Нийслэлийн түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны шийдвэр, автобусны тендер зарлах ажлын талаар тус хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ тухай “Нийтийн тээвэр хомсдолтой байгаа асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Улаанбаатар хотын худалдан авах ажиллагааны газраас зарласан автобусны тендер амжилттай явагдсан.
Энэ долоо хоногт шүүхийн байгууллага, Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас гомдол, санал гаргахгүй бол баталгаажих юм.
Өөрөөр хэлбэл арванхоёрдугаар сарын 11-ний өдөр тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулаад автобус нийлүүлэх ажил эхэлнэ” гэдгийг Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ярилаа.
Авто замын түгжрэлийг бууруулах шийдлийн талаар тэрбээр үргэлжлүүлэн дараах мэдээллийг хэлсэн юм.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт түгжрэлийг бууруулж, асуудлыг шийдвэрлэх зорилгоор эрдэмтэн мэргэжилтнүүд болон төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл ээлжит тавдугаар хурлыг зохион байгуулсан.
Үндэсний хороонд багтдаг 40 гаруй байгууллагын гишүүд оролцлоо. Энэхүү хурлаар
- Улаанбаатарын түгжрэлийг бууруулах ойрын гол зорилго
- Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Авто машины хэрэглээг зүй зохистой зохицуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн.
Тодруулбал түгжрэлийг бууруулах ойрын гол зорилго нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашины хэрэглээг зүй зохистой зохицуулах явдал хэмээн харж байгаа.
Бид Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон түүний харьяа агентлагууд болох Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн газартай хамтран ажиллаж байгаа” хэмээв.
Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрчээ. Үүнийг тодруулбал:
Энэ хүрээнд Үндэсний хорооны дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулж байгаа. Тус зөвлөл нь түгжрэлтэй холбоотой ажлыг гардан явуулах бөгөөд мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудыг оролцуулан Ажлын албаны даргаар ахлуулж байгаа.
Олон нийтийн зүгээс хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах үүднээс чиг үүрэг бүхий орон тооны Иргэний хяналтын зөвлөлийг Үндэсний хорооны дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн. Эдгээр арга хэмжээг бид ойрын хугацаанд авч, ажиллуулна гэж бодож байгааг тэрбээр нэмж хэллээ.