Турк улсад зохион байгуулагдсан И-спортын PUBGM тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-нд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “IHC esports”, “Stalwart esports”, “4Merical vibes” баг томоохон амжилт үзүүлээд буй. Тодруулбал,
- “IHC esports” баг PUBGM тоглоомын ДАШТ-ий “Grand final”-д түрүүлж, нийт $453,500-ын шагнал
- “Stalwart esports” баг хоёрдугаар байр эзэлж, $263,000
- “4Merical vibes” баг дөрөвдүгээр байр эзэлж, $144,000-ын шагнал тус тус хүртсэн.
Тэгвэл энэхүү шагналаас Монгол Улс хэдэн хувийн татвар авахаар хуульчилсан байдаг вэ?
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1-д зааснаар урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгийн 5 хувиар татвар төлнө гэж заажээ. Мөн холбогдох төсөвт шилжүүлэхээр хуульчилсан байна.
Тухайн шагнал авч байгаа улстай манай улс давхар татварын гэрээтэй бол давхардуулан татвар ногдуулахгүй байх зохицуулалттай аж.
Монгол Улстай давхар татварын гэрээтэй улсуудын жагсаалтад Турк улс багтаж байна.
Давхар татварын гэрээ буюу Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай Монгол Улс нь гадаад улстай байгуулсан хэлэлцээр юм.