөд 46.6 хувийн гүйцэтгэлтэй гэсэн дүгнэлт гаргасан.
- Гадна холбоо дохиолол болон технологийн уур үүсгэгч хоёр дээр ажлын хэсэг дүгнэлт гаргаагүй.
- Цэвэрлэх байгууламжийн ажлын төсөв өртөг нь 41.2 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээс 16.3 тэрбум төгрөгийн санал ирүүлсэн. Ажлын хэсгийн дүгнэлтээр 5.1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж, 12.7 хувийн ажлын явцтай байна.
- Үйлдвэрүүдийн гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын хос шугам сүлжээний ажлын төсөвт өртөг нь 16.3 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээс 11.4 тэрбум төгрөгийн санал ирүүлсэн. Эрчим хүчний үндэсний төвийн дүгнэлтээр 7.6 тэрбум төгрөг буюу 46.6 хувийн гүйцэтгэлтэй гэж гарсан.
Энэ дүгнэлтээс хойш Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам болон Хөгжлийн Банкнаас нэгдсэн байр суурьтайгаар саналаа илэрхийлж хувийн хэвшлийг удаа дараа хүлээсэн.
Хувийн хэвшлээс ТУЗ-өө хуралдуулах, албан бичиг өгөх байдалтайгаар хугацаа хожих маягтай явсаар 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийн уулзалтын саналын дагуу энэ сарын 5-ны эцсийн саналаа ирүүлсэн.
Тус саналаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/27 тоот тушаалаар баталгаажсан Дарханы Арьс Ширний Цогцолбор төслийн таван багц дэд бүтцийн ажлын үнэлгээг дахин үнэлэх саналаа тусгасан.
Ингэхдээ аудитын үнэлгээний дүнг суурь үнэлгээ болгон тооцож, зах зээлийн үнийн индексээр дахин тооцож үнэлгээг шинэчлэх буюу нэмэгдүүлэх саналаа илэрхийлсэн.
Хувийн хэвшлүүд ажлын хэсгийн үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа. Өөрсдийн үнэлгээний олон улсын стандарт, үнэлгээний тухай хууль, аудитын тухай хуультай уялдуулан дахин үнэлж, Хөгжлийн Банканд шилжүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Дарханы Арьс Ширний Үйлдвэрийн 180 га газрыг Хөгжлийн Банканд шилжүүлэхдээ нэг га-г нэг тэрбум төгрөгөөр тооцон тодорхой хэсгийг шилжүүлнэ гэсэн. Ингэхдээ ямар эрх зүйн үндэслэлээр газрыг үнэлснээ нотлоогүй.
Хувийн хэвшлийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, газраа нэмж үнэлнэ, одоогийн үнэ хашаа нэмнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн. Төслийн талбайд хийгдсэн дэд бүтцийн барилга байгууламжийн ажил дөрөв дэх жил рүү орж байна.
Арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөлд зориулж хийгдсэн ТЭЗҮ, БОННҮ, үйлдвэрийн барилгууд, дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийн зураг төслийн ажил үнэгүйдэх эрсдэлтэй байна” хэмээн танилцуулав.