Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн 650 гаруй ажилтан, албан хаагчид цалин урамшууллаа авч чадахгүй байгаа талаарх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Энэ асуудлын хүрээнд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс тодрууллаа.
-Үндэсний телевиз ажилчдынхаа цалин урамшууллыг тогтсон цагт нь өгч чадахгүй байгаа талаарх мэдээлэл үнэн үү?
-Товч хариулахад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс А.Бүрэнбаатарын ажил үүргийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан. Түүний оронд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Гомбожавыг томилсон байдаг.
Гэвч А.Бүрэнбаатар нь тамга тэмдгээ өгөхгүй хууль бус үйлдэл гаргаснаар хамт олны дунд буруу ойлголт төрүүлж, асуудлыг өрдөөд байгаа.
- Нэгдүгээрт байгууллага хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.
- Хоёрдугаарт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хууль журмынхаа дагуу олонхын саналаар А.Бүрэнбаатарыг ажлаас нь огцруулсан.
-Тухайн тамга тэмдгийг дарж байж ажилчдын цалин урамшууллыг нь олгодог юм уу?
-Захирлын үүргийг шинээр түр орлон гүйцэтгэгч гарын үсгээ Сангийн Яаманд баталгаажуулах ёстой. Ингэснээр цалин мөнгө олгоход гарын үсэг зурах эрхээ үүсгэнэ шүү дээ.
-Одоогоор МҮОНРТ хэчнээн ажилтантай вэ?
–Ерөнхий орон тоо бүтцээр 800 орчим ажилтантай.
А.Бүрэнбаатар гарын үсгийнхээ эрхийг шилжүүлэхгүй, тамга тэмдгээ өгөхгүйгээс цалин мөнгөний гүйлгээний асуудал зогссон. Цалин мөнгө тавигдахгүй хүнд байгаа учраас хамт олны дотор хэл яриа гарах нь аргагүй. Энэ бол зүй ёсны шаардлага.
-Энэ асуудал хэзээнээс үүссэн, хэдэн сар цалинг нь тавихгүй байгаа вэ?
-Энэ сарын сүүлийн цалин.
-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд энэ чиглэлд арга хэмжээ авахаар ажиллаж байгаа юу?
-Бүх зүйл тодорхой. Хурлын шийдвэр гараад оронд нь шинэ хүнийг түр томилсон, холбогдох тогтоол нь гарсан. А.Бүрэнбаатарын хувьд ажил төрлөө хүлээлгэж өгөөд явах ёстой.
Энэ хүн хариуцаж байсан ажлаа үүрэг гүйцэтгэгчдээ шилжүүлбэл өнөө, маргаашгүй ажилчдын цалин тавигдах болсон.
-Энэ асуудлаар А.Бүрэнбаатартай холбогдсон уу?
-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд 15 хүн байдаг. Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор түүнтэй уулзаж, ажил төрлөө хүлээлгэж өгөхийг шаардсан байх.