Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр Японы Засгийн газрын тэтгэлгээр Ёкохамагийн Үндэсний их сургуульд санхүү мэдээллийн системийн чиглэлээр бакалавраа, Хитоцүбаши их сургуульд эдийн засгийн ухаанаар мастераа хамгаалсан. Эх орондоо эргэж ирээд Монголын санхүүгийн зах зээлийн хөгжилд сурсан мэдлэг, хуримтлуулсан туршлагаа зориулж яваа залуу боловсон хүчний нэг төлөөлөл билээ. Бидний яриа санхүүгийн зах зээл дээрх карьер, хувь хүний хөгжил, боловсролын үнэ цэнэ зэрэг сэдвийг тойрон өрнөлөө.
-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Таны багын мөрөөдөл зорилго юу байсан, мэргэжлээ хэрхэн сонгож байсан, Япон дахь оюутны амьдралын талаар нь яриагаа эхлүүлье?
-Танд болон уншигчдад нь энэ ѳдрийн мэндийг дэвшүүлье. Эдийн засагч мэргэжил миний багын мѳрѳѳдѳл байгаагүй, нэлээд хожим сонгосон. Хүүхэд байхдаа инженер, зохион бүтээгч болох мөрөөдөлтэй байв. Зураг зурах дуртай, гэрээрээ дүүрэн хийнэ, аавтайгаа нийлж тоглоомон машинаа задлаад, моторыг нь онгоцондоо угсарна. Том болоод яваандаа сонирхол маань өөрчлөгдсөн. Орос сургуульд сурдаг ч хэл уран зохиол гэхээсээ илүү тоонд сонирхолтой байсан. Москвагийн анхдугаар матемематикийн олимпиадад түрүүлж ОХУ-д тэтгэлэгтэй сурах эрхээр шагнуулж байв. Математик дараа нь санхүү, эдийн засгийн чиглэлээр сурахад их чухал суурь болсон. Харин Оросын классик зохиолуудыг бүр хожим Японд оюутан болж очсон хойноо уншаад, 10 жилдээ уншаагүйдээ харамсч байв.
Их сургуульд сурахаар Японд анх очихдоо арлын орныг дайны нуранги дундаас босгож ирсэн компаниудынх нь амжилтын нууц юу вэ гэдгийг мэдэхийг хүсч байлаа. Иймд бакалавртаа менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр сурсан. Санхүү, нягтлан бодох бүртгэл, хүний нѳѳц, маркетинг, компанийн хууль гээд хичээлүүд үзнэ. Мѳн дэлхийд нэртэй япон компаниудын захирлууд, эсвэл амжилттай гарааны бизнес эрхэлж байгаа энтрепренёрууд кампуст ирээд туршлагаасаа хуваалцдаг практик лекцүүд их сонирхолтой санагддаг байв. Хичээлийн бус цагаар ресторанд цагийн ажил хийх, сургуульд цагаар багшлах, сайн дурын япончуудтай хамтраад Монголын соёлыг Японд таниулах зорилготой “Хаврын баяр” гэдэг фестивалийн зохион байгуулалтад оролцох, мѳн сургуулийнхаа гадаад оюутнуудтай сагс тоглодог байв. Хичээлээс гадуур иймэрхүү зүйл хийхэд, ялангуяа япончуудтай хамтарч ажиллах үед цагаа тѳлѳвлѳх, багаар хамтарч ажиллах чадварт нэлээд суралцдаг.
Тѳгсѳх дѳхѳөд, яг ирээдүйн карьераа сонгох болоход 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал тохиолдсон. Компаниуд дампуурч, ажилгүйдэл ѳсч байна гээд дандаа л бараан мэдээ гарч байлаа. Тухайн үед дэлхий даяар олон сая хүний амьдралд маш хүчтэй нѳлѳѳлсѳн ийм том хямралыг яагаад хэн ч харсангүй вэ, яагаад сэргийлж чадсангүй вэ гэдэг шүүмжлэлүүд их анхаарал татсан. Иймд ер нь эдийн засаг хэрхэн ажилладаг вэ гэдгийг том зургаар нь ойлгохыг хүссэн тул мастерт үргэлжлүүлэн сурч, эдийн засгийн ухааныг судлахаар шийдэж, энэ мэргэжлийг сонгосон.
-Эдийн засгийн чиглэлээр судалгаа хийх ямар байв?
-Эдийн засгийн ухаан дотроо олон чиглэлтэй. Макро эсвэл микро онол, статистик эконометрик, хѳгжлийн эдийн засаг, мѳнгѳ санхүү, тоглоомын онол, зан тѳлѳвийн эдийн засаг гэх зэргээр салаалдаг. Миний хувьд яагаад зарим улс орнууд илүү ѳндѳр хѳгжилтэй байна вэ, Монгол шиг хѳгжиж байгаа улс орнууд ямар сорилттой тулгардаг, юун дээр алддаг вэ, яавал хѳгжил дэвшилд хүрэх боломжтой вэ гэх зэрэг асуултуудад хариулт олохыг хүсч байв. Ингээд магистрын хугацаанд судлаачийн амьдралаар хоёр жил амьдарсан. Тусдаа оффистой, хагас бүтэн сайн ялгаагүй судалгаан дээрээ сууна, заримдаа сандал эгнүүлж тавиад оффистоо хононо. Академик магистрын программын хувьд бизнесийн сургууль эсвэл тѳрийн бодлогын магистр зэрэг практик курсуудээс ялгаатай. Яг нэг сэдэв дээр тѳвлѳрѳѳд судалгаа хийдэг, цааш докторт явах хүмүүс их байдаг. Эдийн засгийн ухаан бакалаврт үзсэн зүйлээс ѳѳр, шинэ зүйл байсан тул богино хугацаанд нэлээд их унших, мѳн эдийн засгийн мэргэжилтэй танил, найзуудаасаа асуух зүйл их гардаг байсан.
Судалгааны сэдвийн хувьд “Шинэ газарзүйн эдийн засаг” гэдэг чиглэлээр хийсэн. Газарзүйн байршил эдийн засагт нѳлѳѳлдѳг талаар аль А.Смитийн үеэс (1776 он) яригдаж ирсэн ч, энэ сэдвээр анхны Нобелийн шагналыг харьцангуй хожим буюу 2008 онд П.Кругман хүртсэн, шинэ сэдэв юм. Кругмантай олон судалгааны ажил хамтарч бичсэн, Японоос эдийн засгийн ухаанаар анхны Нобель авах болов уу гэж яригддаг байсан М.Фужита судалгааны ажлын удирдагч профессорын маань багш байсайн нь сонирхолтой тохиолдол байсан. Тухайн үед Т.Фридманы “Дэлхий хавтгай” гээд ном бестселлер болоод удаагүй, глобалчлал болон технологийн ачаар дэлхийн аль ч ѳнцѳг булангаас бизнес хийж, тэнцүү ѳрсѳлдѳх боломжтой боллоо гэдэг яриа моданд орж байсан үе. Гэтэл яг үнэн хэрэгтээ газарзүйн байршил эдийн засагт хэзээ ч байгаагүйгээр чухал болж байлаа. Үүнийг шѳнѳ сансраас нэг зураг аваад л харуулчихаж болно. Жишээ нь, Америкийн баруун болон зүүн эрэг, Баруун Европ, Хятадын далайн эргийн Шанхай, Шенжен гэх зэрэг тод гэрэлтэй хэсгүүдэд эдийн засгийн үйл ажиллагаа тѳвлѳрч байгаа нь харагддаг. Бизнесийн салбарт ч кино үйлдвэрлэл Холливуудад төвлөрч, IT компаниуд Цахиурын хѳндийд, санхүүгийн компаниуд Лондонд, загварын компаниуд Миланд гэх мэт тѳвлѳрдѳг шүү дээ. Ер нь бол дэлхийн хүн амын 20 хувь хүрэхгүй нь цугларсан бизнес, эдийн засгийн хэдхэн том тѳвүүдэд дэлхийн эдийн засгийн 70 хувь орчим, технологийн инновацийн 90 хувь орчим нь бий болж байна. Хүн амын үлдсэн 80 хувийн тухайд дэлхий хавтгай биш, жишээ нь Цахиурын хѳндийн старт-ап ч юм уу, Миланы загварын студитэй ѳрсѳлдѳхѳд газарзүйн байршил нь сул тал болдог. Хүн тѳрсѳн газраа насыг элээх нь дээр үед ердийн үзэгдэл байсан бол одоо бизнесийн том тѳвүүдээс дэлхий даяар сүлжээтэй мультинационал компаниуд ирээд идэх хоол, ѳмсѳх хувцас, хэрэглэх зүйлсийг нь зарж борлуулж, жижиг бизнес, хувь хүмүүстэй ч шууд ѳрсѳлдѳж байна. Харин эсрэгээрээ ѳрсѳлдѳнѳ гэдэг маш хэцүү. Ж.Сакс гэх зэрэг зарим эдийн засагчид “Газарзүйн байршил тухайн улс орны хувь заяаг шийдэх үү” гэдэг асуултыг хүртэл тавьж, ялангуяа далайд гарцгүй орнууд ихэвчлэн эдийн засгийн хувьд ядуу буурай байгааг онцолсон байдаг. Монголын хувьд ч эрт дээр үеэс одоог хүртэлх түүхэнд газарзүй нэн чухал хүчин зүйл болсоор ирсэн. Тухайлбал нүүдлийн мал аж ахуй, үүнээс улбаалсан соёл зан заншил, 18-20 зуунд Европын шинжлэх ухааны хѳгжлөөс ч тэр дэлхийг хамарсан дайн байлдаанаас тусгаарлагдсан байдал, 1990 он хүртэлх социалист нийгэм, одоогийн нүүрсний экспорт зэрэг нь байршилтай салшгүй холбоотой. Шинэ газарзүйн эдийн засагт байршил нь худалдаа болон ѳрсѳлдѳх чадвараар дамжаад эдийн засагт хэрхэн нѳлѳѳлдѳг, аль байршилд ямар бизнес яагаад тѳвлѳрч байна вэ гэдэг онолын гаргалгааг хийж, аливаа улс институцийн хѳгжлѳѳр байршлын сул талыг яаж даван туулдаг вэ гэх зэргийг тайлбарладаг тул их сонирхолтой сэдэв байв.
Японы ард түмний татварын мөнгөөр буюу 400 сая орчим төгрөгөөр боловсрол эзэмшсэн
-Өндөр хөгжилтэй оронд сурч, туршлага хуримтлуулаад түүнийгээ Монголдоо зориулах, эх орондоо нутагшуулах хүсэлтэй монгол залуусын нэг төлөөлөл нь Та. Японд ажиллаж амьдрах боломж, сонголт гарсан байх. Монголдоо ирж ажиллах шалтгаан тань юу байсан бэ?
-Миний хувьд Японд карьер хѳѳж үлдээд, япон бизнесийн соёлд уусч ажиллах сонирхол бага байсан. Энэ нь гадаад хүмүүсийн хувьд нийтлэг тохиолддог зүйл болов уу. Хэдийгээр Япон орон найрсаг хүмүүстэй, үзэсгэлэнт байгальтай, нийгэм нь аюулгүй орчин боловч яг корпорейт амьдрал нь хүн бүрт тохирох зүйл биш. Монголд ирэх шийдвэрээ болохоор 2012 онд гаргасан. Тухайн үед Монгол эдийн засгийн ѳсѳлтѳѳр дэлхийд тэргүүлж, олон улсын нэр хүндтэй сонин хэвлэлүүд хүртэл эхний нүүрэндээ Монголын тухай нийтлээд, гадаадад суугаа монголчууд, гаднын хѳрѳнгѳ оруулагчдын сонирхлыг ид татаж байсан үе. Ингээд л 7 жил гадаадад амьдарсны дараа эх орондоо буцаж ирээд юу хийж чадахаа үзье гэж бодсон.
Японд ажиллах боломжийн хувьд бол тэнд ажиллах хүчний дутагдал ихэсч байгаа, мѳн япон компаниуд дэлхийд гарахыг зорьж байгаа тул гадаадуудыг авч ажиллуулах сонирхол ихтэй. Мастераа хамгаалсан Хитоцүбаши их сургууль гэхэд “Toyota”, “Nintendo”, “Bridgestone”, “Rakuten” гээд олон компанийн удирдлагуудын төрөлх сургууль, төгсөгчдийн дундаж цалингаар Японд нэгт жагсдаг. Японы ерөнхий сайд, сангийн сайд гээд өндөр төвшний тѳрийн албан хаагчдыг тѳрүүлдгээрээ ч алдартай. Одоогийн Японы тѳв банкны ерѳнхийлѳгч Х.Курода гэхэд манай сургуулийн профессор байсан хүн. Иймд тѳгсѳгчид нь зѳвхѳн Япон гэлтгүй олон улсын тавцан дээр карьерийн ѳргѳн сонголттой, төгсөгчдийн холбоо нь дэлхий даяар сүлжээтэй байдаг. Сурах хугацаанд Японы Засгийн газар таатай нѳхцѳлѳѳр хангаж, Японы ард түмний татварын мөнгөөр боловсролд маань хөрөнгө оруулсанд үргэлж талархаж явдаг. Ойролцоогоор $150 мянга буюу одоогийн ханшаар 400 сая орчим төгрөгийг зарцуулсан байдаг.
-Монголбанкинд яагаад ажиллах болсон бэ. Тѳв банкинд ажиллахад юунаас эрч хүч авдаг вэ?
-Улсынхаа тѳлѳѳ, Тѳв банкиндаа ажиллана гэдэг мэдээж нэр төрийн хэрэг. Мѳн маш хариуцлагатай, том сорилт юм. Гэхдээ Монголд анх буцаж ирээд эхний хэдэн жил арилжааны банкинд, санхүүгийн шинжээчээр ажилласан. Эрсдэлийн үнэлгээ, ашигт ажиллагааны шинжилгээнүүд хийж банкны удирдлагууд, хувьцаа эзэмшигчид, зохицуулагч байгууллага, зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудад танилцуулах, жилийн тайлан болон хѳрѳнгѳ оруулагч, харилцагч нарт зориулсан хэвлэмэл бүтээгдэхүүнүүд дээр ажилладаг байв. Монголын эдийн засаг банк суурьтай учраас санхүүгийн систем яаж ажилладгийг, ѳрхүүд болон аж ахуйн нэгжүүдийн санхүү, мѳнгѳний урсгалаар дамжуулж эдийн засгаа микро төвшинд ойлгох боломж байсан. Мөн банкинд яг ид хүндрэлийн үед ажилласан нь чухал туршлага болсон. Ажилд ороод удаагүй байтал хадгаламж ѳсѳхѳѳ болиод, зээлүүд чанаргүйдэн, ханшин дээр ч хэлбэлзэл нэмэгдээд эдийн засаг ер нь сайнгүй болж байгаа нь хүчтэй мэдрэгдэж байлаа. Монголд 2014 оноос ѳрхийн бодит орлого 12 улирал дараалан агшиж, 90-ээд оноос хойшхи хамгийн хүнд уналтын үе тохиосон. Улмаар эдийн засаг дефляци буюу Япон зэрэг хѳгжсѳн орнуудад ихэвчлэн ажиглагддаг үнэ буурах үзэгдэлтэй нүүр тулж, улс ѳрийн дефолтын ирмэг дээр ирж, Валютын сангийн түүхэн дэх хамгийн том хѳтѳлбѳрүүдийн нэгт хамрагдахад хүрсэн. Хүндрэлийн улмаас 2011-2012 онд эдийн засаг сайн байхад Монголдоо эргэж ирсэн олон ч найз, танилууд эргээд гадагш гарцгааж байлаа. Ёстой нөгөө “Их санасан газар…” гэдэг шиг л зүйл болсон болов уу. Гэхдээ гадаад орчинд ч эдийн засаг сайн байгаагүй. Дэлхий нийтээрээ л санхүүгийн хямралаас гарахаар оролдож байсан үе. Хѳгжсѳн орнуудад макро бодлогын орон зай бага, тѳв банкууд нь эдийн засгаа тулах ганц найдвар нь болж байв. Монголын хувьд ч эдийн засаг Тѳв банкаас их хамааралтай болж, тухайн үеийн хэт хурдтай тэлэх бодлогын сѳрѳг үр дагаврууд банкны салбарын эх үүсвэр талд ч, барилгын зах зээл дээр ч, үнэ ханшин дээр ч хүчтэй мэдрэгдэж байсан. Энэ үеэс л илүү макро төвшинд ажиллаж үзье, санхүүгийн системийн гол бодлогыг удирддаг Тѳв банкинд орж ажиллая гэж бодох болсон.
Монголбанкинд анх ажилд орохдоо миний хамгийн сайн чадах, оруулж болох хувь нэмэр юу вэ гэж бодоод олон нийттэй харилцах нэгжийг сонгосон. Нэг талаас эдийн засаг, санхүүгийн зах зээлтэй холбоотой нийтлэлүүд бичдэг, нийгмийн мэдлэг боловсролд хувь нэмэр оруулахыг хүсдэг байсан тул үүнийг илүү ѳргѳн цар хүрээнд хийх боломжтой санагдсан. Нѳгѳѳ талаас Тѳв банкийг гаднаас нь харж байсан тул илүү нээлттэй, ил тод болгоход хувь нэмэр оруулах хүсэлтэй байсан. Ингээд жил гаруй хугацаанд олон нийттэй харилцах сувгуудыг хѳгжүүлэх чиглэлээр ажилласан. Хэрэв та анзаарсан бол одоо Монголбанкны сошиал хуудсууд, хэвлэлийн хурлууд, олон нийтэд хандсан арга хэмжээ, эвентүүд, вебсайт болон бусад хэвлэмэл бүтээгдэхүүнүүд нэлээд ѳѳр болсон байгаа. Дараа нь мѳнгѳний бодлого боловсруулах нэгж рүү шилжиж, одоо бодлогын дизайн, түүний тооцооллыг хийдэг багт ажиллаж байна.
Tѳв банкны карьерийн хувьд олон чадварлаг мэргэжилтнүүдтэй, цуг ажиллахад эрч хүч, урам зориг ихтэй байдаг. Дэлхийн шилдэг сургуулиудад сурсан, Монголын онцлогоо ч сайн мэддэг чадалтай залуус олон. Мѳн Монголбанк залуу хүнд ѳндѳр үүрэг хариуцлага үүрүүлдэг соёлтойг одоогийн менежментийн багаас харж болно. Энэ хугацаанд төв банкны олон нийттэй харилцах харилцаа, Макро зохистой бодлогын стратеги боловсруулах, Мөнгөний бодлогын хорооны үйл ажиллагааг шинэчлэх, Монголбанкны хүний нөөцийн бодлогыг шинэчлэх, финтекийн хөгжил болон блокчейн технологийг судлах гэх зэрэг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, эдгээр сэдвээр олон улсын шилдэг туршлагуудыг судалж, заримыг нь Төв банкинд нэвтүүлэхэд оролцсон нь үнэтэй туршлага болсон. Мѳн яг одоо Монголын санхүүгийн зах зээл 90-ээд оны шилжилтээс хойшхи хамгийн том ѳѳрчлѳлтийн дунд байна. Эдгээр нь ѳнгѳрсѳн жилүүдийн эдийн засгийн хүндрэлээс авсан сургамж, хүндрэлийг даван туулахад чиглэсэн арга хэмжээнүүд юм. Тѳв банкны тухай хууль, Банкны тухай хууль тэргүүтэй 10 гаруй хууль шинэчлэгдэж, эрх зүйн орчны цогц реформ хийгдэж байна. Активын чанарын үнэлгээ, эрсдэлд суурилсан хяналт шалгалт, шинэ стандарт дүрэм журам гээд банкны салбарыг илүү бат бэх байлгахад чиглэсэн шинэчлэлүүд ч ѳрнѳж байна. Тѳв банкны институцийн тогтолцоог бэхжүүлж, олон улсын шилдэг арга барилыг нэвтрүүлэх, мѳнгѳний бодлого дээр ѳѳрчлѳлт тохиргоонууд хийгдэхээс гадна, 2008 оны хямралаас хойш олон улсад эрчтэй хѳгжиж байгаа макро зохистой бодлого шинээр нэвтэрлээ. Энэ дунд санхүүгийн салбарт насаараа ажилласан туршлагатай хүмүүсийн хувьд ч үзээгүй шинэчлэл цѳѳнгүй бий. Ийм олон өөрчлөлт нэг дор зэрэг хийгдэж байгаа энэ үед чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулж, энэхүү шинэчлэлийн процессын нэг хэсэг нь болох нь залуу хүний хувьд том сорилт, том боломж гэж боддог.
-Бодлого боловсруулалт дээр ажиллахын сорилттой тал нь юу вэ. Судлаач, эсвэл банкны шинжээч байхаас ялгаа нь юу вэ?
-Академик судалгааны ажил хийх үед өөрийн сонирхсон сэдэв дээрээ төвлөрөөд суухад л болдог. Банк болохоор харилцагчтай байгуулсан гэрээгээ биелүүлэх, хувьцаа эзэмшигчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой учраас шинжээчийн ажил ч энэ зорилготойгоо нэлээд уялдах ёстой байдаг. Харин бодлого боловсруулалт бол нийгмийн сайн сайхан байдлыг хамгийн их байлгахыг зорьдгоороо онцлог. Тѳв банкны хувьд инфляцийг тогтвортой байлгах, эдийн засаг дахь санхүүгийн зуучлалыг хэвийн, найдвартай байлгах замаар үүнд хувь нэмэр оруулдаг.
Тэгвэл “Нийгмийг сайн сайхан байлгана” гэдэг нь юу гэсэн үг вэ гэдэг асуулт гарч ирнэ. Нийгэм байтугай нэг хүний хүсэл ч хоорондоо зѳрчилддѳг. Жишээ нь, “амттан идмээр байгаа мѳртлѳѳ жингээ хасмаар” байна, эсвэл “мѳнгѳтэй болмоор байна гэхдээ ажил хиймээргүй байна” гэх мэт. Гэтэл нийгмийг бүрдүүлж байгаа маш олон хүний эрх ашиг, үзэл бодол хоорондоо нийлэхгүй зѳрчилдѳх үед яаж дундын шийдлийг олох вэ? Дундын шийдэл нь хэний ч хүсэхгүй зүйл, бүр хэнд ч таалагдахгүй, бүгд сэтгэл дундуур байвал яах вэ? Эсвэл бүгд “ханиадтай үед гашуун эм биш, амттай зайрмаг”-ийг хүсдэг шиг эдийн засагт сайн үр дүн авчрахгүй зүйлийг шаардаж байвал яах вэ гэх зэрэг сорилтууд тулгардаг. Иймд мѳнгѳний бодлого боловсруулах ажлын чухал хэсэг нь эдийн засгийн нѳхцѳл байдлыг судалж, дүгнэлт хийж, зѳв цаг үед нь оновчтой шийдлийн хувилбарыг олохоос гадна олон нийтэд, нийгэмд үүнийгээ тайлбарлаж ойлгуулах нь маш чухал байдаг. Бодлогыг иргэдэд, санхүүгийн байгууллагуудад, хэвлэл мэдээллийн ажилтнуудад, бусад бодлогын байгууллагуудад, улстѳрчдѳд гээд үзэл бодол, ашиг сонирхол нь давхцах албагүй нийгмийн олон тѳлѳѳлѳлд хүргэх шаардлагатай. Тийм ч учраас мөнгөний бодлогыг нэг талаас шинжлэх ухаан, нөгөө талаас урлаг гэж ярьдаг.
Үүнээс гадна, эдийн засаг ѳѳрѳѳ анх хүмүүсийн тархин дотор бий болдог зүйл. Яг одоогийн статистик мэдээллүүд бол бүр 1-2 жилийн ѳмнѳ ч юм уу, зах зээлд оролцогчдын аль хэдийн гаргасан шийдвэрийн үр дүн байх нь түгээмэл. Эдийн засгийг бүрдүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд ямар хүлээлттэйгээс хамаараад мѳнгѳѳ хадгалах уу, хөрөнгө оруулах уу, худалдан авалт хийх үү гэх мэт санхүүгийн шийдвэрүүдээ гаргаж, үүний үр дүн нь хожим ѳсѳлт, инфляци зэрэг тоогоор илэрдэг гэсэн үг. Иймд бодлого тодорхойлогчдын хувьд одооны статистиктай ноцолдохоос илүүтэй цаашид юуг яаж хийх вэ, юуг хийхгүй гэдгээ бодож тѳлѳвлѳж, ирээдүйд чиглэсэн алсын хараатай байх нь чухал болдог.
-Амьдралдаа авч байсан хамгийн том зөвлөгөө тань юу вэ?
-Карьер талаас бол Токиод байхад хүний нөөцийн нэг зѳвлѳх мэргэжилтнээс сонсч байсан зөвлөгөө их чухал байсан. “Нэртэй компани, чухал үүрэг роль, сурсан зүйл гэхээсээ ѳөрийнхөө натур, зан тѳлѳвт тохирсон ажил мэргэжлийг сонгох нь ажилдаа дуртай байх, амжилтанд хүрэхэд чухал. Энэ зарчмаар анхны ажил карьераа сонгох нь амжилтын суурь болдог” гэж хэлсэн нь нэлээд импакттай туссан. Ажил дээр гарсан хойноо ажиглаж байхад амжилттай хүмүүст хамгийн нийтлэг чанар бол ажилдаа дурласан байх явдал байдаг. Харин зан характертаа тохироогүй ажил эсвэл дургуй ажлаа хүчээр хийж байгаа, ажлын цаг нѳхцѳѳх эсвэл цалиндаа ч юм уу тохируулж ажилладаг хүмүүс ѳндѳр потенциальтай байлаа ч хол явдаггүй, карьертаа сэтгэл хангалуун бус харагддаг. Иймд “Би яг ийм зүйл сургуульд заалгасан болохоор яг л ийм ажил хийе”, эсвэл “Зөвхөн энэ ажлыг л хийе” гэж өөрийгөө хайрцаглахгүй байх, олон зүйлийг оролдож өөрийгөө сорьж үзэх, байнга шинэ зүйл сурах нь чухал санагддаг. Ингэснээр өөрийгөө илүү танихад тустай.
Японд сургуульд сурсан мэдлэгээс илүү хандлага, суурь чадварыг нь ажилд авдаг
Японы хөдөлмөрийн зах зээл дээр бол техник ур чавдар ѳндѳр шаардсан маш нарийн мэргэжил л биш бол, сургуульд сурсан мэдлэгийг тѳдийлѳн чухалчилдаггүй. Оюутнуудын мэдлэг гүнзгий биш, ѳдѳр тутам тэр зүйлээ нарийн ухаж хийдэггүй учраас өөрийн болгож эзэмшээгүй байх нь түгээмэл. Тэгээд ч жишээ нь ямар ч мундаг оюутан Тоёотад ч юм уу дэлхийд тэргүүлэх нэг компанид ороод ажиллалаа гэхэд салбартаа тэргүүлэгч эксперт, профессоналуудын дэргэд ѳнгѳц мэдлэгтэй гэж үздэгтэй нь холбоотой. Иймд хувь хүн, зан хандлага, суурь чадвар, потенциалийг нь харж ажилд аваад дараа нь ажил дээр сайн дадлагажуулаад, техник чадваруудад сургаад авчихъя гэдэг философитой. Жишээ нь япон компанийн хүний нѳѳцийн менежерүүдтэй уулзаж байхад шинэ төгсөгчдийг ажил дээр гарахаар нь яг тодорхой нэг зүйл гэхээсээ юу л бол юу хийлгэдэг, компанийн доторх олон хэлтэст дамжуулж ажиллуулдаг гэж ярьдаг нь олон. Ингэснээр салбарынхаа онцлог, компанийхаа бизнесийг илүү ойлгож авдаг гэдэг. Эхний 3-6 сард бол яаж хүнтэй мэндчилэх, утсаар хэрхэн хариулах, нэрийн хуудсаа яаж ѳгѳхѳѳс эхлээд ажлын стрессийг хэрхэн удирдахыг хүртэл заана. Энэ ѳнцгѳѳс Монголд зарлагдаж байгаа ажлын байрны заруудыг харахаар ихэвчлэн ажлын туршлага заасан байдаг нь шүүмжлэлтэй санагддаг. Мѳн шинэ ажилтнаа сургах тогтолцоог сайжруулах шаардлагатай харагддаг.
-Амьдралдаа хийж байсан бүтэлгүйтэл, түүнээс авсан сургамж тань юу вэ?
-Айхтар том эрсдэл үүрч, том алдаж байсан тохиолдол санаанд орохгүй байна. Мэдээж заримдаа зорьсон үр дүндээ хүрч чадахгүй байх, эсвэл явцын дундах бүтэлгүйтэл, уналтууд бол байнга тохиолдоно. Энэ үед юун дээр алдсанаа ойлгоод сургамж авах нь чухал, бас алдаандаа хэт их нерв, цаг зарцуулалгүй мартаад урагш явах нь дутуугүй чухал санагддаг. Нэг жишээ гэвэл анх Японд Засгийн газрын тэтгэлэгт оюутан болж очиход 30-аад улсаас шилэгдсэн оюутнуудтай ѳрсѳлдѳж, их сургуулийн шалгалт ѳгдѳг. Бүгд л шалгарсан сурагчид, бүгд л хѳдѳлмѳрч учраас ялгаа гаргаж номер нэг байх амаргүй, ганц хоёр онооны зөрүүг бий болгохын тулд сүүлдээ унтах цагаа 4 болтол багасгаад хичээлээ хийнэ, стресс ч тултал ихсэнэ. Гэтэл яг шалгалтын үеэр чадах зүйл дээрээ алдсанаасаа болж нервтэж сэтгэлзүйн уналтад орчихсон. Тэр хүртэл зориод хичээсэн зүйлдээ хүрэлгүй алдаж үзээгүй байсан болохоор ийм зүйлд сэтгэлзүйн бэлтгэлгүй байсан. Уналтаасаа гарч чадахгүй харамсч явсаар дараагийн шалгалтдаа тѳвлѳрч чадаагүй. Ингээд л топ ѳрсѳлдѳѳнѳѳс шууд хасагдсан даа. Түүнээс хойш энэ алдаанаасаа суралцаад аливаа бүтэлгүйтлийг тоохгүй байж сурах, ямар ч үед цааш явах сэтгэлзүйтэй байхын чухлыг ойлгосон.
-Юунаас, хэнээс үлгэр дууриалал, урам зориг авдаг вэ?
-Гэр бүл, багш, найз нѳхѳд, ажлын хамт олон гээд хүн бүрээс ямар нэг сурах зүйл заавал байдаг. Ер нь бол спорт, урлаг, шинжлэх ухаан, бизнес, бодлого боловсруулалт гээд салбар салбарын лидерүүд хэрхэн сэтгэдэг, яаж хөдөлмөрлөдөг, юуг золиослосон бэ гэдэг нь сонирхолтой санагддаг. Жинхэнэ професионалууд ажил мэргэжилдээ хэрхэн ханддаг талаар үзүүлдэг NHK-ийн “The Professional”, олимпийн шилдэг тамирчдын нууцыг тайлбарладаг “Miracle Body” гээд нэвтрүүлгүүдэд дуртай. Мѳн ойрд D.Rubenstein-ийн ярилцлагуудыг их сонсдог болсон. Мэдээж төгс хүн гэж байхгүй, бүгд л сайн муу талтай учраас ямар ч мундаг хүнийг хэт шүтэхийг бол зөв гэж боддоггүй.
Тархинаас гарч буй бүтээмж нь мэдээлэл гэдэг орцын чанараас шууд шалтгаална
-Сүүлийн үед өөрийгөө хөгжүүлэх, шинийг суралцагч байх чадвар чухалд тооцогдох болсон. Суралцахад сурахын тулд хувь хүн ямар сайн зуршилтай байх ёстой вэ. Таны хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлж, шинэ зүйлд суралцдаг вэ?
-Тархинаас гарч байгаа бүтээмж, гарцын чанар нь орцын чанараас шууд шалтгаална. Иймд чанартай орц буюу тархи руугаа ямар мэдээлэл шүүж оруулах вэ гэдэг маш чухал. Гэтэл мэдээллийн хэмжээ экспонентээр ѳсч байгаа ѳнѳѳ үед хэрэгтэй зүйлийг шүүж олж авна гэдэг том сорилт, бас чухал чадвар болж байна. Иймд аливаа сэдвээр зөвхөн топ экспертүүд, гол шийдвэр гаргагчдыг нь олж сонсохыг хичээдэг. Юу уншиж, хэнийг сонсох вэ, юу үзэх вэ гэдэгтээ эрэмбэ тогтоох, шүүлтүүр тавихгүй бол хоногийн 24 цаг хүрэхгүй. Мөн мэдэхгүй сэдвээрээ хамаагүй ярих хүмүүс, иймэрхүү ёс зүйгүй үйлдэл түгээмэл тул үүнээс өөрийгөө хамгаалах нь чухал. Тухайн сэдвээр мэргэшсэн хүн л биш бол үнэ цэнэтэй мэдээлэл ѳгѳхгүй шүү дээ.
– Таны ажлын нэг ѳдѳр хэрхэн ѳнгѳрдѳг вэ?
-Одоо гол ажил маань улирал бүрийн бодлогын шийдвэрийг гаргадаг Мѳнгѳний бодлогын хорооны хурлыг тойрч ѳрнѳдѳг учраас хурлын бэлтгэлийн аль үе шатаас хамаараад ѳдѳр бүр нэг ижил цагийн хуваарьтай байдаггүй. Заримдаа ѳдѳржин уулзалт, хэлэлцүүлэгтэй үе байдаг бол заримдаа бараг хүнтэй харьцахгүй тѳвлѳрѳѳд уншиж бичих, эсвэл илтгэл бэлдэнэ.
Миний хариуцаж ажилладаг багийн гол үүрэг бол эдийн засгийн гадаад болон дотоод орчны шинжилгээ, богино хугацааны тѳсѳѳлѳл буюу ихэвчлэн 1 жил доторх эдийн засгийн прогноз юм. Энэ нь дунд хугацааны буюу 2 жилийн цаадах тѳсѳѳлѳл хийх, мѳнгѳний бодлогын санал боловсруулагдах суурь нь болдог чухал хэсэг болдог. Үүнийг манай багийн 10-аад эксперт нийлж хийнэ. Хариуцах сэдэв нь дотроо дэлхийн эдийн засгийн байдал, түүхий эдийн зах зээл, гадаад худалдаа, хѳрѳнгийн урсгал, тѳсвийн сектор, дотоодын нийт бүтээгдэхүүн, хѳдѳлмѳрийн зах зээл, инфляци гэх мэт сэдэв сэдвээр салдаг. Экспертүүдийн хувьд яг хариуцсан сэдвээрээ мэдээлэл цуглуулж, дата анализ хийж, ямар техник шинжилгээний арга ашиглавал датанаас илүү сайн зүй тогтлыг олох вэ, илүү сайн прогноз хийх вэ гэх мэт нэлээд нарийн мэргэшсэн ажил хийнэ. Энэ багийн ажлын уялдааг хангах, хийсэн шинжилгээ болон прогнозуудын үр дүнг нэгтгээд эдийн засгийн байдлыг ерѳнхий зургаар нь үнэлж дүгнэх, мѳнгѳний бодлого хариуцсан захирал, цаашлаад бодлогын шийдвэр гаргах удирдлагууд болон олон нийтэд хүрэх тайлан репортуудыг боловсруулах, танилцуулах нь миний хариуцах ажил болдог.
Тэгэхээр жишээ нь, статистик шинэ тоонууд зарлагдаад, бодлогын саналын хувилбаруудыг боловсруулах үед экспертүүдтэйгээ хийдэг хэлэлцүүлэг уулзалтууд цагийн хуваарийн гол хэсэг болно. Энэ үеэр экспортлогч том аж ахуйн нэгжүүд, салбар хариуцсан яамдын мэргэжилтнүүдтэй цаг товлож шаардлагатай нэмэлт мэдээлэл цуглуулах уулзалтууд бас хийгдэнэ. Харин мѳнгѳний бодлогын хороо (МБХ) хуралдаж бодлогын шийдвэрээ гаргасны дараа шийдвэрийн үндэслэл болсон тооцооллын үр дүнг багтаасан тайлан репортуудыг боловсруулах, найруулга засвар хийж эцсийн бүтээгдэхүүн болгох нь гол ажил болдог. “Инфляцийн тайлан” бэлэн болоход шинэ дугаарыг санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, сэтгүүлчид болон олон нийтэд танилцуулна. Монголын эдийн засгийн талаар сонирхож байгаа хүн бүрт энэхүү тайланг уншиж үзэхийг санал болгож байна. Түүнчлэн, сүүлийн үед Монголбанк олон нийтэд бодлогоо тайлбарлах, иргэдийн санхүүгийн боловсролд нэлээд анхаарал хандуулж нээлттэй эвентүүд хийж байгаа тул илтгэл тавих, эсвэл хэвлэл мэдээлэлд ярилцлага ѳгѳх нь мѳн ажлын чухал хэсэг болдог.
Мөнгөний бодлогын шийдвэр гарч, дараагийн шинэ статистик тоо гарах хүртэл сүүлийн үеийн академик судалгааны ажлууд унших, бусад тѳв банкууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай уулзалт, хурлууд хийх, хамтарсан сургалт тѳслүүд гэх мэт ажлууд нэмэгдэнэ. Энэ оны хувьд Унгар, Нидерланд, Солонгосын төв банкуудтай хамтарч ажилласан, мөн 2 жилд 1 удаа болдог Монгол-Хятадын банк, санхүүгийн хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалтад оролцож Монголын эдийн засгийн талаар илтгэл тавьсан. Монголын эдийн засаг гадаад эдийн засгийн байдлаас ихээхэн хамааралтай тул гадаад орчинд юу болж байгааг, мѳн мѳнгѳний бодлого боловсруулалт дээр олон улсын шилдэг туршлага ямар байна вэ гэдэг мэдлэгээ байнга шинэчилж байх шаардлагатай байдаг.
-Та цагаа хэрхэн төлөвлөж, зарцуулдаг вэ. Цаг хэмнэх арга тань юу вэ?
-Цаг хэмнэнэ гэдэг бүтээмжээ дээшлүүлнэ л гэсэн үг байх. Түүнээс зайлшгүй шаардлагатай цаг хугацааг товчлох аргагүй. Үүний тулд нэгд, сайн тѳлѳвлѳгөө тус болдог. Төлөвлөснөөр нэг дор нэг л ажилд төвлөрөх боломжтой болж илүү амар, хурдтай болно. Хоёрт, “Идэвх чармайлтын 20 хувиас нийт үр дүнгийн 80 хувь бий болдог” гэдэг Парето 20/80 зарчмыг маш чухал гэж боддог. Илүү чухал зүйлдээ илүү анхаарал, цаг хугацаа, эрч хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд мэдээж сайн ажиллахын тулд сайн амарсан байх, бодлоо цэгцтэй байлгах шаардлагатай. Мөн заавал оролцох шаардлагагүй зүйлээс хол байж сурах, хийх зүйлээс гадна хийхгүй зүйлээ тодорхойлох нь өөрийн болон бусдын цагийг хэмнэхэд тустай санагддаг.
-Сүүлд ямар ном уншсан бэ. Номоос авсан сургамжаасаа хуваалцахгүй юу?
-Харвардын Бизнесийн сургуулийн профессор К.Кристенсений “Чи амьдралаа юугаар хэмжих вэ” гээд бестселлерийг санал болгож байна. Уг номонд менежментийн ухааны онолууд амьдралдаа сэтгэл хангалуун байхад яаж тус болох талаар тайлбарладаг. Тухайлбал “нѳѳцийн хуваарилалт”, “багийн соёл”, “ахиуц зардал” гэх ойлголтуудыг карьертаа, гэр бүлийн харилцаандаа сэтгэл хангалуун байх, мөн буруу зүйл хийхээс зайлсхийхийн тулд хэрхэн ашиглаж болох талаар бичсэн нь их сонирхолтой. Хамгийн сургамжтай хэсэг нь “Өөрийн давж болохгүй хил хязгаар, хатуу зарчмаа тогтоогоод хэзээ ч зѳрчилгүй 100 хувь баримтлах нь 98 хувь баримтлахаас хамаагүй амар, дараа нь олон асуудлаас сэргийлнэ” гэдэг санаа байсан. “Ганцхан энэ удаа” гээд баримталдаг зарчмаа нэг л зөрчвөл цаашид ч яг энэ логикоороо сэтгээд, зарчмаа уландаа гишгэдэг тухай юм. Номонд Enron компаний захирал буруу зүйлийг “энэ ганц удаа” гэж давтан хийсээр, сүүлдээ Америкийн хамгийн том корпорейт скандалын гол буруутан болж, шоронд орсон талаар дурддаг. Тэрээр Харвардын бизнесийн сургуульд профессор К.Кристенсений ангийн найз байсан бөгөөд их ухаантай залуу байсан ч “ахиуц зардал”-аар сэтгэдэг энэхүү алдааг тойрч гараагүй, алдсан байна. Номын гол санааг олон хүн ойлгоосой гэж бодоод орчуулж илүү дэлгэрэнгүй тайлбарласан нь энд бий (Линк https://www.trends.mn/n/8486).
-Бага насны хүүхдийн боловсролд оруулсан хөрөнгө оруулалтын өөрийгөө нөхөх чадвар нь тав дахин өндөр байдаг тухай гаднын нэг судалгаа харж байсан. Боловсролд оруулж буй хөрөнгө оруулалтаас эргээд хувь хүнд ирдэг үр өгөөжийн талаар эдийн засагч хүний хувьд ярьж өгөхгүй юү. Боловсролын ялгаатай байдал бодит амьдрал дээр ямар ялгааг бий болгох вэ. Орлогын ялгаатай байдлаас гадна?
-Магадгүй сэтгэлзүйчид энэ сэдвээр илүү тайлбарлах байх. Бага насны боловсролд оруулсан хөрөнгө оруулалт илүү өгөөжтэй байдаг талаар Та “Хэкманы муруй (Heckman Curve)”-н талаар ярьж байх шиг байна. Ж.Хэкман гээд Нобелийн шагнал хүртсэн хөдөлмөрийн эдийн засагчийн дэвшүүлсэн алдартай санаа л даа. Сэтгэлзүйчид ч бас хүн бага насандаа илүү төлөвшдөг талаар түгээмэл тайлбарладаг. Ер нь бүтээмжийг бий болгодог дадал зуршил, цаашлаад үнэт зүйл, зарчим гэх мэт зүйлс маш бага наснаас эхлэн суудаг, үүнд боловсрол чухал үүрэгтэй болов уу. Иймээс бүтээмжтэй ажиллах хүчнийг бэлдэхийн тулд улс орнууд боловсролын системдээ анхан шатнаас нь анхаарч байна.
Хувь хүмүүсийн хувьд боловсролын ялгаатай байдлаас болж зорилго, үнэт зүйл нийлэхгүй байх нь амьдралын партнероо олоход төвөгтэй болох, цаашлаад гэр бүл салалт гэх мэт хувийн амьдралд ч нөлөөлж байгаа харагддаг. Энэ асуудал нь хүн ам зүй, ажиллах хүчин, эдийн засаг гээд сөрөг нөлөө нь макро төвшинд ч илрэх бололцоотой. Тэгэхээр, Монголд их дээд сургуульд суралцагчдын 60 хувь нь, шалгуур өндөртэй сургуулиудад бол 70 хувь нь эмэгтэй байгаа нь санаа зовоох л асуудал. Нөгөө талаас боловсрол дээшилснээр өөрийгөө сорих боломж болон карьерийн боломж ч дээшилж, бусдад үнэлэгдэх үнэлэмж болоод нийгэмд эзлэх байр сууринд эерэг нөлөөтэй байх нь түгээмэл. Нийгмийн статус, бусдын хүндлэл нь мөнгөн орлогоос илүү дээд шатны хэрэгцээ, сэтгэл ханамж өгдөг гэдэг тайлбар (Жишээ нь Масловын хэрэгцээний шатлал гм) байдаг шүү дээ. Иймд боловсрол хувь хүний хувьд амьдралын хамтрагчаа сонгохоос эхлээд, бусдын хүндлэл, хүн өөрийгөө үзэх үзэл, өөртөө итгэлтэй байдалд ч чухал нөлөөтэй.
-Нөгөө талаар боловсрол бол зөвхөн ажилд орох, цалин авах албан тушаал хайх арга хэрэгсэл биш гэж бодож байна. Ер нь боловсролтой хүн гэж таныхаар ямар хүнийг хэлэх ёстой вэ. Сүүлийн үед компаниуд дипломоос илүү ур чадварыг ажилд авах хандлагатай болж ирж байх шиг байна?
-Уул нь сайн диплом бол чанартай боловсролын илэрхийлэл болох ёстой байх л даа. Миний бодлоор боловсролтой хүн гэж нэг талаас мэдлэг чадвартай, нөгөө талаас ёс зүй, хүмүүжилтэй хүнийг хэлнэ. Манай нийгэм 90-ээд онд зах зээлийн тогтолцоо, шинэ систем рүү шилжих эхний үед орчин үеийн эдийн засаг, техник технологийн мэдлэгтэй хүн цөөхөн байсан. Ингээд барууны мэдлэг чухал гээд олон хүн гадагш явж сурсан. Гэтэл зарим нь эргэж ирээд мэдлэгтэй ч, ёс зүйн хүмүүжил тааруу, зүй бус үйлдэл хийж байгааг хараад “ер нь диплом, боловсрол тийм ч чухал биш юм байна” гэх яриа их гарах болсон болов уу. Гэсэн хэдий ч “боловсрол хэрэггүй, хүүхдээ сургуульд явуулахгүй” гэдэг эцэг эх мэдээж байхгүй байх. Иймд цаг хугацааны явцад бид боловсролын мөн чанарыг илүү таньж, “боловсрол бол зөвхөн мэдлэг биш, ёс суртахуун ч бас чухал” гэдгийг ойлгож авч байх шиг байна. Компани ажил олгогчдын хувьд бол зөв хандлагатай, тэгээд өндөр чадвартай хүнийг эрэлхийлдэг. Гэтэл диплом чадварыг ч, хүмүүжлийг ч дохиолж чадахгүй тохиолдолд дан ганц дипломыг нь хараад ажилд авдаг менежер цөөхөн. Бичиг баримтын шалгаруулалтад тэнцлээ ч, ярилцлагын шалгалт эсвэл дадлагажих хугацаанд илүү нарийн шүүгдээд танигдаад гараад ирэх болов уу.
-21-р зуунд залуу хүний өрсөлдөх чадвар юу вэ. Тухайлбал, хүн амжилттай ажиллахын тулд яг өөрийнхөө ажлын гүйцэтгэл чадвар дээр бүх анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй юү. Эсвэл харилцаа, хамтын ажиллагаа зэрэг өөр чадварыг илүү чухалчилж байна уу?
-Карьерийн маш олон зам, төвшин байхад яг ийм байх ёстой гээд нэг хэвэнд цутгах аргагүй. Зураач хүн, программист хүмүүсийн карьер ялгаатай шүү дээ. Ихэнх уламжлалт оффисын ажилд бол карьер эхэлж байх үед техник чадвар, гүйцэтгэл сайтай байх нь давуу тал болдог. Дунд төвшний менежерүүдэд болохоор удирдлага доорх багаа зохион байгуулах, дээд удирдлагуудтайгаа ойлголцоход харилцаа илүү чухал болно. Харин шийдвэр гаргах топ удирдлагын төвшинд алсын хараа, стратеги төлөвлөлт, том зургаар нь харах гэх мэт чадварууд чухал гэгддэг.
Техник чадваруудын хувьд энгийн чадварууд автоматжиж, машинаар орлуулагдах үйл явц хурдтай өрнөж байгааг бид бүгд харцгааж байна. Санхүүгийн салбарт гэхэд банкны теллер АТМ-ээр орлуулагдаж, ня-бо нар программаар солигдож, санхүүгийн шинжээч, дата аналистуудын ажлын зарим хэсгийг ч хиймэл оюун ухаан гүйцэтгэх болсон. Ер нь хөгжлийг дагаад хуучин ажлууд алга болж, шинэ ажлууд бий болж карьер, ажлын цаг гэх мэт ойлголт хурдтай өөрчлөгдөх нь цаг хугацааны л асуудал байх. 10 жилийн өмнө л гэхэд смарт утасны аппликейшн зохиогч гэдэг ажил хэр олон байлаа. Энэ янзаараа бол цаашид нэг сурсан зүйлээрээ насаараа хоолоо олж иддэг байсан үе өнгөрч, байнга суралцах шаардлагатай цаг үе ирж байна. Гэхдээ аль компани нь үлдэж, ямар ажил шинээр бий болж, түүнд шаардлагатай техник чадвар нь юу байх, одоо үүнд яаж бэлдэх вэ гэдгийг тааж хэлнэ гэдэг хэцүү. Өөрчлөлтийг хурдасгаж байгаа технологийн экспертүүд ч ирээдүйд ямар инноваци бий болж, ямар бүтээгдэхүүн зах дээр амжилт олохыг, түүнийг бүтээхэд ямар чадвар хэрэгтэйг тааж мэдэхгүй болов уу. Тухайлбал, компьютер анх зохиогдож байх үед IBM-ийн захирал Т.Ватсон “дэлхийд ердөө 5 ширхэг компьютерийн зах зээл бий” гэж хэлж том алдсан удаатай.
Харилцааны чадварын хувьд хүний нийгэмд хэзээд чухал байх. Бусдын байр суурь, өнцгөөс харах чадвар, харилцааны чадвар сайтай байвал зөвхөн карьер гэлтгүй гэр бүл, найз нѳхѳдтэйгээ сайн ойлголцож амьдралд ч давуу тал болох болов уу.
-Том компаниуд залуусыг ажилд сонгож авдаг байсан бол орчин үед эсрэгээрээ, залуус ажиллах компаниа өөрөө сонгодог болсон байна. Тухайн компанийн бодлого алсын хараа өөрийнхтэй нь нийцэж байна уу гэх зэргээр. Тэгэхээр хувь хүн аль нэг компанид, эсвэл сургуульд, шалгалтын системд зориулан өөрийгөө бэлдэх биш, эсрэгээрээ өөрийгөө ирээдүйн зорилгодоо, амьдралдаа бэлдэх, тийм сэтгэлгээнд өөрсдийгөө бэлдэх нь илүү чухал юм шиг. Төгсөгчид амьдрах боловсрол олох гэж биш шалгалтын системд зориулан суралцаж байна гэх шүүмжлэл ч дагуулж байна. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?
-Сургуульд шалгалтaa давахгүй бол мэдээж төгсөхгүй, ажил дээр хөдөлмөрийн гэрээгээр тохирсон зүйлээ хийж чадахгүй бол халагдах тул шаардсан зүйлийг хугацаанд нь хийх чадвартай байх нь мэдээж чухал л даа. Энэ бол минимум шаардлагатай зүйлс. Гэхдээ чадвараа максимум болгож байна гээд онц дүнтэй, эсвэл нэг код сайн бичдэг боллоо ч мөрөөдөлгүй, зорилгогүй шинэ төгсөгч байвал гунигтай, хоосон биш үү. Дадлага эсвэл ажлын ярилцлагын үед оюутнуудаас зорилго, мөрөөдлийг нь асуухад өндөр потенциальтай хэдий ч байр, машин, заримдаа албан тушаал, мастер докторын зэрэг эсвэл гэр бүл гэж хариулах нь цөөнгүй байдаг. Ийм тодорхой зүйл хүсч, түүндээ чиглэсэн төлөвлөгөөтэй байгаа нь сайн хэрэг боловч оюутан байх хугацааг өөрийгөө таних, суралцах суурь арга барил, дадал зуршлаа төлөвшүүлэх, бодох сэтгэх багтаамжаа тэлэх хугацаа байлгаасай гэж боддог. Хувь хүний амьдралын хэрэгцээ шаардлага, эсвэл мөнгөөр шийдчих энгийн зүйлсээс нэг алхам цааш сэтгээд, ер нь хүн болж төрөөд нийгэмд орж амьдарна гэдэг юу гэсэн үг вэ, бусдын амьдралд яаж эерэг нөлөө үзүүлж чадах вэ гэх мэт философийн гэмээр зүйлсийг ч нухацтай бодож үзээсэй гэж боддог. Олон хүн ингэж бодох тусмаа нийгэм маань сайн сайхан бүрэлдэх суурь болж, эргээд бүгдэд ашигтай үр дүн бий болох учраас энэ чухал санагддаг.
Амжилттай улсуудад нийтлэг ажиглагддаг чанартай хүн, чанартай дүрэм гэдэг хоёр зүйлийг сайн байлгавал бидэнд “аз ивээх” магадлал ѳндѳр
-Уул уурхай хөгжлийн зам биш гэдгийг бид харлаа. Харин одоо үеийнхэн бидний хөгжлийн зам юу вэ. Хөгжсөн орнуудын нийтлэг бодлогын чиглэл юу байдаг вэ?
-Дэлхийн 200 орчим улсаас хөгжсөн гэгддэг орнууд бол цөөнх нь. Тэдгээр “азтай” улсууд бүгд нэг ижил хөгжлийн замаар яваагүй тул “хөгжлийн томъёо” яг ийм байдаг гээд хэлчих хэцүү. Гэхдээ амжилттай улсуудад нийтлэг ажиглагддаг хоёр зүйл бол “чанартай институци” ба “чанартай боловсрол” юм. Өөрөөр хэлбэл хүн нь, дүрэм нь чанартай байна гэсэн үг. Энэ хоёр зүйлийг сайн байлгавал “аз ивээх” магадлал ѳндѳр, харин энэ хоёр муу байгаад хөгжсөн түүх байхгүй. Үүний шалтгаан нь маш энгийн. Малчин айлд хүртэл аав нь адуугаа харахгүй, хүүхэд нь хургаа нийлүүлээд байвал амьдрал сайжрахгүй. Тэгэхээр нэгт, орчин үеийн нийгмийн амьдралд хөдөлмөрийн хуваарийг хэр оновчтой, уялдаатай зохион байгуулсан бэ гэдгээс маш их зүйл хамаардаг. Тухайлбал, төр нь ямар үүрэгтэй байх вэ, хувийн сектор нь юу хийх вэ гэдгээс эхэлнэ. Төр гэхэд жишээ нь хууль батлагчид, гүйцэтгэх засаглал, шүүх цагдаа, төв банк гээд институцүүд яг хийх зүйлээ мэргэжлийн төвшинд сайн хийх нь чухал. Хэрэв хууль батлагч нь зам бариад ч юм уу, мөнгөний бодлого руу улстөр хутгалдаад эхэлбэл асуудалтай болно гэсэн үг. Ингэхгүй байх дүрэм оновчтой, сайн мөрдөгддөг байх нь чухал. Энэ нь market failure, government failure гэдэг 2 том асуудлаас сэргийлэхэд тустай. Хоёрт, хүн бүр урдах ажлаа сайн хийх нь чухал. Үүний тулд өндөр ёс зүй, ур чадвар буюу боловсрол шаардлагатай болно. Харин боловсролгүй, хѳдѳлмѳрлѳлгүй амар аргаар хѳгжсѳн улс нэг ч байхгүй. Ялангуяа популизм, хавтгай халамж, хямд зээлүүд улс орныг урагш нь биш, арагш нь чирж, дампуурлын зам руу хѳтѳлдѳг гэдгийг бид ойлгох ёстой санагддаг. Учир нь эдийн засагт үнэгүй зүйл гэж үгүй, популизмын ѳртгийг улс орон, татвар тѳлѳгчид ѳѳрсдѳѳ хэд дахин нугалж тѳлдѳг.
Уул уурхайн хувьд, газрын эрдэс баялаг 50 жилийн дараа юу, 100 жилийн дараа юу хэзээ нэгэн цагт шавхагдаж дуусах зүйл тул дараа нь яах вэ гэдэг нэг сорилт бий. Түүнчлэн, засаглал инсититуци дүрэм нь сайн бэхжээгүй улсуудад баялаг нь тус болохоосоо ус болж “Голланд өвчин”, “Баялгийн хараал” гэх мэт сорилтууд тулгардаг. Мөн байгаль орчин, экологийн асуудлыг мартаж болохгүй. Гэхдээ эдгээр нь баялгийн буруу гэхээсээ түүнийг удирдаж байгаа хүний менежментийн л алдаа. Хэрэв уул уурхайг зөв ашиглаж чадвал боловсролдоо хөрөнгө оруулалт хийх, дараагийн өөр салбарыг хөгжүүлэх санхүүгийн чухал эх үүсвэр болно. Мөн ямар ч баялаггүй, зөвхөн “тархиа ухаж” амьдардаг улс орнуудын нэгэн адил орлого олохын тулд ажлын урт цаг, өндөр стресстэй амьдрахгүй байх боломжийг олгоно. Хүн ширхэг зоос болгоноо олохын тулд өөрийн гараар үнэ цэнийг бүтээж, хөлсөө урсгахтай харьцуулахад орлогын тодорхой хэсгийг нь байгаль эх бүтээгээд өгчихнө гэдэг уг нь том бэлэг, давуу тал.
Картын барааны үе өнгөрч, Улаанбаатарт 400 мянган ѳрхѳд 400 мянган машин ногдоод, түгжирч байгаа нь монголчуудын худалдан авах чадвар дээшилсний нэг илрэл
-Бид масс үйлдвэрлэл явуулж чадахгүй, технологи, инновацийн чиглэлд ч өрсөлдөх боломжгүй. Монголчууд юу хийж чадах вэ. Бид хаана байх ёстой вэ. Бид хийж чаддаг зүйлтэй болохын тулд яах ёстой?
-Далайд гарцгүй байрлал, эрс тэрс уур амьсгал, цөөн бөгөөд тархай суурьшсан хүн ам гээд манай байгаль, нийгмийн суурь өгөгдлүүд яг үнэндээ эдийн засгийн өсөлтөд тийм ч таатай биш, зардлыг ихэсгэдэг зүйс. Тийм ч учраас монголчуудын орлогын төвшин дэлхийн дунджаас гурав дахин бага байна шүү дээ. Гэхдээ одоогийн нэг хүнд ногдох $4000 орчмын орлогын төвшин нь 90-ээд оноос гурав дахин өсчихсөн үзүүлэлт. Тухайн үед Монгол Улс $1 тэрбум хүрэхгүй эдийн засагтай, одоогоос 15 жилийн ѳмнѳх хүртэл дундаж цалин сард $100 хүрдэггүй л улс байсан. Тэгвэл одоо картын барааны үе өнгөрч, Улаанбаатарт 400 мянган ѳрхѳд 400 мянган машин ногдоод, зам нь түгжирч байгаа нь зарим талаар монголчуудын худалдан авах чадвар дээшилсний илрэл юм. Гэхдээ энэ өсөлт харамсалтай нь хүний хѳдѳлмѳр, бүтээмж гэхээсээ уул уурхайн эрдэс баялагт голлон суурилсан зүйл. Хүний хѳдѳлмѳр түүнийг дагаад бий болох ухамсрын хѳгжлийг товчлоод байгалийн баялгаа зарж, шууд “лифтэнд сууж” бий болсон ийм ѳсѳлтийн нэг сул тал нь хэрэглээг нийгмийн ухамсраас нь түрүүлээд нэмэгдүүлчихсэн харагддаг. Автомашины осол Америктай харьцуулахад ч өндөр байгаа, хөдөө хээр хог их хаясан байгаа нь үүний нэг илрэл. Хэрэв ухамсар дээшлэхгүй бол цаашид монголчууд илүү чадалтай мотортой машин унахын хэрээр зам тээврийн осол нэмэгдэж, илүү хол аялахын хэрээр эх орныхоо үзэсгэлэнт байгальд хог хаяж бохирдуулах нь улам ихсэх эрсдэлтэй санагддаг. Нѳгѳѳ нэг сул тал нь, байгалийн баялгаар бий болсон ѳсѳлтийг ухаалаг менежмент хийхгүй бол тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх натуртай. Дэлхийн түүхээс харахад тэгш бус байдал нь нийгмийн бухимдлыг туйлд нь хүргэдэг тул хэзээ ч тогтвортой байдаггүй. Ромын эзэнт гүрэн нурж унаснаас эхлээд Франц, Оросын хувьсгалын үеийн анархизм, өнөөдөр олон оронд хурц асуудал болж байгаа популизм гээд бодит сургамжууд бол нийгмийн тэгш бус байдал нэмэгдэж, нийгмийн бухимдал гүнзгийрсний үр дүн.
Уул уурхайн салбарын хувьд, хүний хүч гэхээсээ тоног тѳхѳѳрѳмжийн чадалд тулгуурладаг учраас ѳгѳѳжийг нь шууд хүртэх хүн олон биш тул энэ салбарт ажилладаг, эсвэл тэдэнд бараа үйлчилгээ нийлүүлдэг цѳѳн хүн хурдтай баяждаг. Тархиа зарж хѳдѳлмѳрѳѳ шавхаж биш, байгалийн баялгийг техникээр ухаж зарж олсон энэ “хялбар” мѳнгѳ тансаг байр, үнэтэй машин, импортын чамин хэрэглээг хурдтай тэлдэг. Харин үүнийг түүхий нүүрс түлээд утаанд хордох бусад хүмүүс хараад сайхан санагдахгүй нь мэдээж. Монголд орлогын төвшин нэмэгдсэн ч нийгэм бухимдалтай байгаа гол шалтгаан энэ шүү дээ. Гэхдээ ингэлээ гээд уул уурхайг хаая, зогсооё гэдэг бол ухаалаг шийдэл биш. Одоохондоо орлого олох ѳѳр том салбар хѳгжѳѳгүй тул байгаль орчны стандартыг сайн мѳрдѳѳд уул уурхайг сайн ашиглахаас ѳѳр гарцгүй. Хэрэв энэ салбар байхгүй бол эргээд 90 оны картын бараанд очерлодог амьдрал руугаа ихэнх нь буцна гэсэн үг. Шууд хэлбэрээр газрын баялгийн ѳгѳѳжийг нь хүртээгүй ч, дам нѳлѳѳг нь бүгд хүртэж байгаа учраас тэр. Ѳсѳлтийг бий болгох чадвартай хүнээ хѳгжүүлээгүй цагт гол тулгуур болж байсан байгалийн баялаг шавхагдах, эсвэл зогсоовол лифтний оосор тасарч, доош чанга унана.
Тэгвэл бид ѳѳр юу хийж орлого олж чадах вэ. Аялал жуулчлал болон хѳдѳѳ аж ахуй бол түгээмэл яригддаг, бас бодит потенциальтай зүйлс. Монгол улс санхүү болон хүний нѳѳцѳѳ бодоод үзэхээр их олон зүйл рүү зэрэг орох боломж бага, хязгаарлагдмал учраас аль болох нѳѳцѳѳ тѳвлѳрүүлж, гаднаас орлого олох магадлал хамгийн ѳндѳр зүйлдээ зарцуулах нь ухаалаг алхам болно. Дотоодын хуримтлал бага тул гаднаас хөрөнгө оруулалт татаад орлого олох дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, хүний чадвартаа зарцуулна гэсэн үг, тэгээд гадагш экспорт хийж орлого олно гэсэн үг. Харин цѳѳн хүн амтай, зах зээл жижиг улсад газрын баялгийн орлогоо, гаднаас авсан санхүүжилтүүдээрээ хэрэглээг тэлэх нь гарц биш.
Аялал жуулчлалыг хѳгжүүлэхэд түүх уламжлалаасаа суралцах зүйлс их санагддаг. Жишээ нь танихгүй хүнд зочломтгой ханддаг нүүдэлчин соёл, хүнийг яс үндэс угсаа гарал шашин шүтлэгээр нь ялгадаггүй байсан 13-р зууны Эзэнт гүрний үеийн сэтгэхүйгээс суралцах зүйл их. Харин мал аж ахуйд бэлчээрийн даац гол асуудал болж байна. Яг үнэндээ мал биш бэлчээр манай нүүдэлчин соёл, малчин хүний амьжиргааны баталгаа болно. Иймд бэлчээрээ хамгаалахад онцгой анхаарах цаг аль хэдийн болсон. Үүн дээр тѳр малчидтай хамтраад хэт оройтохоос нь өмнө яаралтай шийдэл олох шаардлагатай. Тэгээд малын чанар, эрүүл мэндийн асуудал мэдээж чухал.
Боловсролын тогтолцооны сул тал нь шилдгүүдээ шигшээд гадагш алддаг, харин үлдсэн олонхио зѳнд нь хаядаг байдал
Хэрэв сайн менежмент хийж чадвал энэ гурван салбар гурван сая хүний амьдралын төвшнийг сайжруулахад чамлахааргүй орлогыг бий болгож, хувь нэмэр оруулах потенциальтай. Тэгээд ѳмнѳ хэлсэнчлэн боловсролыг үргэлж сайжруулах ёстой. Шинэ салбар хөгжүүлэх, одоо байгаа салбаруудад ч Монголд гол тулгамддаг асуудал бол боловсон хүчний асуудал. Гэтэл одоогийн боловсролын тогтолцооны сул тал нь шилдгүүдээ шигшээд гадагш алддаг, харин үлдсэн олонхио зѳнд нь хаядаг байдал. Ѳѳрѳѳр хэлбэл, хѳгжиж байгаа олон оронд тулгардаг “brain drain” буюу тархи гадагш урсах сѳрѳг үзэгдлийг түргэсгэх нѳлѳѳтэй. Уул нь аль болох олон монгол хүн хѳгжсѳн орны чанартай боловсрол эзэмшээд, туршлага болон мѳнгѳн хуримтлалтай болоод Монголдоо хувь нэмрээ оруулбал мэдээж сайн. Харин шилдэг толгойнууд нь пасспортоо солиод, үр хүүхэд нь монгол соёлоос тасраад үүрд явчихвал том гарз болно. Хэрэв шилдгүүд нь Монголд эерэг ѳѳрчлѳлтийг хийхгүй бол, хэзээ ч эргэж ирэхгүй бол хэн энэ улсын асуудлуудыг шийдэх вэ.
-Эцэст нь, таны зүгээс залуучуудад юуг захиж хэлэх вэ?
-Нэг талаас Монгол бол маш залуу улс. Хүн амын бараг 70 хувь нь 35-аас залуу тул ирээдүй энэ залуусаас хамаарна. Харин нөгөө талаас “цорын ганц тогтмол зүйл бол өөрчлөлт” гэгддэг. Хувьсал өөрчлөлт улам бүр түргэсч байна. Тэгвэл байршил, цаг уурын онцлогоос эхлээд суурь өгөгдлүүд нь хөгжилд сорилт болдог, нэмээд дэлхий хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед улс шиг улс байхын тулд залуус илүү ухаантай, бодолтой байх шаардлага тулгарч байна. Харин монгол залуус бэлэн үү. Ардчилал, хүний эрх, эрх чѳлѳѳ гээд суурь үнэт зүйлсийг хамгаалах уу, байгаль орчноо хайрлах уу, нийгэмдээ яаж хувь нэмэр оруулах вэ, эдийн засгаа хэрхэн тогтвортой байлгах вэ гэх зэрэг чухал асуултын хариулт үүнээс хамаарна.
Бидний ѳмнѳх үеийнхний давуу тал, гэхдээ заримдаа сул тал болдог хоёр зан чанар бий. Нэг нь одоодоо амьдраад, ѳнгѳрсѳн ба ирээдүйг тѳдийлѳн тоодоггүй. Нѳгѳѳ нь ѳѳрчлѳлтѳд хурдтай дасан зохицоод, суурь асуудалд шийдлийг гүнзгий тунгаан боддогүй байдал юм.
Эхнийх нь санхүүгийн зах зээл дээр ч тод анзаарагддаг зүйл. Ялангуяа эдийн засаг жаахан сэргэхэд л зээлийн эрэлт маш их болдог нь “маргаашийн орлого нэмэгдэнэ” гэдэг өөдрөг сэтгэхүйн илрэл байх. Зээл гэдэг бүтээгдэхүүн өөрөө ирээдүйн орлогоо урьдчилж одоо хэрэглэх боломжийг олгодог хэрэгсэл шүү дээ. Мөн даатгалын тооноос харж байхад ч маргаашийн эрсдэлийг төдийлөн бодохгүй, одоогоороо амьдарч байгаа нь анзаарагддаг. Хѳгжсѳн орнуудад хошуураад байгаа бясалгалын хичээлүүд дээр “өнгөрсөнд бага харамс, ирээдүйд бага санаа зов, одоодоо амьдар” гээд байдаг тул энэ сэтгэхүй нэг талаар том давуу тал. Гэхдээ ѳнгѳрсний алдаанаас сураад, ирээдүйн эрсдэлийг бодох нь чухал. Ингэж байж хѳгжил дэвшлийн зүгт алхам алхмаар урагшилна.
Мөн “Нүүдэлчид өөрчлөлтөд дасан зохицохдоо сайн” гэж их ярьдаг. Гэхдээ яг бодоод үзэхээр түр зуур дасан зохицож амиа аргалах шийдэл олохдоо хурдтай ч, өөрчлөлтийг нарийн ухаж ойлгоод, суурь шийдэл олж, гүнзгий дасан зохицох сэтгэлгээндээ тааруу байж магадгүй санагддаг. Энэ нь ялангуяа сѳрѳг ѳѳрчлѳлтүүд, жишээ нь утаа, түгжрэл, шударга бус байдал гээд нийгмийг бухимдуулдаг зүйлстэй амархан эвлэрээд дасан зохицож амьдарч байгаагаас ажиглагддаг. Суурин соёлтой улсуудад, жишээ нь Японыг ч юм уу харахад эсрэгээрээ, асуудалтай тулгараад “яах вэ” гэдгээ нэлээд эргэцүүлж, гүнзгий бодож байх зуур заримдаа дараагийн өөрчлөлт ирчихдэг. Ялгаагүй нэг талаараа давуу тал, нөгөө талаас сул тал байх.
Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр заримдаа давуу тал нь сул тал ч болдог. Асуудлыг илүү тунгаан бодох, муу зүйлтэй эвлэрэхгүй байх нь залуус ѳмнѳх үеийнхээ алдааг давтахгүй, амжилтыг бататгах, ирээдүйн хѳгжилд хѳтлѳх зам юм болов уу гэж санагддаг.