Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-гээр сурагчдын математик, байгалийн ухааны хичээлийн мэдлэг, унших чадвараас гадна нийгмийн олон үзүүлэлтийг хэмжиж гаргадаг.
Тухайлбал сурагчдын амьдралын сэтгэл ханамжийг тодорхойлдог байна. 2022 онд 81 улс үнэлгээнд хамрагдахад сурагчдын амьдралын сэтгэл ханамжийн дундаж үзүүлэлт 6.7 байв. Азийн дундаж нь 7 байгаа бол Монгол Улсынх 7.2 гарчээ. Өөрөөр хэлбэл 15 настай монгол хүүхдүүдийн амьдралын сэтгэл ханамж нь олон улсын дунджаас дээгүүрт үнэлэгдэв.
Харин Камбож, Узбекистан, Казахстан улсын 15 настнууд манайхаас илүү сэтгэл ханамжтай байна гэж үнэлгээгээр тодорхойлогдсон байна.
Монгол хүүхдүүдийн сэтгэл ханамжид ямар үзүүлэлт нөлөөлж байгааг Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөгжлийн Байгууллага(OECD)-аас лавшруулан судалж байгаа аж.
2022 оны судалгааг эхлүүлэхийн өмнө “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгосон нь энэхүү үр дүн нөлөөлсөн байж болно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр PISA-гийн үр дүнг танилцуулах үеэрээ дурдаж байв. Мөн цар тахлын дараагаар сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулдаг болсон, үе тэнгийн дээрэлхэлт байгаа тухай шүгэл үлээсэн, орон нутгийн сургуулиудын модон жорлонг халсан зэрэг нь сурагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлсэн байхыг үгүйсгэхгүй гэдгийг хэлсэн юм.