Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр нийслэлд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл өссөнийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд хэллээ.
Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногт 15,549 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 227 нэгжээр буурсан үзүүлэлт. Тодруулбал
- Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 13
- Зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 176
- Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 23 нэгжээр тус бүр өссөн.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар архины хамааралтай, биеэ авч явах чадваргүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж ухаангүй гудамжинд унасан, орон гэргүй тэнэмэл 214 иргэнийг “Дөлгөөн минж”, “Шинэ амьдрал ялагч”, “Тэрэм-Уул”, “Нийгмийн хамгааллын тусгай төв” зэрэг долоон төрийн бус байгууллагад хүргэсэн.
Сүүлийн 14 хоногт 47 хүнийг дээрх төрийн бус байгууллагуудад, 225 иргэнийг яаралтай тусламжийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвд, 63 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан” гэдгийг хэллээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс