“Оюу Толгой” ХХК болон нэр бүхий гэрээлэгч компаниудын ажилчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар Геологи, уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбоо НҮТББ-ын тэргүүн Б.Ононхангай болон түүний хуулийн зөвлөх мэдээлэл өглөө.
Геологи, уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбоо НҮТББ-ын тэргүүн Б.Ононхангай: Оюутолгой төсөл дээр монгол уурхайчдын хөдөлмөрлөх эрх ямар байдлаар хөндөгддөг талаар хэн ч яагаад ярьдаггүй юм бэ. Оюутолгой улс доторх улс болчихсон. Иргэдийг нь боолчлох хэлбэрээр хямд ажиллах хүч болгож байгаа.
Үүний талаар үйлдвэрчний эвлэл байгуулж, тус компанийн удирдлагууд болон хуулийн байгууллагад хандсан боловч улам дордсон. Ажилчдыг ингэж явлаа гээд шууд болон шууд бус байдлаар удирдамж, дүрэм гаргаж Монгол Улсын хуулийг уландаа гишгэсэн.
Хэдэн компанийн ажилчид эвлэлдэн нэгдэж, хуульд заасан эрхийнхээ хүрээнд надад хандсан. Тэр хүмүүсийг би төлөөлөхөөр гэрээ хийсэн. Гэтэл асуудал сайжирсангүй.
“Оюу Толгой” ХХК-тай ямар сувгаар харилцахаа би ойлгохоо болилоо. Өнөөдөр яригдаж буй асуудал, нотлох баримтыг миний бие бүрэн хариуцна.
Гэтэл дээрх компаниуд ажлын байрны дарамтаар “Гүний уурхайн зогсолтгүй үйл ажиллагааг явуулахын тулд би илүү цагаар ажиллахыг зөвшөөрч байна” гэсэн гэрээнд ажилтнаар гарын үсэг зуруулсан ч илүү цагийн мөнгийг өгөхгүй байна. Үүний дагуу хэн нэгэн гомдол гаргавал ажилтай нь ярьдаг учраас ажилчид хэлж чаддаггүй.
Мөн ил уурхай болон баяжуулах үйлдвэр тоос шороотой орчинд удаан ажиллуулчхаад хэвийн бусын нэмэгдэл гэх зүйлийг олгодоггүй.
“Энка глобал констракшн” ХХК гэх Туркийн компани Оюутолгой төсөл дээр ажиллахдаа хууль тогтоомжийн дагуу хэвийн бусын нэмэгдэл олгохгүй байгаа. Гүний уурхайн ажилчдад хортой гэх нөхцөл байхгүй, зөвхөн хэвийн бусаар явж байна.
Гадаадын экспат ажилчны 2023 оны сарын сүүлийн цалин 110 сая төгрөг. Гэтэл тэр ажилтантай ижил хэмжээний ажил гүйцэтгэж буй “Оюу Толгой” ХХК үндсэн ажилтан 5-10 сая төгрөг авдаг. Гэрээт компанийн ажилтны цалин хоёр сая төгрөгөөс давахгүй байгаа. Энэ шударга уу гэдэг асуудал яригдана.
Гүний уурхайн хортой нөхцөлд ажиллаж буй хүн гар дээрээ 1.7 сая төгрөгийн цалин авч байна. Иймэрхүү нөхцөл байдлаа “Оюу Толгой” ХХК нууцад оруулчихсан. Надад хандсан хүмүүс илүү цагаар ажиллах, хүнд нөхцөл авахгүй, ялгавартай цалингийн талаар санал нэгдсэн” гэв.
“НИЙТ АЖИЛТАН ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛЭЭ ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БАЙЛГАЖ ЧАДВАЛ ЦАЛИН НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ”
Үүнтэй холбогдуулан “Тэргүүн Адвокэйтс” хуулийн фирмийн хуульчид мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай хуулийн фирм Б.Ононхангайн төрийн бус байгууллагатай гэрээ байгуулсан. Тиймээс өөрт нь эрх олгогдсон ажилчдын эрх ашгийг хамгаалах үүднээс үйл ажиллагаа явуулсан.
“Хасу Мегаватт” ХХК, “Даян контракт майнинг” ХХК, “Рэдпаф” ХХК зэрэг байгууллагуудад хүсэлт өгсөн. Ажилтан өөрөө цалин хөлсөө нэмэх шаардлагыг хуулийн дагуу гаргахад хариу өгөөгүй.
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эвлэрлийн хэлэлцээр хийх гэсэн боловч дээрх байгууллагууд нь хуралдаа ирдэггүй. Хууль зүйн хувьд нийт ажилтан эвлэлдэн нэгдэж үйлдвэрчний эвлэлээ зөв зохион байгуулалттай байлгаж чадвал цалин нэмэгдэх боломжтой” гэв.
“ОЮУТОЛГОЙ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИТАЙГАА ЯМАР ГЭРЭЭ БАЙГУУЛДАГ НЬ МАШ НУУЦ. ЭНЭ НУУЦЫН ХҮРЭЭНД ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГ ЯВЖ БАЙНА”
Хуулийн зөвлөхийн мэдээллийн дараа Геологи, уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбоо НҮТББ-ын тэргүүн Б.Ононхангай үргэлжлүүлэн ярив.
Тэрбээр “Би Оюутолгой төсөлд гурван жил ажиллаж байсан. “Оюу Толгой” ХХК гэрээлэгч компаниудыг дураараа байх нөхцөл байдлыг бүрдүүлчихдэг. Тэд саяхан удирдамждаа “Та бүгд Оюутолгойн тусгал. Олон нийтийн сүлжээнд тавьж буй зүйлүүд Оюутолгойн толь. Юу бичихээ та нар бодоорой. Манай компанийн IT инженер юу бичихийг чинь харж байгаа шүү, анхаарна уу” гэсэн байсан.
Тэд гүйцэтгэгч компанитайгаа ямар гэрээ байгуулдаг нь маш нууц. Энэ нууцын хүрээнд хөдөлмөрийн мөлжлөг явж байна. Тиймээс цалингийн хэмжээг нийтэд ил болгомоор байна. Мөн тендерийн шалгаруулалт шударга явдаггүй.
Туркийн “Энка глобал констракшн” ХХК нь монголын компанитай хамтрахгүйгээр Оюутолгой төсөлд орж ирсэн. Энэ компани орж ирэхдээ олон улсын жишиг цалинтай байсан.
Гэтэл төслийн удирдагч “Оюу Толгой” ХХК-аас ийм өндөр цалинтай байж болохгүй хэмээн багасгасан талаар надад эх сурвалж ярьсан. “Оюу Толгой” ХХК тэр цэнхэр хашаан дотор дураараа хууль зөрчиж байна” хэмээн ярилаа.