“Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаар мэдээлэл өгөх уулзалт Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт өнөөдөр зохион байгуулагдлаа.
Тодруулбал 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулийн зарим шинэчлэлийг холбогдох албаныхан танилцуулсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ)-ийн хамгийн том хэсэг нь тэтгэврийн шимтгэл байдаг.
Шинэ зохицуулалтаар энэхүү шимтгэлийн 17 хувиас хоёр хувийг мөнгөжүүлэхээр болсон. Үүнийг ипотек, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд ашигладаг болох боломжийг Нийгмийн даатгалын багц хуулиар нээж өгсөн.
Тухайлбал 20 жил НДШ төлчхөөд ипотект хамрагдаж чадаагүй, байрны урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй явсаар тэтгэвэрт гарч буй олон хүн Монголд бий.
“НДШ төлөх нь Солонгосын визэд ороход л хэрэгтэй юм шиг байна” гэж хүмүүс хэлж байна. Тэгвэл таны төлж буй нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн шимтгэлээс хоёр хувийг нь мөнгөжүүлье.
Цаашлаад мөнгөжүүлсэн шимтгэлээсээ та эрүүл мэнд, боловсрол, ипотект нэн тэргүүнд ашиглах хууль эрх зүйн орчныг бий болгож байна.
Манай яамнаас Хуримтлалын сангийн хуулийг боловсруулаад байгаа. Үүнийг Баялгийн сангийн хуультай хамт өргөн барьж, батлуулснаар ипотект ашиглах боломж бололцоог бий болгох гэж байна” гэлээ.
“Бэлэн мөнгийг тухайн хүний дансанд хадгалж, хуримтлуулаад цааш өсгөн арвижуулна”
ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд шинэ зохицуулалтууд оруулж ирсэн.
Шинэ хууль батлагдсанаар 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, хагас хуримтлалын тогтолцоо руу шилжиж байна. Өнөөдөр таны төлж байгаа шимтгэлийн тодорхой хувийг бэлэн мөнгө болгож хадгална гэсэн үг.
Харин бүрэн хуримтлалын тогтолцоо гэдэг нь өнөөдөр таны төлсөн шимтгэлийг цаашдаа тэтгэвэр авагчийн тэтгэвэрт олгохгүй, бүрэн хуримтлуулж бэлэн мөнгө хэлбэрээр хадгалуулахыг хэлж байгаа юм.
Тэгвэл өнөөдрөөс хагас хуримтлалын тогтолцоо руу шилжиж байгаа.
Ингэхийн тулд
- ажил олгогчийн төлж байгаа нэг хувь
- даатгуулагчийн төлж байгаа нэг хувь
Нийт хоёр хувийг бэлэн мөнгө хэлбэрээр хадгалах юм. Энэхүү бэлэн мөнгийг тухайн хүний дансанд хадгалж, хуримтлуулаад цааш өсгөн арвижуулна.
Хуримтлуулж буй хоёр хувиа боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлд зарцуулж болох эрх зүйн зохицуулалтыг нээж өгч байна” хэмээв.