УБТЗ-ын Захиран хуваарилах хэлтсийн орлогч дарга Б.Батмэнд нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “УБТЗ ХНН ОХУ, БНХАУ-аас ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь түргэн шуурхай тээвэрлэх дээр онцгой анхааран ажиллаж байна. Арванхоёрдугаар сар эхлээд ОХУ-аас нийт УБТЗ 971 вагон буюу хоног тутам 80-90 вагон нефтийн бүтээгдэхүүн оруулж ирж байна. Үүнээс АИ92 бензин 273 вагон, дизелийн түлш 632 вагон импортоор орж ирсэн.
Өчигдөр 22:10 минутад ОХУ-аас нийтдээ 28 вагон нефтийн бүтээгдэхүүн орж ирсэн, дизелийн түлш 11 вагон, үлдсэн нь АИ92 байна. Энэ галт тэрэг Сүхбаатар өртөөнөөс 5:30 минутад гараад Зүүн хараа өртөөнд орж ирсэн. Энд зүтгүүрийн бригад солигдон 10:52 минутад хөдөлсөн. Одоогийн байдлаар Мандал өртөөгөөр суудлын 271-р галт тэрэгтэй зөрлөг хийж байна.
Толгойтын өртөөнд 15:30 минутад ирж, техникийн үзлэг хийгээд буулгалтынхаа салбар замууддаа өнөө шөнөдөө тавигдана. ОХУ-аас орж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнийг гаалийн бүрдүүлэлт хийгээд сэлгээ маневрийн ажил хүрэх өртөөгөөр нь найруулаад хүрэх өртөөнд нь 18 цагт багтааж ирүүлэх ажлыг УБТЗ шуурхай зохион байгуулж ажиллаж байна.
БНХАУ-аас арванхоёрдугаар сард 30,000 тонн дизелийн түлш нарийн царигаар хүлээн авч шилжүүлэн ачилт хийж, хүрэх өртөө рүү нь явуулах ажлыг зохион байгуулж байна. Арванхоёрдугаар сарын 5-ны өдөр эхний 44 вагон Шунхлай компани оруулж ирсэн. Арванхоёрдугаар сарын 8-нд НИК ХК 45 вагон оруулж ирсэн. Гурав дахь цуваа буюу Шунхлай компанийн 46 вагоныг өнөөдөр орой 22 цагт Эрээн өртөөнөөс Замын-Үүд өртөөний нарийн царигаар оруулж ирэхээр төлөвлөн ажиллаж байна. Нийт 545 вагоноос 136-г нь өнөөдрийн байдлаар хүлээн авч ажиллаж байна.” хэмээн мэдээллээ.